Search

2023 оны түймрийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2106

Ерөнхий агуулга

“Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрээс цагаан зээр сүргээрээ зугтаад улсын хилийн торонд тулж, амьдаараа шатаж буй энэхүү бичлэгийг Хятадын WeChat болон бусад сошиал мэдээллийн сувгаар нийтлээд байна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2023 онд болсон түймрийн үеийн бичлэгийг “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. 2026 оны 10 дугаар сарын 08-нд Нөмрөгийн дархан цаазат газрыг хамарсан гал түймрийг 2026 оны 10 дугаар сарын 16-нд бүрэн унтраасан бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар 24-нд MOJO TV Mongolia нэртэй хуудаснаас “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрээс цагаан зээр сүргээрээ зугтаад улсын хилийн торонд тулж, амьдаараа шатаж буй энэхүү бичлэгийг Хятадын WeChat болон бусад сошиал мэдээллийн сувгаар нийтлээд байна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 110 реакц, 30 сэтгэгдлээр идэвхжүүлж, 137 удаа цааш түгээжээ.

Цагаан зээрийн сүрэг галаас зугтаж буй бичлэг нь 2023 онд болсон хээрийн түймрийн бичлэг байна.

Бид түгээсэн бичлэгийн хэсгээс тасдаж, Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад 2023 оны 4 дүгээр сарын 11-нд Isee.mn мэдээллийн сайтад мэдээлснээр уг бичлэг нь “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар” 2023 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр гарсан түймрийн үеийн бичлэг байна.

2026 оны 10 дугаар сарын 08-нд Нөмрөгийн дархан цаазат газрыг хамарсан гал түймрийг 10 дугаар сарын 16-нд бүрэн унтраасан

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” нэртэй газар, улсын хилээс 45 км зайд 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хээрийн түймэр гарч, Нөмрөгийн дархан цаазат газрыг хамран тархсан талаар Хил хамгаалах байгууллага мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд, “…хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн (5 автомашин)-д 2026 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон” гэжээ.

Нөмрөгийн дархан цаазат газрыг хамарсан хээрийн түймрийн үеэр зарим зэрлэг амьтад Хятадын нутаг дэвсгэр рүү хил давсан

Хятадын Xinhua News мэдээллийн агентлагийн мэдээлснээр “Монгол Улсын зүүн хэсгээр хээрийн түймэр газар авч, Хятадын хил рүү дөхөх үеэр зарим зэрлэг амьтад Хятадын нутаг дэвсгэр рүү хил давжээ. Хятадын Өвөр Монголын гал сөнөөгчид тэдгээр амьтдыг, түймрийн бүсээс аюулгүй гаргахад нь тусалж чиглүүлсэн байна” гэжээ.

2026 оны 10 дугаар сарын 26-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд холбогдох байгууллагуудтай хуралдаж тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг гарган, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион баайгуулахаар болсон байна.

Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очир “Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй газарт байгалийн амьтдын төвлөрөл нэмэгдэж байгааг хээрийн ажлын хэсэг тогтоосон байна. Иймд тус газарт амьтдад өвлийн ширүүн нөхцөлд тэсэж үлдэхэд биотехникийн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэл өглөө” хэмээн мэдээлжээ.

Японы FNN.jp мэдээллийн сайтад Монголын хээр талд гарсан түймэрт өртсөн нийт талбай нь Токио хотын газар нутгаас 2.4 дахин их байгааг онцолжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Мобиком Корпорацийн толгой компани болох KDDI компани мэдэгдэл гаргаж, Монгол орны байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тус мэдэгдэлд, “Мобикомын ажилтнууд 2026 оны 10 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Мобикомын байгуулсан харилцаа холбооны сүлжээний нээлтийн ажиллагаанд оролцох, 4G харилцаа холбооны сүлжээний чанар болон бусад үзүүлэлтийг газар дээр нь шалгаж баталгаажуулах зорилгоор нийт 7 ажилтан явж байсан. Тухайн үед хамт явж байсан ганц япон хүн нь Мобикомын Гүйцэтгэх захирал (CEO) Очи байсан” гэжээ. Түүнчлэн “түймрийн улмаас байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг маш ноцтойгоор хүлээн авч, хохирол амссан байгаль орчны нөхцөл байдлыг тогтоох, түргэн шуурхай нөхөн сэргээх болон орон нутгийн байгаль хамгааллын чиглэлээрх ажлуудыг Мобиком болон холбогдох байгууллагуудтай хамтран идэвхтэй хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, 2023 онд болсон түймрийн үеийн бичлэгийг “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. 2026 оны 10 дугаар сарын 08-нд Нөмрөгийн дархан цаазат газрыг хамарсан гал түймрийг 2026 оны 10 дугаар сарын 16-нд бүрэн унтраасан бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрээс цагаан зээр сүргээрээ зугтаад улсын хилийн торонд тулж, амьдаараа шатаж буй энэхүү бичлэгийг Хятадын WeChat болон бусад сошиал мэдээллийн сувгаар нийтлээд байна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document