Search

Массажны аппарат ашиглан яс дэвтээж, үений шингэн нөхөх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2092

Ерөнхий агуулга

Үений шингэн төлжүүлж, яс ургалтыг зогсоох үйлчилгээтэй гэх аппарат сурталчилжээ.  

Баримт шалгалтын үр дүн

Энгийн массажны төхөөрөмжийг “Нано технологийн аргаар булчингаас үе хооронд шингэн төлжүүлнэ, яс хайлуулна” хэмээн дэгсдүүлэн сурталчилж байна. Үе мөчний хооронд ургасан нэмэлт яс нь биеийн бусад ястай ижил бүтэцтэй тул хайлуулах боломжгүй. Үе мөч өвдсөн тохиолдолд өвчин намдаах арга хэмжээг авч, өвчин намдаагүй тохиолдолд мэргэшсэн эмчид хандах нь найдвартай юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10-р сарын 04-нд Алтан Орхоодойн бүтээгдэхүүн Facebook хуудаснаас “Гэрийн нөхцөлд үений шингэн төлжүүлж, яс ургалтыг зогсоож, дэвтээж хайлуулагч” гэх бичлэг түгээж, дахин идэвхжүүлж байна.  

Тухайн бичлэгт “Нано технологийн аргаар булчингаас үе хооронд шингэн төлжүүлснээр үе хоорондын шингэн хангагдаж, зай холдож, тэнд ургасан яс дэвтэж хайлна” гэх тайлбар оруулсан ба “Өвдөгний хатаж, шавар болсон шингэнийг жигнэн хайлуулж, дэвтээнэ” гэж ярьжээ. Уг бичлэгийг 418 реакц, 26 сэтгэгдлээр идэвхжүүлж, 74 удаа цааш түгээсэн байна. 

Сурталчилсан аппаратыг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад тухайн бүтээгдэхүүнтэй ижил өнгө, дүрстэй, “Орхоодой” гэх наалтгүй аппаратыг Amazon, Power living зэрэг худалдааны сайтад борлуулж байгаа нь илэрсэн. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “өвдөг массажлагч” гэсэн ба “зөөлөн гадаргуугаар халуун бүлээн массаж хийж, үе мөчний өвчин намдаадаг” хэмээжээ. Харин “Үе хоорондын шингэн төлжүүлэх, яс дэвтээж хайлуулах” гэх мэт үйлчилгээний талаар дурдаагүй. 

Үүнээс харахад энгийн массажны аппаратын үйлчилгээг дэгсдүүлэн сурталчилж байна.

Нэмж ургасан яс биеийн бусад ястай адил учир хайлуулах боломжгүй. 

Шалгасан мэдээлэлд “Үе мөчний шингэн хатах”, “яс ургах”, “өвдөгний үе мөчний зай ойртох” зэрэг өвчлөлийг эмчлэх мэт тайлбарласан. Иймд эдгээр өвчлөлийг массажаар эмчлэх боломжтой эсэхийг хайхад дараах үр дүн илэрлээ.  

2024 онд нийтэлсэн “Үе мөчний элэгдлийн эмчилгээнд үений шингэний чанарыг нөхөх, үрэлтийг бууруулах аргын дэвшил” судалгаанд үе мөчний шингэн багасах болон яс үрэгдэх үед хийдэг эмчилгээний талаар судалсан байна. Үе мөчний элэгдэл нь үений шингэнд өөрчлөлт оруулдаг бөгөөд үений хөндийд тусгай шингэн тарьж нөхөн төлжүүлдэг. Уг судалгаанд одоогийн байдлаар үений мөгөөрсийг хамгаалдаг үйлчилгээтэй баталгаат төхөөрөмж, эм байхгүй гэдгийг дурдсан.

Эрүүл мэндийн мэдээлэл түгээгч Medical news today сайтад үе мөчний мөгөөрс элэгдэх нь өвдөгний үе хоорондын зай ойртох шалтгаан болдог хэмээн тайлбарлажээ. Ойртсон үе мөч үрэлцэхэд яс гадагшаа ургах, өвдөх эрсдэл үүсдэг байна. Өвчлөлийн шинж тэмдэг, нөхцөл байдлаас шалтгаалан дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ, цаашлаад хагалгаа зэрэг эмчилгээний аргууд бий. Харин батлагдсан эмчилгээнд хайлуулах, массажны аппарат хэрэглэх зэргийг дурдаагүй. 

