Search

“Цөмийн хог хаягдал булшлах гэрээ байгуулсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2102

Ерөнхий агуулга

“Францтай уран олборлох гэрээ байгуулаагүй цөмийн хог хаягдал булшлах гэрээг цуг байгуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ…” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Францтай уран олборлох гэрээ байгуулаагүй цөмийн хог хаягдал булшлах гэрээг цуг байгуулсан” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Уран олборлолтын явцад шугам хоолой, шүүлтүүр, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг маш бага цацраг идэвхт хог хаягдал гарна. Эдгээр хог хаягдлыг газрын гүнд булшлаад орхих бус 1.5-2 метрийн гүнд байгууламж бариад байнгын хяналттай байршуулж хадгална. Мөн ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд цөмийн хаягдал булшлах талаар заалт байхгүй бөгөөд Цөмийн энергийн тухай хуулинд “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Мягмаржав Баатархуяг нэртэй Facebook хаягаас “Францтай уран олборлох гэрээ байгуулаагүй цөмийн хог хаягдал булшлах гэрээг цуг байгуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ…” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг бичлэг 2,400 гаруй реакц, 337 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,400 гаруй удаа цааш түгээжээ.

Цөмийн хаягдал нь цацраг идэвхт хаягдлын нэг хэсэг юм.

Бид Цөмийн энергийн комиссоос цацраг идэвхт хаягдал ба цөмийн хаягдлын талаар мэргэжлийн тайлбар хүсэхэд дараах тайлбарыг өглөө. Уг тайлбарт,

  1. “Монгол Улс ямар нэгэн цацраг идэвхт хаягдлыг гаднаас авахгүй”

2. “Ураны уурхайн олборлолт, боловсруулалтаас бага болон маш бага түвшний цацраг идэвхт хаягдал үүсдэг.

  • Цацраг идэвхт хаягдал нь зөвхөн цөмийн цахилгаан станц, цөмийн реактороос үүсдэг хаягдлаар хязгаарлагдахгүй. Тухайлбал, уран олборлох, боловсруулах үйл ажиллагаа, цөмийн түлшний циклийн үйл ажиллагаа, цөмийн цахилгаан станц болон бусад цөмийн реактор, судалгааны реактор, ашигласан цөмийн түлш, түүний дахин боловсруулалт, цацраг идэвхт изотоп үйлдвэрлэл, эмнэлэг, аж үйлдвэрт ашигласан цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр, цөмийн байгууламжийг ашиглалтаас гаргах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас цацраг идэвхт хаягдал үүсч болно. “Цацраг идэвхт хаягдал” нь ерөнхий буюу өргөн хүрээний нэр томьёо юм.
  • Харин “Цөмийн хаягдал” (nuclear waste) гэдэг нэр томьёог практикт цөмийн түлшний цикл болон цөмийн байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор үүссэн цацраг идэвхт хаягдлыг илэрхийлэхэд хэрэглэдэг. Үүнд, цөмийн эрчим хүчний реактор, судалгааны реактор, цөмийн түлш үйлдвэрлэх болон боловсруулах байгууламж, ашигласан цөмийн түлшний менежмент, түлшийг дахин боловсруулах байгууламж болон цөмийн түлшний циклтэй холбоотой бусад байгууламжаас үүссэн хаягдлыг хамруулан ойлгодог” гэжээ.

2002 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас гаргасан “Хүдэр олборлолт, баяжуулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежмент” аюулгүй ажиллагааны зөвлөмжид “Ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ялангуяа уран болон торийн (U, Th) хүдрийн олборлолтоос үүсэх цацраг идэвхт хаягдал нь цөмийн цахилгаан станц, бусад үйлдвэрлэл болон эмнэлгийн байгууллагуудаас гардаг хаягдлаас ялгаатай” хэмээн тайлбарласан байна.

Иймээс уран олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад үүсэх хаягдал нь цацраг идэвхт хаягдалд хамаарна. Цөмийн энергийн комиссын тайлбараар ураны уурхайн олборлолт, боловсруулалтаас бага болон маш бага түвшний цацраг идэвхт хаягдал үүсдэг гэсэн байна.

  • Харин “цөмийн хаягдал” гэдэг нь илүү нарийвчилсан хүрээнд, цөмийн түлшний цикл болон цөмийн байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор үүссэн цацраг идэвхт хаягдлыг нэрлэдэг.

