Search

4-8 настай хүүхдэд ХПВ-ын эсрэг вакцин хийх санал нь ДЭМБ-ын эцсийн шийдвэр биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2103

Ерөнхий агуулга

“ДЭМБ-ийн Вакцины зөвлөх хорооноос HPV вакцинд 4-8 насны охидыг хамруулах саналд ДЭМБ дэмжлээ“ гэх мэдээлэл түгээжээ.  

Баримт шалгалтын үр дүн

Хурлын үеэр гарсан саналыг “ДЭМБ дэмжсэн, хэрэгжүүлнэ” гэх агуулгаар хүргэжээ. ДЭМБ-ын дархлаажуулалтын бүлгийн 2026 оны 10-р сарын 05-08 өдрийн хуралдаанаар 9-14 насны охидыг ХПВ-ын эсрэг вакцины 1 тунд хамруулах нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлааг тогтоох хамгийн үр дүнтэй арга гэж шийдвэрлэсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 18-нд Batchuluun Natsagdorj Facebook хаягаас пост түгээжээ. Уг постод мэдээний гарчгийн зураг хавсаргаж, “Нөгөө ДЭМБ-ын “Вакцины зөвлөх хороо” гэгчээс HPV буюу хүний хөхөнцөр вирусийн вакцины хамрагдалт дэлхий даяар 33%-тай буюу хангалтгүй хэмжээнд байна, 90%-тай болгох хэрэгтэй гэнэ. Үүний тулд 9-14 настай болон 15-20 насны охидуудаас гадна нэмээд 4-8 насны охидыг хамруулдаг болгоё гэдэг санал гаргаж ДЭМБ дэмжлээ гэжээ. Вакцин үйлдвэрлэгчдийг мөнгөтэй болгочих гээд ДЭМБ-д байх гар хөлүүд нь худал зөвлөмж, заавар гаргаад…” гэж тайлбарласан байна. Тухайн постыг 487 реакц, 77 сэтгэгдлээр идэвхжүүлж, 427 удаа цааш түгээжээ.  

Энэхүү хаягаас түгээсэн худал болон төөрөгдүүлсэн мэдээллийг бид удаа дараа баримтаар шалгаж байсныг энд, энд, энд, эндээс унших боломжтой. 

Мэдээний агуулгыг өөрчилж тараасан байна.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан мэдээний гарчгийг түлхүүр үг болгож хайхад Medical Xpress гэх сайт илэрлээ. Уг сайтын мэдээлснээр ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөх шинжээчдийн бүлгийн (SAGE) суудлын гишүүн Антони Скотт “Умайн хүзүүний эсрэг HPV вакцины хүрээг тэлэхийн тулд 4-8 настай охидыг хамруулах боломжтой юм” гэж саналаа хэлсэн аж. Үргэлжлүүлэн умайн хүзүүний хорт хавдар Өмнөд Африк, Өмнөд болон Төв Америкийн 26 улсын эмэгтэйчүүдийн нас баралтын хамгийн том шалтгаан болж байгааг дурдсан байна. Уг мэдээлэлд тухайн саналыг “ДЭМБ дэмжсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж дурдаагүй.

Хурлын талаарх мэдээлэл

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөх шинжээчдийн бүлгийн (SAGE) хурлын тэмдэглэлийг шалгахад дараах үр дүн илэрлээ.  

ДЭМБ-ын SAGE нь 2026 оны 10 дугаар сарын 05-08 өдөр дэлхийн улс орнуудын вакцинжуулалтын явц, үр дүн, судалгааны баримт дээр тулгуурлан анхаарал хандуулах шаардлагатай асуудал, зөвлөмж боловсруулах талаар хэлэлцсэн байна. Хурлын 4 дүгээр хэсэгт Хүний папиллома вирусын (ХПВ) сэдвээр хэлэлцсэнийг товчилбол: 

  • ХПВ-ын эсрэг вакцины 1 тунд 9-14 насны охидыг хамруулах нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаа суулгах хамгийн үр дүнтэй арга юм.  
  • 4-8 насны охидыг вакцинд хамруулснаар вакцинжуулалтын хүрээ, үр дүнг нэмэгдүүлэх боломжтой гэж үзвэл улсууд энэхүү асуудлыг бодолцож болох юм. 
  • ХПВ-ын эсрэг вакцины хамрах хүрээг тэлэх магадлалтай. (25-30 хүртэлх насны эмэгтэйчүүд нөхөн, 20 хүртэх насны эрэгтэйчүүд нөхөн, 9-14 насны хөвгүүдийг нэмж хамруулах гэх мэт) 
  • ХДХВ/ДОХ-той боловч өвчин нь эмнэлгийн хяналтад байгаа хүмүүст хоёр тун, харин дархлаа нь хүнд хэлбэрээр дарангуйлагдсан хүмүүст гурван тун вакцинд хамрагдах хэрэгтэй гэх талаар хэлэлцсэн байна. 

