2026 оны 10 дугаар сарын 11-нд Нөлөө Альянс Facebook хуудаснаас “Pfizer компанийн COVID-19 вакцины сөрөг нөлөөний нууц жагсаалт эцэст нь ил боллоо” пост түгээжээ. Уг постод Роберт Ф. Кеннедигийн бичлэгийг хавсаргаж, “Pfizer компанийн өөрсдийн хүлээн зөвшөөрсөн, хүний амьдралыг бүрмөсөн өөрчлөх эсвэл үхэлд хүргэх аюултай, хүнд хэлбэрийн эмгэгүүдийн жагсаалт” хэмээн өвчин эмгэгүүдийг жагсаажээ. Тухайн бичлэгийг 172 реакц, 21 сэтгэгдлээр идэвхжүүлж, 162 мянган удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK:
Зургаар шалгах
Шалгасан бичлэгийн төгсгөл хэсэгт “Maverick Darby on X” гэх бичиг гарсан. Иймд X (хуучнаар твиттер) олон нийтийн сүлжээнээс уг түлхүүр үгээр хайхад “Maverick Alexander” хаягт бичлэгийг 2025 оны 08 дугаар сарын 07-нд нийтэлсэн нь илэрлээ. Тус постын доод хэсэгт буюу community notes-д “Роберт Ф. Кеннеди ийм үг хэлээгүй, түүний хоолойг хиймэл оюун ашиглаж хуулбарласан” хэмээн анхааруулсан байна. Community Notes буюу хэрэглэгчдийн оролцоонд суурилсан систем нь хэрэглэгчид тухайн мэдээллийн талаар нэмэлт мэдээлэл өгдөг функц юм.
Энэхүү бичлэгийг Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Lead Stories баримт шалгах төвөөс нягталж, эвлүүлэг болохыг мэдээлсэн. Тодруулбал, Роберт Ф. Кеннеди “Хуйвалдааны онолчдын үнэн байж. Ковид19-ийн эсрэг вакцин турбо хавдар, зүрхний дутмагшил, цусны бүлэгнэлт үүсгэж, ижил хүйстэн болгодог” гэж огт хэлээгүй бөгөөд өөр үйл явдлыг бичлэгийг ашиглаж, хоолой нэмж, хуурамч мэдээлэл оруулжээ.

Бичлэгийн эх хувилбарт вакцины тухай бус хар тамхины нөлөө, донтолтын талаар ярьсан. 2025 оны 07 дугаар сарын 30-нд FoxNews мэдээний агентийн Youtube сувагт бичлэгийн эх хувилбарыг нийтэлсэн бөгөөд богино хэсгийг авч өөрчилсөн болохыг доорх зурагт харьцуулан харууллаа. Уг хэсгийг бичлэгийн 20 минут 20 секундээс үзэх боломжтой.

Үүнээс үзвэл, гаднын хаягаас түгээсэн хуурамч бичлэгийг бодит мэдээлэл мэт тайлбарлажээ. Бичлэгийн эх хувилбарт Роберт Ф. Кеннедигийн хар тамхи, донтолтын тухай ярьсныг вакцины талаар ярьсан мэт өөрчилсөн байна.
“Pfizer компанийн Ковид19-ийн эсрэг вакцины сөрөг нөлөөний жагсаалт” нь хуурамч мэдээлэл гэдгийг олон улсын баримт шалгах төвүүд мэдээлж байна.
Ковид 19-ийн эсрэг вакцины талаарх “сөрөг нөлөөний нууц жагсаалт”, “турбо хорт хавдар” гэх агуулга бүхий мэдээллүүд өмнө нь түгж байсан хуурамч мэдээлэл болохыг Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүд шалгаж, тайлагнаж байжээ. Шалгасан мэдээлэл нь өмнө нь түгэж байсан худал мэдээллийг орчуулж, дахин түгээж буй тохиолдол буюу дэлхий нийтийг цочроосон шинэ мэдээ биш юм.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP, PolitiFact баримт шалгах төвөөс дээрх мэдээллийн шалгаж, худал хэмээн тайлагнасан. PolitiFact төвөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-нд нийтэлсэн баримт шалгалтын тайланд сөрөг нөлөөний жагсаалт гэж байхгүй бөгөөд энэ нь баталгаатай мэдээлэл биш гэж дүгнэсэн. Мөн вакцины аюулгүй байдлыг олон улсын судалгаа баталж байгааг дурдсан байна.