Мөн олон улсын эрх зүйн зохицуулалтаар уран олборлогч улс нь ашигласан цөмийн түлштэй холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээдэггүй. Ашигласан цөмийн түлш нь цахилгаан үйлдвэрлэгч компанийн өмч ба компани бүрэн хариуцдаг. Тухайлбал, 2025 онд Дэлхийн цөмийн холбооны мэдээлснээр “цөмийн түлшний батарейг үйлдвэрлэх түүхий эд болох ураныг олборлогч улс ашигласан цөмийн түлшний хаягдлыг авах ёстой гэсэн олон улсын шаардлага байхгүй” гэжээ.

Уран олборлолтоос гарах маш бага хэмжээний цацраг идэвхт хог хаягдлыг уурхайн талбайд булшлаад орхихгүй 1.5-2 метрийн гүнд барьсан байгууламжид байнгын хяналттай байршуулж хадгална

2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.

Хөрөнгө оруулалтын гэрээний 9.2 Аюултай хог хаягдлын менежментийн хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч компани нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлыг
дахин боловсруулах, устгуулах зорилгоор холбогдох үйлдвэрлэлийн салбарт тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд шилжүүлэн өгч болно. Монгол Улсад тухайн аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах, хадгалах тусгай
зөвшөөрөлтэй этгээд байхгүй тохиолдолд аюултай хог
хаягдлыг дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг Уурхайн талбайд хэрэгжүүлнэ
“
хэмээн тусгасан байна.

Бадрах Энержи компанийн мэдээлснээр, Зөөвч-Овоо төслийн хүрээнд жилд ойролцоогоор 250 гаруй тонн маш бага цацраг идэвхт хог хаягдал үүсэх тооцоотой байна. Уг хог хаягдалд шугам хоолой, шүүлтүүр, лабораторийн материал, хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг багтах юм.

Монгол Улсад ийм төрлийн аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй байгууллага одоогоор байхгүй тул уг хог хаягдлыг газрын гадаргад ойр түвшинд ландфиллийн аргаар хадгалахаар төлөвлөж байгаа талаар тус компаниас бидэнд мэдээлсэн юм.

Өөрөөр хэлбэл, уран олборлолтын явцад шугам хоолой, шүүлтүүр, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг маш бага цацраг идэвхт хог хаягдал гарна. Эдгээр гарсан хог хаягдлыг газрын гүнд булшлаад орхих бус 1.5-2 метрийн гүнд байгууламж бариад байнгын хяналттай байршуулж хадгалах юм.

Дэлхийн цөмийн холбооны сайтад мэдээлснээр одоогийн байдлаар АНУ, Япон, Франц, Испани, зэрэг улсад уг аргыг хэрэгжүүлж байна. Тухайлбал доорх зурагт Испанийн бага болон дунд түвшний цацраг идэвхт хаягдлын булшлах байгууламж харагдаж байна.

Эх сурвалж: world-nuclear-news.org

Цөмийн энергийн тухай хуулинд “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан.

Мөн “Монгол Улс ямар нэгэн цацраг идэвхт хаягдлыг гаднаас авахгүй” хэмээн Цөмийн энергийн комиссын ажлын албанаас бидэнд мэдэгдсэн юм. Цөмийн энергийн тухай хуулийн 4.2-т “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан байдаг.

Эх сурвалж: Цөмийн энергийн тухай хууль

Дүгнээд хэлбэл, “Францтай уран олборлох гэрээ байгуулаагүй цөмийн хог хаягдал булшлах гэрээг цуг байгуулсан” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Уран олборлолтын явцад шугам хоолой, шүүлтүүр, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг маш бага цацраг идэвхт хог хаягдал гарна. Эдгээр хог хаягдлыг газрын гүнд булшлаад орхих бус 1.5-2 метрийн гүнд байгууламж бариад байнгын хяналттай байршуулж хадгална. Мөн ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд цөмийн хаягдал булшлах талаар заалт байхгүй бөгөөд Цөмийн энергийн тухай хуулинд “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж заасан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Францтай уран олборлох гэрээ байгуулаагүй цөмийн хог хаягдал булшлах гэрээг цуг байгуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ…” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document