Кливланд эмнэлэг ясны ургалтаас болж үе мөч өвдсөн тохиолдолд мэргэшсэн эмнэлэгт хандаж, эмчилгээ авах шаардлагатай гэдгийг сануулж байна. Интернэт орчинд түгдэг “яс дэвтээж, хайлуулах” гэх ойлголт нь илүүдэл ясыг хайлуулах бус, эргэн тойронд үүссэн үрэвслийг намдаахыг хэлдэг. Үе мөчний завсарт ургасан яс болон биеийн бусад хэсгийн яс ялгаагүй байдаг учир ясыг дэвтээж, хайлуулах боломжгүй аж. Энэ тохиолдолд хүйтэн жин болон эмийн эмчилгээ үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, биеийн бүх яс ижил бүтэцтэй байдаг тул шалгасан мэдээлэлд дурдсан шиг зөвхөн ургасан ясыг хайлуулна гэх ойлголт байхгүй.

Эрдэмтэд нанотехнологи ашиглан үе мөчний элэгдлийг эмчлэх судалгаа хийж байгаа ч хэрэглээнд нэвтрээгүй байна. 

Шалгасан мэдээлэлд нанотехнологи бүхий аппарат гэж дурдсан. Нано технологи ашиглан үе мөчийг эмчлэх судалгаа хийгдэж байгаа ч хэрэглээнд нэвтрээгүй, гэрийн нөхцөлд ашиглах боломжтой хэмжээнд хөгжөөгүй.

2025 онд Pubmed судалгааны санд “Үе мөчний элэгдлийн оношилгоо, эмчилгээнд наноматериал ашиглах нь“ тойм судалгааг нийтэлсэн байна. Уг судалгаанд 2019-2025 онд хийсэн, нано технологи ашиглан үе мөчийг эмчлэх аргыг судалсан судалгаануудыг нэгтгэн, арга тус бүрийн боломж, саад бэрхшээлийг тайлбарлажээ. Үүний үр дүнд нано технологи ашиглан үе мөчний эмчилгээг сайжруулах туршилт судалгаа явагдаж байгаа боловч өргөн эмчилгээнд хэрэглэх хэмжээнд хүрээгүй хэмээн дүгнэсэн аж. 

Мөн 2022 онд нийтэлсэн “Үе мөчний элэгдэлд нанотехнологид суурилсан аргуудын боломж” судалгаанд нанотехнологи ашиглан үе мөчид очих эмийн үйлчилгээг туршсан судалгаануудыг хамруулан дүгнэжээ. Уг судалгаанд нанотехнологиор дамжуулж эмийг өвчилсөн хэсэгт үр дүнтэй хүргэх арга замыг туршсаар байна гэсэн бөгөөд үйл ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай хэмээжээ. Одоогийн байдлаар нанотехнологи ашиглан үе мөчийг эмчлэх нь өргөн хүрээнд нэвтрээгүй байна.

Эрүүл мэндийн байгууллагууд үе мөчний өвдөлтөд дараах аргуудыг зөвлөж байна. 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс үе мөчний өвдөлтийн талаар нийтлэл түгээжээ. Уг нийтлэлд нас ахих болон бусад өвчнүүдээс шалтгаалан үе мөчний өвдөлт үүсдэг гэсэн бөгөөд өвдөлт удаан үргэлжилбэл эмчид хандах шаардлагатай хэмээн зөвлөсөн байна. Үргэлжлүүлэн, үе мөчний өвдөлтийг гэрийн нөхцөлд намдаах дараах аргуудыг хүргэлээ: 

  • Өвдсөн хэсгийг амраах, 
  • 2-3 цаг тутам хүйтэн жин тавих, 
  • Эмч, эмийн санчаас өвчин намдаах эм авах, 
  • Эрүүл хүнс хэрэглэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Дүгнэлт 

Энгийн массажны төхөөрөмжийг “Нано технологийн аргаар булчингаас үе хооронд шингэн төлжүүлнэ, яс хайлуулна” хэмээн дэгсдүүлэн сурталчилж байна. Үе мөчний хооронд ургасан нэмэлт яс нь биеийн бусад ястай ижил бүтэцтэй тул хайлуулах боломжгүй. Үе мөч өвдсөн тохиолдолд өвчин намдаах арга хэмжээг авч, өвчин намдаагүй тохиолдолд мэргэшсэн эмчид хандах нь найдвартай юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Үений шингэн төлжүүлж, яс ургалтыг зогсоох үйлчилгээтэй гэх аппарат сурталчилжээ.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document