Search

“Оростой хийсэн хэлэлцээрийг баллах шахсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2090

Ерөнхий агуулга

“Шатахуун тасалдах дөхсөн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийсэн хэлэлцээг нураах дөхжээ…” гэх гарчигтай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

ЕХ-ны 21 дэх багц хоригийн жагсаалтад Монголын Чингис хаан банкыг оруулсан. Шинэчилсэн хоригийн талаарх тойм мэдээлэлд гурван улсын дөрвөн банк яригдаж байгаагийн дотор Монгол улсын банк байгаа гэснийг ташаарсан байна. Угтаа Энэтхэгийн 2, Кыргызстан, Монголын тус бүр нэг банкны тухай мэдээлсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 24-нд Нэгүүн.мн хуудсанд “Шатахуун тасалдах дөхсөн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийсэн хэлэлцээг нураах дөхжээ…” гэх гарчигтай пост оруулжээ. Уг постод:

“…Газпромын удирдлага: -Манай компанийн ХХБ дахь дансыг яагаад хаасан бэ? гэж асуухад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: -Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлэхэд зориулж мөнгө угаасан, гүйлгээ хийсэн, бэлэн мөнгө гаргасан байж болзошгүй мэдээлэл олон улсад цацагдсан. Үүнээс болж хязгаарлалт тогтоосон хэмээн хариулсан гэх мэдээлэл байна. Ингэснээр яриа хэлэлцээ хурцдаж, Газпромын удирдлагын зүгээс бухимдал үүсэж, хэлэлцээг бүр зогсоох дээрээ тулсан гэх нөхцөл байдал үүссэн байна.” гэжээ.

Уг мэдээллийг 1.7 мянга гаруй реакц, 809 сэтгэгдлээр идэвхжүүлж, 988 удаа цааш түгээжээ.

“Монголын хоёр банк дайныг санхүүжүүлсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Европын Холбоо 2026 оны 07 дугаар сарын 23-нд “Оросын эсрэг хязгаарлалтын арга хэмжээний тухай” 21 дэх багц хоригоо зарласан. №2026/1848 тоот уг журмаар Монголын “Чингис Хаан” банкыг хязгаарлалтын жагсаалтад оруулсан бөгөөд уг хориг нь 2026 оны 08 дугаар сарын 13-наас хүчин төгөлдөр болсон байна.

Мөн, Хориг арга хэмжээ, хяналтын жагсаалт, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нээлттэй эх сурвалжийн мэдээллийн сан болох OpenSanctions-д Чингис хаан банкны мэдээллийг байршуулсан бөгөөд Украин болон Европын холбооны хоригт орсон гэжээ. Уг жагсаалтад Газпром банкыг дэлхийн 30 улсад хоригт орсон гэж тэмдэглэсэн байна.

  • Харин энэ жагсаалтад Монголын нэг л банк байгаа нь “Чингис хаан” банк бөгөөд шалгасан мэдээлэлд дурдсан Худалдаа хөгжлийн банк байхгүй байна.

Энэ тухай 07 дугаар сарын 24-нд Монголбанкнаас албан мэдэгдэл гаргасан:

  • “Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Чингис Хаан банканд хамаарах бөгөөд Монгол Улс, Монгол Улсын банкны систем, санхүүгийн салбарт бүхэлд нь чиглэсэн арга хэмжээ биш болохыг Европын Холбооны эрх бүхий байгууллага албан ёсоор мэдэгдсэн болно.” гэсэн ба
  • “Монголбанк тухайн банктай холбоотой эрсдэлийг өмнө нь үнэлж, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Монгол Улсын төлбөрийн системд шууд оролцох эрхийг хязгаарлах зэрэг зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн” гэжээ.

ЕХ-ны хоригт “Чингис хаан” банк орсныг зарлахаас өмнө УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “дайныг санхүүжүүлсэн хоёр банк” гэх батлагдаагүй мэдээллийг чуулган дээр ярьжээ

Энэхүү мэдэгдлүүдээс өмнө буюу 07 дугаар сарын 1-ны өдрийн чуулганы хуралдаанд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр М.Анарыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуулт асуухдаа дараах мэдээллийг өгсөн. Тэрээр,

