2026 оны 10 дугаар сарын 15-нд uukhai.tech нэртэй Instagram хаягаас “Кимчи гэдсэн дэх хуванцар бичил хэсгүүдийг өөртөө наалдуулж, өтгөнөөр дамжуулан биеэс гадагшлуулахад тусалдаг болохыг тогтоожээ” гэсэн пост нийтэлжээ. Тус постыг 4,100 гаруй реакц, 16 сэтгэгдлээр идэвхжүүлжээ.
FACTCHECK:
Кимчи идэх нь бие махбодоос микропластикийг гадагшлуулдаг гэдгийг нотолсон хүн дээр хийсэн судалгаа одоогоор байхгүй
2026 онд Bioresource Technology сэтгүүлд нийтлэгдсэн “Хүнсний гаралтай сүүн хүчлийн бактерийн нанопластикийг үр дүнтэй шингээн барих чадвар” гарчигтай судалгаагаар кимчинээс гаргаж авсан “Leuconostoc mesenteroides CBA3656” хэмээх ганц төрлийн бактери нь лабораторийн туршилтын орчинд полистирол нанопластиктай холбогдож, улмаар хулгануудын ялгадсаар хамт гадагшлах хэмжээ нэмэгдсэн болохыг тогтоожээ. Гэвч туршилтад кимчийг бүхэлд нь бус, түүнээс ялгасан бактерийн омгийг ашигласан бөгөөд хүний оролцоотой туршилт хийгдээгүй байна. Түүнчлэн судалгааны төгсгөлд хүний биед үр дүнтэй эсэхийг батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг онцолжээ.
- Полистирол нанопластик гэдэг нь полистирол хэмээх хуванцар материал маш жижиг хэсгүүд болон задарсныг хэлнэ.
2026 онд АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн сайтад нийтлэгдсэн “Хүний эдүүдэд хуримтлагдсан микро болон нанопластикууд ба тэдгээрийн өртөлтийг бууруулах хоол тэжээлийн хүчин зүйлс” гарчигтай судалгаанд хоол, тэжээлийн өөрчлөлт нь хуванцрыг биеэс цэвэрлэх “детокс” эмчилгээ гэж ойлгож болохгүй, зөвхөн гэдэсний хамгаалалтыг дэмжих, эрсдэлийг бууруулах туслах арга гэж үзэх нь зүйтэй талаар онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн уг судалгааны дүгнэлтэд, хүний биед хуримтлагдсан нанопластикийг илрүүлэх, түүнийг гадагшлуулах боломжийг шалгасан эмнэлзүйн судалгаа хангалттай биш байгаа тул одоогоор хуванцрын жижиг хэсгүүдэд өртөх хэмжээг бууруулах, эслэгээр баялаг, аль болох бага боловсруулсан, сав баглаа боодол багатай хүнс хэрэглэх замаар гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжихийг зөвлөсөн байна.
Бид үргэлжлүүлэн хүний биед хуримтлагдсан хуванцар бичил хэсгийг ямар нэгэн хоол хүнсээр дамжуулан биеэс гадагшлуулах боломжтой талаар судлахад, хүний бие махбодь зарим микрохуванцрын бөөмсийг, ялангуяа ходоод гэдэсний замаар байгалиасаа гадагшлуулдаг талаар эрүүл мэндийн Verywellhealth сайтад мэдээлжээ. Түүнчлэн хүний эд эсээс микрохуванцрыг гадагшлуулах эмнэлзүйн хувьд батлагдсан арга одоогоор байхгүй тул өртөлтийг багасгах дараах аргуудыг зөвлөсөн байна. Үүнд:
- Хуванцар савтай усны хэрэглээг багасгах эсвэл бүрэн татгалзаж, шүүсэн цэвэр ус сонгох
- Хүнсний бүтээгдэхүүнийг хуванцар саванд халаахаас зайлсхийх
- Боломжтой бол хоол хүнсийг шилэн эсвэл зэвэрдэггүй ган саванд хадгалах
- Хуванцар савлагаатай цайнаас цаасан эсвэл задгай цай руу шилжих, хуванцар бус шүүлтүүр ашиглах болон нэг удаагийн хуванцар цайны уутнаас татгалзах
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, шалгасан мэдээлэлд кимчи идэх нь гэдсэн дэх хуванцар бичил хэсгүүдийг өөртөө наалдуулж өтгөнөөр дамжуулан биеэс гадагшлуулдаг мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Одоогоор хийгдсэн судалгаагаар кимчинээс ялган авсан нэг төрлийн бактерийг лабораторийн нөхцөлд хулгана дээр туршиж, тодорхой хэмжээний үр дүнг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл уг судалгаа нь кимчийг бүхэлд нь бус, түүнээс ялган авсан бактерийн омгийг ашигласан бөгөөд хүний оролцоотой эмнэлзүйн туршилт хараахан хийгдээгүй байна. Түүнчлэн тодорхой хэмжээнд хүний бие махбодь зарим микрохуванцрын бөөмсийг ходоод гэдэсний замаар байгалиасаа гадагшлуулдаг бөгөөд одоогоор хүний биед хуримтлагдсан микрохуванцрыг гадагшлуулах батлагдсан арга байхгүй.


