Search

Сарын тэмдгийн өвдөлт нь аарцаг нуруу хазайж, ураг гажигтай төрөх шинж тэмдэг биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2095

Ерөнхий агуулга

“Сарын тэмдэг өвдөж ирэх нь аарцаг нурууны хазайлт, ураг гажигтай төрөх шинж тэмдэг” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүүхдийн ясыг муу тордсоноос болж аарцаг гажиж, умай хазайж, ураг гажигтай төрнө гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Ургийн гажгийг зөвхөн нэг шалтгаантай холбож, тайлбарлах нь хүмүүст бүрэн бус мэдээлэл өгч байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, дурдсан эмгэгүүд өөр хоорондоо хамааралтай байж болох ч гол шалтгаан биш байх магадлал өндөр гэсэн үг.

Нурууны гажиг нь олон шалтгаанаар үүсдэг бөгөөд энэ нь шууд аарцгийн гажилт үүсгэнэ гэсэн үг биш. Нэг байрлалаар удаан хугацаанд суух нь ясыг хазайлгаж болдог бөгөөд үүнийг дасгал хөдөлгөөнөөр хэвийн байрлалд оруулах боломжтой.

Умайн хазайлттай үед сарын тэмдэг өвдөх нь зөвхөн нэг шинж тэмдэг юм. Умайн хазайлт нь олон шалтгаанаас болж үүсдэг ба төрөлхийн ч байх магадлалтай. Мөн умай хазайх нь үр тогтоход нөлөөлж, ургийн гажилт үүсгэхгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эхийн хүнс, бодисын хэрэглээ зэрэг олон шалтгаанаар ураг гажих эрсдэлтэй байдаг тул охид, эмэгтэйчүүдийн шим тэжээлийн хэрэглээнд анхаарах нь ураг гажих эрсдэлийг бууруулдаг аж.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11-р сарын 18-нд Содон Мутар Facebook хаягаас “Охидууддаа Анхаарал хандуулаарай” гэх бичлэг түгээжээ. Уг мэдээлэлд тухайн хаягийн 2025 оны 09 дүгээр сарын 24-нд нийтэлсэн бичлэгт нэмэлт тайлбар оруулж, дахин түгээж, идэвхжүүлсэн байна. 

Шалгасан бичлэгт “Хүүхдүүдээ бага байхад нь ясыг нь муу тордсоноос болоод нурууны ясанд гажилт, хазайлт үүсээд, аарцгийг нь хазайлгаад, умай нь хазайгаад сарын тэмдэг өвдөлттэй ирдэг байсан байна. Хүүхэд төрүүлэхээр яагаад ургийн гажигтай төрдөг байсны шалтгаан нь юм байна.” гэж тайлбарласан. Энэхүү бичлэгийг 25.9 мянган реакц, 366 сэтгэгдлээр идэвхжүүлж, 5.9 мянган удаа цааш түгээжээ.  

Нурууны гажилттай болох нь аарцгийн хазайлт үүсгэнэ гэсэн үг биш.

Колумбын их сургуулийн анагаах ухааны төвийн нийтэлснээр нурууны гажиг олон төрөлтэй байдаг. Гажгийн төрлөөс хамаарч шалтгаан нь өөр өөр байх бөгөөд зарим үед тодорхойгүй шалтгаанаас үүсэх боломжтой. Жишээ нь хүзүүний үе, нурууны дээд, дунд, доод үе гэмтэх, төрөлхийн, насжилтаас, тодорхойгүй шалтгаанаар нурууны гажиг үүсдэг байна. Нурууны гажигтай болсон үед илрэх тэмдгийг дараах хүснэгтэд орууллаа.

Бусад хүмүүст харагдах шинж тэмдэгӨөрт мэдэгдэх шинж тэмдэг
Мөр, аарцаг хоорондын зай ялгаатай харагдахНуруу тасралтгүй өвдөх
Гарны урт ялгаатай харагдахМурийлт мэдрэлийн эсийг дарсан тохиолдолд үе мөч мэдээ алдах, сульдах, өвдөх
Нуруу, толгой биеийн шугамаас хазайсан харагдахБага насны хүүхдүүдэд ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй
Нуруу урагш, хажуу тийш хазайсан харагдах
Хүснэгтийн тайлбар: Нурууны гажгийн шинж тэмдгүүд

Йелийн их сургуулийн эмнэлэг нурууны гажиг нь ясны буруу байрлал, сийрэгжилт, хугарах эрсдэл үүсгэж болзошгүй хэмээжээ. Эдгээр мэдээлэлд нурууны гажиг аарцгийн хазайлт, умайн хазайлт болон сарын тэмдгийн өвдөлт үүсгэх эсэхийг дурдаагүй байна.