2025 оны 03 дугаар сарын 11-нд AFP баримт шалгах төвөөс Pfizer компанийн ковид 19-ийн эсрэг вакцины сөрөг нөлөөний талаар худал мэдээлэл түгээж байгааг баримтаар шалгаж тайлагнажээ. Уг тайланд Европын эмийн агентлагийн хэвлэлийн алба “Эрүүл мэндийн байгууллагууд болон Европын эмийн агентлаг вакцины аюулгүй байдлыг шалгаж, сөрөг нөлөө илэрвэл нээлттэй мэдээлж, хариу арга хэмжээ авах зөвлөмж гаргадаг. Ковид 19-ийн эсрэг вакцины аюулгүй байдлыг судалж, баталсан олон баримт бий” хэмээх мэдээ ирүүлсэн байна.
Pfizer компанийн албан ёсны сайтад жагсаасан вакцинаас үүдсэн нөлөөнд харшил, зүрхний булчин болон гадна бүрхүүлд асуудал үүсэх эрсдэлтэй гэсэн ч эдгээр нь нийтлэг үр дагавар биш юм. Уг вакцинаас үүдсэн сөрөг нөлөө нь ихэвчлэн:
- Тариулсан газар улайж хавдах,
- Ядрах,
- Толгой өвдөх,
- Хүйт даах,
- Булчин өвдөх,
- Халуурах зэрэг болно. Үүнд шалгасан мэдээлэлд дурдсан цус харвалт, уушгины артерийн бөглөрөл зэрэг өвчлөлүүдийг дурдаагүй.
Турбо хорт хавдар гэдэг нь вакцин эсэргүүцэгч хүмүүсийн түгээсэн шинжлэх ухааны бус хэллэг.
“Турбо хорт хавдар” гэх агуулгатай мэдээлэлд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн FactCheck.org төв шалгаж, тайлагнажээ. Баримт шалгалтад Антверпений их сургуулийн зүрх судасны өвчин судлаач Сандер Ийнс “Бидний судалгааг Pfizer/BioNTech компанийн COVID-19-ийн mRNA вакцин нь шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ‘турбо-хорт хавдар’ үүсгэж болзошгүйг нотолсон баримт мэт буруу тайлбарласан” гэж ярьжээ. Тэрээр үргэлжлүүлэн, “Ковид19-ийн эсрэг вакцин нь ковидын эсрэг өндөр үр дүнтэй ба сөрөг нөлөө маш цөөн тохиолдолд илэрдэг. Одоогийн байдлаар вакцин хорт хавдар үүсгэдэг эсэхийг нотлоогүй” хэмээсэн байна. Мөн уг баримт шалгалтын тайланд “турбо хорт хавдар” гэдэг нь Ковид19-ийн эсрэг вакцины хуурамч мэдээлэл тараадаг хүмүүсийн ашигладаг хэллэг гэдгийг дурдаж, үүнийг бодит эсэхийг батлах нотолгоогүй гэжээ.
Reuters мэдээний агентлагийн баримт шалгах төвөөс гаргасан мэдээлэлд эрүүл мэндийн мэргэжилтнүүд ярилцлага өгсөн байна. Тэрээр “Ковид 19-ийн эсрэг вакцин хорт хавдар, цаашлаад турбо хорт хавдар үүсгэдэггүй” гэдгийг Oncogene сэтгүүлийн ерөнхий редактор, профессор Жастин Стэббинг, Эдинбургийн их сургуулийн дархлаа эмгэг судлалын профессор Нэйл Маббот, Хатан хааны Радиологийн коллежийн эмнэлгийн асуудал хариуцсан захирал Ники Дорп зэрэг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Үүнээс үзвэл шалгасан мэдээлэлд турбо хорт хавдар гэх шинжлэх ухааны бус хэллэгийг ашиглаж, ковид 19-ийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл түгээсэн гэдэг нь илэрлээ.
