2026 оны 10 дугаар сарын 07-нд Tsetsegjargal Dorj хаягаас “Содоор хавдрыг эмчлэхүй” гэх пост түгээжээ. Уг мэдээлэлд “Хавдрын үндсэн шалтгаан нь мөөгөнцөр. Үүнийг бүрэн төгс эмчилж болдог гэдгийг хүн амын тоог хязгаарлахын тулд нууцалж байна” гэх агуулгыг содоор эмчилгээ хийсэн гэх хүмүүсийн талаар дэлгэрүүлэн тайлбарлажээ. Уг постыг 987 реакц, 81 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.5 мянган удаа цааш түгээжээ.
Шалгасан постын сүүл хэсэгт “БАДРАХЫН БАЯРСАЙХАН” гэж бичсэн байна. Бид өмнө нь энэ тэмдэгтэй мэдээллийг шалгаж байсныг энд, энд, эндээс уншаарай.
FACTCHECK:
Өвчний эмчилгээг иргэдээс нууж байна гэх нь эрүүл мэндийн хуурамч мэдээлэл түгээх арга.
Шалгасан мэдээлэлд дурдсан Рокфеллер сангийн 1969 оны тайланг шалгахад хорт хавдрын сэдвээр хэлэлцсэн хурал, мэдээлэл илэрсэнгүй. Тайлангийн “Хүн ам зүйн бодлого боловсруулах” хэсгийг шалгахад хүн амын тоог хязгаарлах бус хот суурин газарт өсөж буй иргэд болон цагаачлалын судалгааг дэмжих, санхүүжүүлэх талаар бичжээ.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас гаргасан эрүүл мэндийн залилангаас хамгаалах зөвлөмжид шалгасан посттой ижил төрлийн мэдээлэлд итгэж болохгүйг сануулсан. Тодруулбал, “гайхамшигт эмчилгээ”, “засгийн газар энэ мэдээллийг хүмүүсээс нуудаг” гэх нь эрүүл мэндийн хуурамч мэдээлэл түгээх, итгүүлэх оролдлого юм. Баталгаагүй, худал мэдээлэлд итгэснээр өвчнөө дордуулах, хугацаа алдах аюултай. Тиймээс хавдар гэх мэт эрүүл мэндийн ноцтой асуудалтай үед эмнэлэгт хандаж, эмчилгээнд хамрагдана уу.
Хавдар мөөгөнцөр биш
Шалгасан постод “бүх төрлийн хавдрын үндсэн шалтгаан нь мөөгөнцөр гэдэг нь олон улсын судалгаагаар батлагдсан“ гэж тайлбарласан. Энэ талаар хайхад дараах мэдээлэл илэрлээ.
Эрүүл мэндийн мэдээлэл түгээгч Healthline сайтын мэдээлснээр “хавдар бол мөөгөнцөр биш. Энэ ойлголт бүрмөсөн зогсох хэрэгтэй” байна. Энэхүү ойлголт Италийн эмч Тулио Симончинигээс эхлэлтэй аж. Тэрээр “хавдар бол мөөгөнцөр. Содоор эмчлэх боломжтой” гэх батлагдаагүй арга нь тухайн үеийн хорт хавдрын эмчилгээнээс ялгаатай, “шинэ” мэт сонсогдож байсан тул олон нийтийн анхааралд өртөж, өргөн түгжээ.
АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн нийтэлснээр 2022 онд гарсан эрдэм шинжилгээний судалгаанууд хорт хавдар болон мөөгөнцөр холбоо хамааралтай эсэхийг мэдэхийг зорьсон судалгаа хийжээ. Гэвч судалгааны үр дүнд мөөгөнцрөөс болж хорт хавдар үүсдэг үү, хорт хавдраас болж биед мөөгөнцөр үүсэх үү гэдгийг бүрэн батлаагүй байна.
Хавдар болон мөөгөнцрийн ялгаа
“Хавдар нь биеийн зарим хэсэгт хуучирсан болон гэмтсэн эсүүд үржиж, биеийн бусад хэсэгт үсэрхийлдэг өвчин” гэж АНУ-ын Үндэсний хавдрын институтээс мэдээлжээ. Эрүүл биед эсүүд гэмтэж, хуучирснаас болж үйл ажиллагаагүй болоход шинэ эсүүд үүсэж, биеийн хэрэгцээг хангаж байдаг аж. Гэвч гэмтсэн, хуучирсан эсүүд биеэс ирж буй устах дохиог авалгүй өсөж үржсэн тохиолдолд хавдар үүсэх нөхцөл бүрддэг. Хэт их үржсэн гэмтэлтэй эсүүд биед шаардлагатай эрүүл эсийн үржлийг зогсоох, шим тэжээлээр хангагдах гэх мэтээр хурдацтай томорч, биеийн бусад хэсэгт үсэрхийлдэг байна.
