Search

Франц улсад өрнөж буй жагсаалтай холбоогүй бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2099

Ерөнхий агуулга

“Францын цамхгийг шатааж байна” гэх тайлбар бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эйфелийн цамхаг шатаж буй бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн. Мөн 2026 оны 05 дугаар сарын 31-нд болсон үймээний бичлэгийг одоо болж буй мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ. Олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлын үеэр огт хамааралгүй бичлэг түгээж, иргэдийг төөрөгдүүлэх, хандалтаа өсгөх үзэгдэл ихэсдэг. Иймд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягталж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 10 дугаар сарын 18-нд TV4 Mongolia нэртэй хуудаснаас “Францын цамхгийг шатааж байна” гэх тайлбартай Эйфелийн цамхаг шатаж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 211 реакц, 64 сэтгэгдлээр идэвхжүүлж, 66 удаа цааш түгээжээ. Мөн Ganbayar Batsuuri нэртэй хаягаас “Өнгөрч буй 7 хоногт пагаанцын парис готод юү болж өнгөрснийг хар. Одоо ч үргэлжилж байна” гэх тайлбартай эйфелийн цамхгийг тойрон жагсаж буйг дүрсэлсэн бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 295 реакц, 33 сэтгэгдлээр идэвхжүүлж, 110 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад сошиал медиад 2025 оны 09 дүгээр сараас эхлэн өргөн тархжээ. Тодруулбал, бичлэгийн эх хувилбарыг Adrian Gee гэх Facebook хаяг 2025 оны 09 дүгээр сарын 14-нд нийтэлжээ. Тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт хиймэл оюуны сургалтын холбоосыг байршуулсан байна. Үргэлжлүүлэн Adrian Gee хаягт нийтэлсэн бичлэгүүдийг шалгахад хиймэл оюунаар бүтээсэн, барилга байгууллага шатаж буй, хөлөг онгоц сүйрч, солир бууж буйг дүрсэлсэн бичлэг нийтэлжээ. Үүнээс харахад 2025 онд сошиал медиад нийтэлсэн хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг одоо болж буй мэтээр гуйвуулан түгээжээ. Доор зурагт Adrian Gee хаягаас нийтэлсэн бусад бичлэгийг жишээ болгон харууллаа.

Ganbayar Batsuuri хаягаас нийтэлсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2026 оны 06 дугаар сараас эхлэн интернэт орчинд өргөн түгжээ. Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP болон Teyit баримт шалгах төвөөс уг бичлэгийг шалгаж, одоо өрнөж буй жагсаалын бичлэг бус 2026 оны 05 дугаар сарын сүүлээр болсон үймээн самууны үеийн бичлэг хэмээн мэдээлсэн. Тодруулбал, 2026 оны 05 дугаар сарын 30-нд Францын “Парес Сен-Жермен (PSG) хөл бөмбөгийн баг Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ялсны дараа Парис хотод дэмжигчдийн хөл хөдөлгөөн ихсэж, үймээн гарсан байна. Доорх зурагт шалгасан бичлэгийн хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 30-нд болсон үймээний үеийн зурагтай харьцуулан харууллаа.

Дүгнэлт

Эйфелийн цамхаг шатаж буй бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн. Мөн 2026 оны 05 дугаар сарын 31-нд болсон үймээний бичлэгийг одоо болж буй мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ. Олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлын үеэр огт хамааралгүй бичлэг түгээж, иргэдийг төөрөгдүүлэх, хандалтаа өсгөх үзэгдэл ихэсдэг. Иймд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Францын цамхгийг шатааж байна” гэх тайлбар бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document