2026 оны 10 дугаар сарын 09-нд Hamu Sharnuud Facebook хаягаас “Баавгай ирлээ” гэх хотын гудамжаар явж буй баавгайтай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэгийг 1.7 мянган реакц, 127 сэтгэгдлээр идэвхжүүлж, 174 удаа цааш түгээжээ. Тайлбарын дутуу мэдээллээс үүдэн олон нийтэд ташаа ойлголт төрүүлж, айдаст автуулж байгаа тул бодит мэдээлэл хэрхэн олж авах аргыг хүргэж байна.
FACTCHECK:
Зургаар шалгах

Шалгасан бичлэгийг Google lens хэрэглүүр ашиглан хайхад Tiktok сүлжээнд 美國之陰 хаягаас 2026 оны 08 дугаар сарын 17-нд нийтэлсэн бичлэг илэрсэн. Бичлэгт гудамжинд явж буй баавгай машины завсраар гарч, цааш гүйж байгааг дүрсэлсэн байна. Бичлэгийн тайлбар хэсэгт “Баавгай гарч ирлээ! Жинхэнэ баавгай шүү! Гудамжаар дүүрэн баавгай явж байна. Ийм газар амьдрах чинь үнэхээр адал явдалтай юм аа” гэж тайлбарлаж, “Төвдийн хүрэн баавгай“, “Төвдөд машинаар аялах“ гэсэн таг оруулжээ.
Бичлэгт гарсан орчныг шалгахад энэ үйл явдал Монгол улсад болоогүйг илтгэх шинж дараах тэмдгүүд илэрсэн.
Баавгай явж буй хэсгийн хойд талд 九九九超市 (999 супермаркет) гэсэн хятад ханз болон төвд бичиг харагдаж байна.

Шалгасан бичлэгт илэрсэн машины дугаар Doyin, V.qq.com сайтын бичлэгт дүрсэлсэн машины дугаарын өнгө, бичигдсэн хэв маягтай нийцэж байсан. Энэ нь шалгасан бичлэгт гарсан машин Хятад улсын нутаг дэвсгэрт байна гэсэн үг юм.

Шалгасан бичлэгтэй төс бүхий байшингийн үзэмж, машины дүрслэлтэй баавгайтай бичлэгийг Chongqing City TV news гэх хаяг News.qq.com сайтад түгээж, “Төвдийн гудамжинд хүрэн баавгай гарч ирэхэд хоёр нохой хөөхийг оролдов” гэж тайлбарлажээ.

Дүгнэлт
Бичлэгт харагдаж буй дүрслэлийг ашиглан бодит үйл явдал, мэдээлэл олох арга хүргэлээ. Шалгасан бичлэгээс илэрсэн Хятад ханз болон Төвөд үсгээр бичсэн дэлгүүрийн хаяг, Хятад машины дугаар нь Монгол улсын бүс нутагт өрнөсөн үйл явдал биш гэдгийг илтгэж байна.