Эрүүл мэндийн мэдээлэл түгээгч Webmd сайтын мэдээлэлд дурдсанаар удаан хугацааны (олон өдөр, сар) турш нэг байрлалтай сууж эсвэл дасгал хөдөлгөөн хийх нь аарцгийг хазайлгах шалтгаан юм. Мөн аарцгийн яс хажуу тийш хазайх нь нуруу, аарцгийн анатомийн бүтэц эсвэл биеийн үйл ажиллагаанаас болж үүсдэг байна. Эдгээрийн шинж тэмдэг нь нурууны доод хэсгээр зовуурилах, аарцгийн ойр орчмын булчин хөндүүрлэх зэргээр илэрдэг бөгөөд ихэвчлэн аарцгийн яс тэгшлэх дасгал хөдөлгөөн хийж засах боломжтой.

Сарын тэмдгийн өвдөлттэй эмэгтэй бүр аарцаг, умайн хазайлттай гэх ойлголт нь дутагдалтай

Шалгасан бичлэгт сарын тэмдэг өвдөлттэй ирдэг эмэгтэй бүр умайн хазайлттай байдаг мэт агуулгыг хүргэсэн. Уг мэдээллийн дагуу хайхад дараах мэдээлэл илэрлээ.

Их Британийн эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс түгээсэн нийтлэлд сарын тэмдэг ирсэн үед гэдэс, нуруу, гуя хэсгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг бөгөөд 2-3 хоногт хэвийн болдог гэжээ. Энэ үед халуун бүлээн жин тавих, хөнгөн дасгал хийх, өвчин намдаагч хэрэглэх нь үр дүнтэй юм. Харин сарын тэмдгийн өвдөлтөөс болж өдөр тутмын үйл хөдөлгөөн хийх боломжгүй болох, энгийн үеэс хэт их өвдөх, хоолны дуршил буурах, сарын тэмдэг ирээгүй үед цус алдах гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. 

Кливланд эмнэлгийн нийтэлснээр сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь дараах өвчин үрэвсэлтэй холбоотой байх магадлалтай: 

  • Эндометриоз (Endometriosis) 
  • Аденомиоз (Adenomyosis) 
  • Умайн фибройд буюу хоргүй булчингийн хавдар (Fibroids)
  • Аарцгийн үрэвсэлт өвчин (Pelvic Inflammatory Disease) 
  • Умайн хүзүүний нарийсал (Cervical stenosis) 
  • Төрөлхийн эмгэгүүд (Congenital conditions) 

Үүнээс үзвэл, сарын тэмдэг өвдөж ирэх нь умайн хазайлтыг илтгэх гол шинж биш. Сарын тэмдгийн өвдөлт олон өөр төрлийн өвчин эмгэгтэй холбоотой байх магадлалтай юм.

5 эмэгтэй тутмын 1 нь умайн хазайлттай байдаг гэж Кливланд эмнэлэг нийтэлжээ. Умайн хазайлт нь төрөлхийн болон төрөлхийн бус байдаг бөгөөд ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй. Илэрсэн тохиолдолд сарын тэмдгийн үеэр, тампон хэрэглэхэд, бэлгийн харилцаанд ороход өвдөх, шээс задгайрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Төрөлхийн бус умайн хазайлт нь дараах шалтгаанаар үүсэж болзошгүй:  

  • Сорвижилт (Scarring): Сорви төст эдүүд умайг бусад эрхтэнд наалдуулах,
  • Умайн фибройд (Fibroids): Умайн фибройд болон умайд үүссэн бусад ургацаг умайн хэлбэр, байрлалыг өөрчлөх,
  • Эндометриоз (Endometriosis): Энэ эмгэгийн үед умайн орчмын нэмэлт эд умайд татах хүч үүсгэснээр умайг хазайлгах,
  • Төрөлт (Childbirth): Төрсний дараа аарцгийн ёроолын булчин болон холбооснууд суларч болно. Энэ нь умайг хазайхад хүргэх,
  • Цэвэршилт (Menopause): Эстрогений түвшин буурах нь аарцгийн булчин болон холбооснуудыг сулруулж, умай хазайхад хүргэх

Баталгаат эх сурвалжийн мэдээлэлд умайн хазайлтын шалтгаанд зөвхөн дотоод эрхтний өөрчлөлтийг жагсаасан бөгөөд аарцаг, нурууны ястай холбоо хамааралтай эсэхийг дурдсангүй. Үргэлжлүүлэн, умайн хазайлт үргүйдэл, үр зулбалт, төрөлтийн хүндрэл үүсгэхгүй, жирэмслэлт, төрөлтөд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн ховор тохиолдолд умайн хавчигдлаас шалтгаалж эрсдэл үүсэх магадлалтай байна.

Умайн хазайлт болон сарын тэмдгийн өвдөлт хоорондоо хамааралтай ч энэ нь сарын тэмдэг өвдөж ирсэн үед умай хазайсан гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай юм. Учир нь өөр олон төрлийн шалтгаанаас энэхүү 2 эмгэг үүсэж болно. Тиймээс мэргэшсэн эмчид хандаж, өвдөлт үүссэн гол шалтгааныг илрүүлэх нь найдвартай.

Ургийн гажиг зөвхөн аарцаг, нурууны хазайлтаас бус олон өөр шалтгаанаар үүсдэг.