АНУ-ын хорт хавдрын нийгэмлэгээс хорт хавдрын шинж тэмдгүүдийг жагсаажээ. Үүнд:
- Огцом жин нэмэх, хасах,
- Биеийн хэсэгт булдруу, зангирсан товгор үүсэх,
- Шалтгаангүйгээр урт хугацааны турш өвдөх,
- Шалтгаангүйгээр цус алдах, гэмтэх гэх мэт.
Кливланд эмнэлгийн нийтэлснээр мөөгөнцөр нь жижиг хэсгүүдээ тарааж тархдаг бөгөөд энэ нь хүний биед ч бага хэмжээгээр оршдог байна. Дэлхийд хэдэн сая төрлийн мөөгөнцөр байдаг ч зөвхөн цөөн төрөл нь өвчин үүсгэдэг. Мөөгөнцрийн халдвар нь хумс, арьс гэх мэт арьсны гадарга дээр, шархадсан арьсан доор, уушги, тархинд гэх мэт эрхтэнд үүсдэг байна. Мөөгөнцөр нь дараах нөхцөлд халдварладаг:
- Олон нийтийн шүршүүр, хувцас солих өрөө зэрэг чийглэг орчинд байх,
- Арьсанд үүссэн шархаар дамжих,
- Халдвартай хүн, амьтанд хүрэх,
- Хүрээлэн буй орчноос амьсгалын замаар халдвар авах,
- Биед байрлах мөөгөнцрийн ургалтыг идэвхжүүлэх үйлчилгээтэй эм уух гэх мэт.
Мөн мөөгөнцрийн халдвар нь дараах шинж тэмдгээр илэрдэг байна:
- Ам, хоолойд цагаан хэсэг үүсэх,
- Арьсанд өвдөлтгүй товгор үүсэх,
- Арьс загатнах, улайх гэх мэт.
Мөөгөнцөр дотоод эрхтэнд халдварласан тохиолдолд халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, булчин хөндүүрлэх зэрэг бусад өвчин эмгэгтэй ижил шинж тэмдгүүд илэрдэг.
Эдгээрээс үзвэл хавдар болон мөөгөнцрийн үүсэх явц, тархалт, шинж тэмдгүүд ялгаатай, 2 өөр төрлийн өвчин юм. Ялгааг дараах хүснэгтэд товчлон харууллаа.
| / | Хавдар | Мөөгөнцрийн халдвар |
|---|---|---|
| Хэрхэн үүсдэг | Генийн, ДНХ-ын алдаанаас гэмтсэн, үхсэн эсүүд үржих | Гаднаас мөөгөнцөр халдварлах, биед байдаг мөөгөнцөр хэт ургаж, үржих |
| Хаана үүсдэг | Биеийн аль ч хэсэг | Арьсны гадна, дотор, хүндэрсэн тохиолдолд дотоод эд эрхтэнд |
| Хэрхэн тархдаг | Гаднаас халдварладаггүй, удамшлаас, ДНХ-ын гэмтлээс үүсдэг. Биеийн бусад эрхтнүүдэд үсэрхийлдэг | Мөөгөнцөртэй гадаргууд хүрэх, амьсгалах, шархаар халдварлах, мөөгөнцрийн ургалтыг идэвхжүүлэх эм хэрэглэх гэх мэт |
| Шинж тэмдэг | Жин огцом өөрчлөгдөх, цус алдах, булдруу, зангирсан товгор үүсэх | Арьс загатнах, улайх, өвдөлтгүй товгор үүсэх, зарим тохиолдолд ханиалгах, толгой өвдөх, ядрах |
Шалгасан мэдээлэлд “Метастаз гэдэг нь мөөгөнцрийн халдвар биед тархахыг хэлнэ” гэж тайлбарласан. Уг мэдээллийг шалгахад метастаз (metastases) гэдэг нь хавдар үүссэн газраасаа бусад хэсэгт үсэрхийлж, их хэмжээнд тархсан үеийг хэлдэг гэсэн АНУ-ын Үндэсний хавдрын институтийн нийтлэл илэрлээ. Үүнийг зарим тохиолдолд 4-р шатны хорт хавдар хэмээн нэрлэдэг аж. Ихэнх метастаз хавдрыг өвчтөний биеийн байдал, эмчилгээний түүхээс шалтгаалж эмчилдэг байна. Энэ нь мөөгөнцрийн халдвар бус хорт хавдар биеэр тархаж, даамжрах үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл метастаз нь мөөгөнцрийн халдвар биед тархах бус хорт хавдар үсэрхийлж, бусад эрхтэнд нөлөөлөхийг хэлдэг нэршил юм.
