Search

Эрүүл мэнд, үйлчилгээний баталгаагүй бүтээгдэхүүнийг баталгаатай мэт сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2101

Ерөнхий агуулга

Тураах бүтээгдэхүүн худалдаалж байна гэх пост түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн

Гарал үүсэл тодорхойгүй тураах бэлдмэл борлуулж байна. “Дасгал хөдөлгөөн хийхгүй, дэглэм барихгүй турах” гэдэг нь хуурамч тураах бүтээгдэхүүний сурталчилгаанд ашигладаг түгээмэл хэллэг гэдгийг АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулжээ Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахын өмнө борлуулагчийн мэдээллийг баримт шалгах анхан шатны аргаар нягталж, мөнгө болон эрүүл мэндийн хохирлоос урьдчилан сэргийлээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 15-нд Sadi SlimMongolia Facebook хуудаснаас пост түгээсэн байна. Уг постод “Sadi Slim бүтээгдэхүүн дэлхийн олон оронд худалдаалагдаж байна” гэх тайлбарыг оруулж, линк хавсаргажээ. Тухайн постыг 36 реакц, 1 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1 удаа цааш түгээсэн байна.  

Зургаар шалгах 

Хуудаснаас түгээсэн пост, бичлэгүүдийг шинжлэхэд “Хүнд дасгал хийх шаардлагагүй“, “Хоолны дэглэм хэрэггүй” гэх мэт агуулгыг хүргэсэн.

Шалгасан бүтээгдэхүүний зургийг Google lens хэрэглүүр ашиглан шалгахад Sadislimnewzealand, Sadislimaustralia гэх сайт илэрсэн. Бүтээгдэхүүний үйлчилгээг “Өөхний солилцоог дэмжих, хоол боловсруулалтыг сайжруулах, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих” гэж тайлбарласан байна. Бүтээгдэхүүний орц найрлагыг “ногоон кофены үрийн ханд, лянхуа цэцгийн навчны ханд, хибискусын ханд, ногоон цайны ханд, кали жимсний ханд, пория жимсний ханд, хөрөнгийн ханд” гэж оруулжээ.

Мөн уг бэлдмэлийг Ebay, Lazada гэх мэт худалдааны сайтаар борлуулж байгаа бөгөөд Вьетнамаас гарал үүсэлтэй гэсэн байна.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад илэрсэн үр дүн

Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкэд хандахад зөвхөн доош гүйлгэж мэдээлэл харах боломжтой, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгагүй сайт илэрлээ. Сайтын хямдралын мэдээлэл, худалдан авахыг уриалсан хэсгийг анхаарал татах зорилгоор тавьж, утасны дугаар, нэр болон хаягийн мэдээллийг асууж байгаа нь хувийн мэдээлэлд халдах эрсдэлтэй юм. Сайтын мэдээллийг нягтлахад дараах агуулгыг хүргэж байна: 

  • 100% ургамлын гаралтай найрлага, 
  • Дахин таргалуулахгүй,  
  • Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм шаардлагагүй

АНУ-ын Худалдааны комиссоос гаргасан зөвлөмжид “Дасгал хийхгүйгээр турахыг сурталчилж буй нь хуурамч бүтээгдэхүүний нэг хэв шинж. Энэ төрлийн зарим бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Амьдралын хэв маяг, хоолны дуршлаа өөрчлөхгүйгээр жингээ хасна гэдэг боломжгүй” хэмээн анхааруулжээ. Мөн хуурамч тураах бүтээгдэхүүний сурталчилгааны түгээмэл хэв шинжийн талаар мэдээллийг хүргэсэн. Үүнд:  

  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна, 
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна,
  • Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй,  
  • Богино хугацаанд их жин хасна,  
  • Хүн болгонд тохирно гэх мэт агуулга орно.  

Үүнээс үзвэл шалгасан мэдээлэл “Sadi slim гэх бүтээгдэхүүнийг хэрэглээд дэглэм барихгүй жин хасаж болно, дахин таргалахгүй” гэх үр дүнг амлаж байгаа нь хуурамч бүтээгдэхүүний хэв шинжийг агуулж байна.  

Шалгасан сайтад “FDA-аар баталгаажуулсан”, “Эрүүл мэндийн яамны гэрчилгээтэй” гэх тайлбарыг оруулж, зураг хавсаргажээ. Бүтээгдэхүүний нэрээр Монгол улсын бүртгэлтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалт болон FDA-н эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний сангаас хайхад уг тураах бэлдмэл илрээгүй. Энэ нь тус бүтээгдэхүүн үр дүн, аюулгүй байдлын баталгаагүй бөгөөд “албан ёсны эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй” гэх худал мэдээлэл түгээж байна гэсэн үг юм.  

Мөн сайтад “өмнө” ба “дараа” гэх зургуудыг оруулж, Монгол, Орос, Англи хэл дээрх хэрэглэгчдийн сэтгэгдлийг хавсаргасан байна. АНУ-ын Худалдааны Комиссоос гаргасан “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-д жин хасах бүтээгдэхүүн сурталчлахдаа бусдын анхаарлыг татахуйц “өмнөх болон дараах” зургийг ашигладаг тухай дурджээ. Ялангуяа хэрэглэгчээс ирсэн дэмжлэг бүхий сэтгэл ханамжийг сэтгэгдлүүдийг оруулдаг байна.

Дүгнэлт 

Гарал үүсэл тодорхойгүй тураах бэлдмэл борлуулж байна. “Дасгал хөдөлгөөн хийхгүй, дэглэм барихгүй турах” гэдэг нь хуурамч тураах бүтээгдэхүүний сурталчилгаанд ашигладаг түгээмэл хэллэг гэдгийг АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулжээ Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахын өмнө борлуулагчийн мэдээллийг баримт шалгах анхан шатны аргаар нягталж, мөнгө болон эрүүл мэндийн хохирлоос урьдчилан сэргийлээрэй. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Тураах бүтээгдэхүүн худалдаалж байна гэх пост түгээжээ. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document