ДЭМБ-аас түгээсэн нийтлэлд дурдсанаар ургийн гажиг дараах шалтгаанаар үүсэх эрсдэлтэй гэжээ. Үүнд:

  • Генийн гажуудал (хромосомын тоо, генийн мэдээлэлд асуудал үүсэх, эцэг эх хамаатан байх гэх мэт),
  • Нийгэм, эдийн засаг (хүүхэд тээж буй эх хангалттай шим тэжээлтэй хүнс хэрэглэх боломжгүй байх, халдварт өвчин, архи тамхинд өртөх боломж өндөр үед ураг гажигтай төрөх эрсдэл нэмэгдэнэ),
  • Хүрээлэн буй орчин (хүрээлэн буй орчноос халдвар, өвчин авах, биед шаардлагатай бодисоор дутагдах гэх мэт)
  • Тодорхойгүй шалтгаанууд багтана.

Мөн АНУ-ын Өвчний хяналт, удирдлагын төвөөс гаргасан мэдээлэлд дурдсанаар эрдэмтэд ургийн гажиг үүсгэгч бүхий л хүчин зүйлсийг илрүүлээгүй байна. Одоогийн байдлаар дараах нь урагт гажиг үүсгэх эрсдэлтэй гэдгийг баталсан байна: 

  • Жирэмсэн үед архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх,
  • Урагт нөлөөлж болзошгүй өвчтэй байх, (жишээ нь сахарын өвчин)
  • Урагт нөлөө үзүүлэх эм бэлдмэл хэрэглэх,
  • Удмын мэдээлэлд ургийн гажигтай хүн байх,
  • Жирэмсэн үед 39 болон түүнээс дээш хэмтэй болж халуурах гэх мэт.

Эдгээр нийтлэлд аарцгийн хэвийн бус байрлалыг дурдаагүй учир энэ нь шууд ургийн гажигт нөлөөлнө гэж авч үзэх нь учир дутагдалтай юм.

ДЭМБ-ын байгууллагын түгээсэн мэдээлэлд дараах аргаар ургийн гажгаас сэргийлэх боломжтой аж:

  • Өсвөр насны охид болон эмэгтэйчүүд эрүүл, шим тэжээлтэй хүнс хэрэглэх, өдөрт тутмын витамины хэрэгцээг хангах,
  • Жирэмсэн эмэгтэйчүүд архи, тамхи, мансууруулах бодисоос татгалзах,
  • Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өвчин тархсан газар нутагт аялахгүй байх,
  • хүрээлэн буй орчны халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлыг хангах,
  • Жирэмслэхээс өмнө болон жирэмсэн үед сахарын хэмжээг мэргэшсэн байгууллагын тусламжтай хянах,
  • Жирэмсэн үед урагт аюулгүй эм бэлдмэл, эмчилгээ сонгох,
  • Жирэмсэн үед хийлгэх шаардлагатай вакцинд хамрагдах,
  • жирэмсэн болохоос өмнө халдварт өвчин эмгэгтэй эсэхийг шинжилгээгээр мэдэх.

Тиймээс ургийн гажгийг зөвхөн аарцгийн гажилт, умайн хазайлт, сарын тэмдгийн өвдөлт зэрэгтэй холбох нь учирч болох бусад бэрхшээл, нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлсийг анхаарахгүй байх эрсдэлийг дагуулж байна.

Дүгнэлт

Хүүхдийн ясыг муу тордсоноос болж аарцаг гажиж, умай хазайж, ураг гажигтай төрнө гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Ургийн гажгийг зөвхөн нэг шалтгаантай холбож, тайлбарлах нь хүмүүст бүрэн бус мэдээлэл өгч байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, дурдсан эмгэгүүд өөр хоорондоо хамааралтай байж болох ч гол шалтгаан биш байх магадлал өндөр гэсэн үг.

Нурууны гажиг нь олон шалтгаанаар үүсдэг бөгөөд энэ нь шууд аарцгийн гажилт үүсгэнэ гэсэн үг биш. Нэг байрлалаар удаан хугацаанд суух нь ясыг хазайлгаж болдог бөгөөд үүнийг дасгал хөдөлгөөнөөр хэвийн байрлалд оруулах боломжтой.

Умайн хазайлттай үед сарын тэмдэг өвдөх нь зөвхөн нэг шинж тэмдэг юм. Умайн хазайлт нь олон шалтгаанаас болж үүсдэг ба төрөлхийн ч байх магадлалтай. Мөн умай хазайх нь үр тогтоход нөлөөлж, ургийн гажилт үүсгэхгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эхийн хүнс, бодисын хэрэглээ зэрэг олон шалтгаанаар ураг гажих эрсдэлтэй байдаг тул охид, эмэгтэйчүүдийн шим тэжээлийн хэрэглээнд анхаарах нь ураг гажих эрсдэлийг бууруулдаг аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Сарын тэмдэг өвдөж ирэх нь аарцаг нурууны хазайлт, ураг гажигтай төрөх шинж тэмдэг” гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document