Олон улсын баримт шалгах төвийн гишүүд сод ашиглаж хавдар эмчлэх боломжтой эсэхийг шалгаж, худал хэмээн дүгнэжээ.
Монголын баримт шалгах төвөөс хүнсний сод, зөгийн бал нь хавдар эмчлэх боломжтой эсэхийг баримтаар шалгаж, худал гэдгийг илрүүлсэн байна. АНУ-ын Анагаах ухааны холбооны сэтгүүлд Йелийн их сургуулийн эрдэмтдийн 2018 оны 04 дүгээр сард хэвлүүлсэн тайланд “2004 оноос 2013 он хүртэлх хорт хавраар өвчилсөн 1,901,815 өвчтөний үр дүнд анализ хийхэд стандарт эмчилгээнээс татгалзаж алтернатив эмчилгээг сонгосон болон эмчийн зөвлөөгүй дур мэдэн хавсарга эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүдийн хорт хавдраар нас барах магадлал зөвхөн эмчийн зааврыг дагасан өвчтөнүүдийнхээс хоёр дахин их байлаа” гэжээ. Баримт шалгалтын үр дүнд хэт их шүлтлэг хүнс хэрэглэх нь бөөрөнд ачаалал өгөх бөгөөд таны цусны 7.35-7.4 pH гэсэн pH өөрчлөгдөхгүй. Таны элэг, бөөр байнгын ажиллаж таны биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг маш нарийн зохицуулдаг хэмээн дүгнэжээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Africa Check баримт шалгах төв “Хүнсний сод хавдар эмчилж, вирус устгадаг шидэт бүтээгдэхүүн биш” хэмээх тайлан гаргажээ. Уг баримт шалгалтад вирус судлалын лабораторийн эхлэгч Диана Харди “Хүчилтөрөгч биднийг амьд байхад чухал үүрэг гүйцэтгэдэг ч вирус устгадаггүй. Зөвхөн уушги биеийг хүчилтөрөгчөөр хангадаг. Өвчтөний дархлааны систем вирусээс ангижрах үүрэгтэй” гэсэн байна. Үргэлжлүүлэн, Charlotte Maxeke Academic Hospital эмнэлгийн хавдар судлалын тасгийн эрхлэгч Жанет Пүүл “Хавдартай болсноос хойш хими, туяа, дархлааны гэх мэт зөв эмчилгээнээс бусад аргаар хавдрын эсийг устгах боломжгүй” хэмээжээ. Уг баримт шалгах төвөөс гаргасан тайлангуудад содоор хавдар эмчлэх боломжгүй гэдгийг удаа дараа шалгаж, худал гэдгийг баталж байсан. Баримт шалгалтыг энд, эндээс унших боломжтой.
Мөн олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн THIP Healthtech баримт шалгах төв “сод ашиглаж хавдар эмчлэх” гэх арга нь баталгаагүй хэмээн тайлагнажээ. Тодруулбал, альтернатив эмчилгээ зөвлөдөг хүмүүс содыг алкалин бодис учир хавдар эмчилдэг гэж үздэг байна. Гэвч энэ нь судалгаагаар батлагдаагүй бөгөөд зарим тохиолдолд хэт их сод хэрэглэх нь биед сөрөг нөлөөтэй юм.
Үүнээс үзвэл шалгасан мэдээлэл нь содоор хавдрыг арилгадаг гэх баталгаагүй аргыг түгээж байна.
Дүгнэлт
Сод ашиглаж хавдар эмчлэх боломжтой гэх нь интернэт орчинд түгсэн хавдар эмчлэх баталгаагүй арга юм. Хавдар болон мөөгөнцөр нь хоёр өөр төрлийн өвчин бөгөөд одоогийн байдлаар эрдэмтэд эдгээр өвчлөлийн холбоо хамаарлыг бүрэн илрүүлээгүй байна. Хавдартай болсноос хойш зөвхөн эмчийн зөвлөсөн аргаар хавдрын эсийг устгах боломжтой учир дур мэдэн эмчилгээ хийж өвчнөө даймжруулж, хугацаа алдахаас сэргийлээрэй.