Pfizer компанийн ковид 19-ийн эсрэг вакцины аюулгүй байдлыг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна.
2025 оны байдлаар Pfizer/BioNTech компанийн Ковид19 цар тахлын эсрэг вакцины 5 тэрбум тунг дэлхий нийтээр түгээжээ. Pfizer компанийн нийтэлснээр аюулгүй байдлыг шалгах судалгааны үр дүнд нэмэлт сөрөг нөлөө илрээгүй гэдгийг баталсан байна.
2026 оны 06 дугаар сард АНУ-ын эрдэмтэд Pfizer/BioNTech компанийн Ковид19-ийн эсрэг вакцины аюулгүй байдлыг шалгасан урт хугацааны судалгааны үр дүнг нийтэлжээ. Уг судалгаанд ойролцоогоор 20 мянган эрүүл мэндийн ажилтанг гэр бүлийнх нь хамт оролцуулж, 2 жилийн турш вакцинаас үүдсэн сөрөг нөлөө, эмнэлэгт үзүүлсэн байдал зэргийг ажигласан байна. Судалгааны үр дүнд ноцтой сөрөг нөлөө цөөн (1000 хүн тутамд 13.65 тохиолдол) байсан ба сөрөг нөлөө илэрсэн хүмүүсийн 67.4% нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр хэвийн болсон нь илэрчээ. Мөн цусны бөглөрөл, харшил бүртгэгдсэн ч энэ ховор тохиолдол байсан аж.
2025 онд Сири Улсын эрдэмтэд Pfizer компанийн Ковид19-ийн эсрэг вакцины талаар судалсан судалгаануудыг нэгтгэсэн тойм судалгаа нийтэлжээ. Уг судалгаанд 2024 онд нийтэлсэн олон улсын судалгаануудыг хамруулсан бөгөөд үр дүнд хамгийн олон бүртгэгдсэн сөрөг нөлөө нь сульдах, булчин өвдөх, дотор муухайрах, толгой өвдөх, хөлрөх, манарах зэрэг байсан ба ихэнх судалгаанд ноцтой сөрөг нөлөө илрээгүй аж.
2024 онд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс уг вакцины аюулгүй байдлыг шинжилж, дүгнэсэн судалгаа нийтэлсэн байна. Энэхүү судалгаанд “Pfizer/BioNTech компанийн Ковид19-ийн эсрэг вакциныг 16 ба түүнээс дээш насны иргэдэд түгээх үү?” асуултад хариулах зорилгоор 26 баталгаат судалгааг тоймлон үнэлгээ хийжээ. Судалгааны үр дүнд вакцинаас үүдсэн зүрхний булчингийн үрэвсэл 18-39 насны 1 сая хүнд 368 тохиолдол, хүнд хэлбэрийн харшил 1 сая тунд 5 тохиолдол илэрчээ. Харин вакцинаас шалтгаалан өвчин эмгэг дордох, нас барах үзэгдэл илрээгүй.
Дүгнэлт
Роберт Ф. Кеннедигийн яриаг өөрчилсөн, худал мэдээлэл агуулсан бичлэгийг бодит мэт тайлбарлаж, вакцины аюулгүй байдлын талаар худал мэдээлэл түгээж байна. “Pfizer компанийн Ковид19-ийн эсрэг вакцины сөрөг нөлөөний жагсаалт” гэж байхгүй бөгөөд томоохон судалгааны үр дүнгүүдэд шалгасан мэдээлэлд дурдсан өвчлөлүүд илрээгүй.
Турбо хорт хавдар гэдэг нь вакцины эсрэг худал мэдээлэл тараагчдын ашигладаг хэллэг ба Ковид19-ийн эсрэг вакцин хорт хавдар үүсгэдэггүйг эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
2025 оны байдлаар Pfizer/BioNTech компанийн Ковид19-ийн эсрэг вакцины 5 тэрбум тунг тараасан бөгөөд томоохон судалгаанууд аюулгүй байдлыг баталж байна.


