2026 оны 10 дугаар 08-нд АМАР – Дэлгүүр нэртэй хуудаснаас бамбайн булчирхайн наалт гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 380 реакц, 204 сэтгэгдлээр идэвхжүүлж, 318 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хүний бамбай булчирхай нь эрвээхэй хэлбэртэй хүзүүний урд хэсэгт байрладаг булчирхай бөгөөд хүний биеийн үйл ажиллагаанд шаардлагатай дааврыг ялгаруулдаг. Бамбай булчирхайн эрүүл мэнд нь метаболизм цаашлаад зүрхний үйл ажиллагаа, биеийн жин, хоол боловсруулах үйл ажиллагаа зэрэгт чухал нөлөөтэй байдаг байна.
Бамбай булчирхай нь тироксин (T4) хэмээх дааврыг голдуу ялгаруулдаг ба бага хэмжээгээр триодотиронин (T3) дааврыг ялгаруулдаг байна. АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайт дахь бамбай булчирхайн талаарх мэдээлэлд тайлбарласнаар бамбай булчирхайн өвчлөл нь үндсэн хоёр төрөлд хуваагддаг. Хэрвээ булчирхай нь,
- хэтэрхий их даавар ялгаруулах (hyperthyroidism), эсвэл
- хангалттай хэмжээний даавар ялгаруулж чадахгүй (hypothyroidism) байх буюу зохистой хэмжээний даавар ялгаруулж чадахгүй байх нь эрүүл мэндийн асуудлууд үүсгэх эрсдэлтэй байдаг байна.
Бамбай булчирхайн өвчнийг наалтаар эмчлэх батлагдсан эмчилгээний арга одоогоор байхгүй
Бамбайн булчирхай томорсон үед нарийн шинжилгээ хийлгэж, эмчийн заавар, зөвлөгөөний дагуу дараах үндсэн эмчилгээг хийдэг. Тухайлбал, дааврын хэмжээ ихэссэн үед дааврын нийлэгжилтийг бууруулах, шинж тэмдгийг хянах эм, радио идэвхт йодын эмчилгээ эсвэл мэс заслын эмчилгээ хийдэг талаар эрүүл мэндийн Клийвландын клиник сайтад мэдээлжээ. Харин дааврын хэмжээ буурсан үед дутагдаж буй дааврыг нөхөх зорилготой эм бэлдмэл хэрэглэдэг байна. Эдгээр эмчилгээний аргад наалтыг огт дурдаагүй байна.
Сүүлийн үед судлаачид левотироксин (LT4) дааврыг арьсаар дамжуулан биед хүргэх зориулалттай, уусдаг микрозүүтэй наалтыг бүтээж, туршсан байна. Лабораторийн туршилтаар тус микро зүүтэй наалт дааврыг ес хоногийн турш ялгаруулсан бол харханд хийсэн туршилтаар нэг удаагийн хэрэглээний дараа эмчилгээний үр дүнг ойролцоогоор зургаан хоног хадгалжээ. Мөн 13 сайн дурын оролцогчийг хамруулсан урьдчилсан судалгаагаар наалтын арьсанд нэвтрэх чадвар, богино хугацааны аюулгүй байдлыг үнэлсэн талаар Sciencedirect судалгааны санд нийтлэгдсэн “Бамбай булчирхайн дааврын дутмагшлыг эмчлэх зориулалттай, дун хясааны хүчтэй наалдах механизмыг дуурайсан хоёр фаз бүхий микрозүүт наалт” гарчигтай судалгаанд мэдээлжээ.
Гэсэн хэдий ч уг технологийн урт хугацааны аюулгүй байдал, үр нөлөөг бамбай булчирхайн өвчтэй хүмүүст баталгаажуулах нэмэлт судалгаа шаардлагатай бөгөөд одоогоор үүнийг батлагдсан эмчилгээ гэж үзэх боломжгүй юм.
Шалгасан мэдээлэлд сурталчилж буй бамбайн булчирхайн наалтны үр дүн, аюулгүй байдлыг нотолсон судалгаа илэрсэнгүй. Тиймээс шинжлэх ухааны судалгаа дутмаг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөгөө авч, өөрт тохирсон эмчилгээг хийлгэх нь зүйтэй юм.
Дүгнэлт
АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн нь ямар ч судалгаа, баталгаагүйгээр аливаа өвчнийг хурдан хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилдаг тухайн анхааруулжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч мөнгө санхүүгээрээ хохирох, өвчнийг даамжруулж, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авалгүй, хүндрүүлэх эрсдэлтэй.
Дүгнээд хэлбэл, бамбай булчирхайн аливаа өвчнийг наалтаар эмчлэх батлагдсан арга одоогоор байхгүй. Судлаачид дааврыг арьсаар дамжуулан биед хүргэх зориулалттай, уусдаг микрозүүтэй наалтыг судалж байгаа ч урт хугацааны аюулгүй байдал, үр нөлөөг бамбай булчирхайн өвчтэй хүмүүст баталгаажуулах нэмэлт судалгаа шаардлагатай байна.


