2026 оны 10 дугаар сарын 12-нд Grace charis нэртэй хуудаснаас “Хаан банкны баярын хурд урамшуулал” гэх тайлбартай пост нийтэлсэн байна.
Мөн 2026 оны 10 дугаар сарын 12-нд Nice mongol нэртэй хуудаснаас “Төрийн банкны төрсөн өдрийг тохиолдуулан бид хэрэглэгчдээ баярлуулахыг хүсэж байна” гэх тайлбартай пост холбоосны хамт түгээжээ.
FACTCHECK:
Цахим орчинд арилжааны банк болон санхүүгийн байгууллагын нэр, лого, зургийг ашиглан, залилж иргэдээс хувийн мэдээллийг авах тохиолдол түгээмэл гарсаар байгаа тул дараах аргаар шалгаж хэвшээрэй.
Хаяг шалгах
Аливаа байгууллага бэлэг, урамшууллын талаарх мэдээллээ өөрсдийн албан ёсны Facebook хуудсаараа дамжуулан хүргэдэг. Хаан банкны албан ёсны Facebook хуудас нь “Khan Bank” гэсэн нэртэй 587 мянга гаруй дагагчтай хуудас байна. Мөн “Хаан банкны баярын хурд урамшуулал зарласан” гэх агуулгатай пост албан ёсны Facebook хаягт нь огт байхгүй байна.

Харин шалгасан мэдээллийг түгээсэн Grace charis хаяг нь 2026 оны 09 дүгээр сарын 09-нд шинээр нээгдсэн нийт хоёр дагагчтай хаяг байна. Мөн Хаан банктай огт хамааралгүй нэр, зурагтай хаягаас урамшууллын талаар пост оруулсан нь залилангийн шинжтэй болохыг илтгэж байна.
Үргэлжлүүлэн тухайн постын холбоос руу орох юм бол хялбар үйлдэл хийлгээд “их хэмжээний мөнгө хожлоо” хэмээн Хаан банк, Голомт банк, ХХБ, Төрийн банк зэрэг иргэдийн өдөр тутамдаа ашигладаг банкнуудын нэвтрэх нэр, нууц үг шаардсан цонх гарч ирдэг.
Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.
Хаан банкнаас сэрэмжлүүлэг гаргасан
2026 оны 10 дугаар сарын 08-нд Хаан банкны албан ёсны хуудаснаас “Сүүлийн үед арилжааны банкуудын нэрийг ашиглан “Зээлээ төлнө үү”, “Кредит картын хугацаа дууслаа”, “Таны нэр дээр зээл авах гэж байна” гэх мэт олон төрлийн зохиомол шалтгаанаар Интернэт банкны нэвтрэх мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна” хэмээн сэрэмжлүүлгийг нийтэлжээ. Иймд хувийн мэдээллээ өгөхгүй байх, сэжигтэй линк дээр дарж орохгүй байх цаашлаад цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулжээ.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, “Хаан банкны баярын хурд урамшуулал” гэх зохиомол шалтгаанаар интернэт банкны нэвтрэх мэдээллийг авч иргэдийг залилж байна. Хуурамч вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар та залилагчдад интернэт банкны нэвтрэх мэдээллээ зүгээр өгч байна гэсэн үг. Иймд та аливаа вэбсайтад нэвтрэх мэдээллээ оруулахдаа заавал вэбсайтын холбоосыг (домайн) тогтмол шалгаж байгаарай. Хаан банкны цорын ганц албан ёсны вэбсайт нь www.khanbank.com, Фэйсбүүк пэйж нь Khan Bank бөгөөд ямар ч банк нийгмийн сүлжээгээр иргэдийн нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг шаарддаггүй болохыг анхаараарай.