4-8 настай охидыг вакцинд хамруулах санал гаргасан Антони Скотт нь Wellcome Trust-ийн Клиникийн шинжлэх ухааны ахлах судлаач, Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургууль (LSHTM)-ийн Халдварт өвчний тархвар судлалын тэнхимд вакцин судлалын профессороор ажилладаг клиникын эмч, судлаач юм. Түүний хурлын үеэр дурдсан саналыг одоогийн байдлаар цааш зөвлөлдөөгүй байна.

Хурлын үр дүнд шинэчилсэн баримт, судалгааны үндсэн дээр 9-14 насны охидыг ХПВ-ын эсрэг вакцины 1 тунд хамруулах нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаа тогтоох хамгийн үр дүнтэй арга гэж үзэж, зөвлөжээ. Гэтэл шалгасан мэдээлэл ДЭМБ 4-8 насны охидод вакцин хийхийг дэмжсэн, эцсийн шийдвэр гаргасан мэт агуулга хүргэсэн байна.

4-8 настай хүүхдүүдэд ХПВ-ын вакцины үзүүлэх нөлөөг судалсан үр дүн

Бага насны хүүхдүүдийг ХПВ-ын эсрэг вакцинд хамруулснаар гарах үр дүнг дараах судалгаанууд туршжээ.

2019 онд Дөрвөөс зургаан настай охидод ХПВ-ын 16/18 хэв шинжийн эсрэг вакцины дархлаа үүсгэх чадвар болон аюулгүй байдлын урт хугацааны үнэлгээгээр 4–6 настай охидод ХПВ-ын эсрэг вакциныг 2 тун хийхэд аюулгүй байдлын үзүүлэлт хүлээн зөвшөөрөхүйц хэмээн дүгнэсэн байна. Туршилтад Колумб, Мексик, Панамын 7 төвд 4-6 насны 148 охидыг хамруулж, 36 сарын турш ажиглажээ. Оролцогчдыг вакцины 1 болон 2 тунд хамруулахаар бүлэг тус бүр 74 оролцогчтой байхаар хувааж, биеийн байдлыг 7 хоног бүр ажигласан аж. Туршилтын үр дүнд бүх охидын дархлааны түвшин вакцин хийсний дараах 36 сард өндөр байсныг илрүүлжээ.

Бостоны их сургууль 4-8 настай хүүхдүүдэд ХПВ-ын эсрэг вакцины үзүүлэх үр нөлөө, үр дүнгийн талаар клиник туршилт хийж байна. Туршилтад 4-8 насны 150 хүүхдэд вакцин хийсний дараа 4 жилийн турш бие махбодын байдал, ХПВ-ын эсрэг дархлааны өөрчлөлтийг ажиглах зорилготой юм. Үр дүнг эхний байдлаар 2028 онд гаргахаар төлөвлөжээ.

ХПВ-ын эсрэг вакциныг 4–8 настай хүүхдэд хийх клиник туршилтын хүрээнд бага насны хүүхдийн вакцинжуулалтын талаар эцэг эх, хүүхэд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн туршлагыг судлах нь хэмээх судалгаанд эцэг эх 4-8 насны хүүхдээ ХПВ-ын эсрэг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн үр дүн гарсан. Судалгаанд 100 хүүхдийн эцэг эхээс хүн ам зүйн болон вакцины мэдлэг, мэдээллийг авч, боловсруулсан аж. Эцэг эхчүүд хүүхэд эрсдэлтэй өвчин эмгэгт өртөх магадлалтайг мэдэж байсан бөгөөд урт хугацааны эрүүл мэнд нь вакцинаас шалтгаалсан түр зуурын эрсдэлээс чухал гэсэн байна.

Үүнээс үзвэл ХПВ-ын эсрэг вакцин бага насны хүүхдэд хийх шийдвэр гарах хэмжээний олон судалгаа, туршилтын үр дүн гараагүй байгаа аж.

Дүгнэлт 

Хурлын үеэр гарсан саналыг “ДЭМБ дэмжсэн, хэрэгжүүлнэ” гэх агуулгаар хүргэжээ. ДЭМБ-ын дархлаажуулалтын бүлгийн 2026 оны 10-р сарын 05-08 өдрийн хуралдаанаар 9-14 насны охидыг ХПВ-ын эсрэг вакцины 1 тунд хамруулах нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлааг тогтоох хамгийн үр дүнтэй арга гэж шийдвэрлэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“ДЭМБ-ийн Вакцины зөвлөх хорооноос HPV вакцинд 4-8 насны охидыг хамруулах саналд ДЭМБ дэмжлээ“ гэх мэдээлэл түгээжээ.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document