Энэ асуултын хариуд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт

  • “Мөнгө угаах, дайныг санхүүжүүлэх нь маш ноцтой асуудал. Төв банк зохицуулагчийн үүднээс дүрэм, журмыг чанд мөрдүүлэх чиглэлийг арилжааны банкнуудад өгч ажиллаж байгаа. Таны асууж байгаа хоёр банк гэдэгт бидэнд албан ёсны захидал, мэдэгдэл ирээгүй. Бид мэдээлэл гарсан даруйд Европын Холбооноос тодруулсан. Хариуд нь, “Танай банкуудын 2022 оноос хойш хийсэн гадаад гүйлгээ, тэр дундаа ОХУ-тай хоригийг тойрч оролцсон байж болзошгүй гүйлгээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Нэг банкны асуудал яригдаж байна. Гэхдээ энэ нь танай улсын банкны системд нөлөө үзүүлэхүйц үр дагаваргүй учраас та нарт албан ёсны мэдэгдэл өгөөгүй” гэж хариулсан” гэжээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн өгсөн мэдээллийг нягталж, Financial Times-д “Mongolia” түлхүүр үгээр хайхад 2026 оны 06 дугаар сарын 9-нд нийтэлсэн “EU considers suspending rise in Russian oil price cap” нийтлэлд ЕХ-ны 21 дэх багц хоригийн тухай мэдээлэхдээ “That included four banks in Kyrgyzstan, Mongolia and India” (Кыргызстан, Монгол, Энэтхэгээс нийт дөрвөн банк) гэсэн байна. Тодруулбал, “Уг мэдээлэлд “Оросын 31 банк, гуравдагч орнуудын 20 газрын тосны худалдааны байгууллага, крипто платформууд, мөн Кыргызстан, Монгол, Энэтхэгээс нийт 4 банк” гэсэн байна.

Үүнийг О.Цогтгэрэл гишүүн “Монголоос хоёр банк юм байна” гэж буруу ойлгосон байх магадлалтай. Харин 07 дугаар сарын 24-нд буюу ЕХ-ны 21 дэх багцыг зарласны дараа дурсан 4 банкны нэр тодорхой болсон бөгөөд Энэтхэгийн хоёр банк, Монгол, Кыргызстаны тус бүр нэг банк хоригт оржээ. Тодруулбал,

  1. Кыргызстан улсын “Eco-Islamic Bank”
  2. Монгол улсын “Chinggis Khaan Bank”
  3. Энэтхэг улсын “Sberbank”
  4. Энэтхэг улсын “VTB” гэсэн 4 банк хоригт орсон байна.

ХХБ хоригт орох тухай мэдээлэл байхгүй

“Хоригт орсон хоёр банкны нэг” гэх ХХБ-ны албан ёсны сайт дээр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлж байгаа тухай мэдээлэл байна. Харин ЕХ-ны 21 дэх багцад орсон Монголын Чингис хаан банк нь 2020 оноос гадаад төлбөр тооцоо гүйцэтгээгүй гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Чингис хаан банкны вебсайтад “Чингис хаан банк нь бодлого өөрчлөлтийн хүрээнд гадаад харилцаа, түүнтэй холбоотой үйл ажиллагааг хумигдуулсан бөгөөд 2020 оноос хойш гадаад төлбөр тооцоог гүйцэтгээгүй болно” гэж мэдэгдэл гаргаж байсан. Уг мэдэгдлийг нийтэлсэн огноог тавиагүй байна.

ХХБ-ны вебсайтад 2026 оны 06 дугаар сарын 30-нд олон улсын зээлжих зэрэглэлийг В1 болгож нэмэгдүүлсэн тухай мэдээлэл байна. Уг мэдээнд, “Moody’s-ээс онцолсноор ХХБ-ны активын чанар, хөрвөх чадварын үзүүлэлт, эх үүсвэрийн бүтэц тогтмол сайжирсан нь үнэлгээ өсөхөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн Moody’s “Энэхүү ахиц нь ХХБ-ны санхүүгийн тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан дэвшлийг бататгаж байна” гэж мэдэгдэв. ХХБ-ны зээлжих зэрэглэл ийнхүү нэмэгдсэнээр банкны харилцагчид, түншүүд болон хөрөнгө оруулагчдын итгэл улам батжиж байгаагаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлээс гадаадын хөрөнгө оруулалт татах, эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж илүү нэмэгдэж байгаа юм” гэжээ.

Нэмэлт мэдээлэл:

Дээрх баримтуудаас хойш буюу сүүлийн үед ямар мэдээлэл гарсан талаар Financial Times-д хугацаагаар хязгаарласан хайлт хийхэд өөр нэгэн ноцтой мэдээлэлд Монголын нэр дурдагдсан байна. 09 дүгээр сарын 25-нд “Russia’s $6.9bn sanctions evasion scheme” буюу “Оросын хориг арга хэмжээг тойрох 6.9 тэрбум ам.долларын санхүүгийн схем” нийтлэлд A7-ийн дотоод файлуудыг авч, $6.9 тэрбумын гүйлгээ, хуурамч баримт, олон улсын банкуудын дансыг ил болгосон.

A7 нь 2024 оны 09 дүгээр сарын 2-нд байгуулагдсан Оросын санхүүгийн сүлжээ бөгөөд Орос, Кыргызстанд байрласан санхүүгийн бүтэц, хэрэгслүүдийг ашиглаж, Оросын хоригийг тойрох хил дамнасан төлбөрийн сувгийг бий болгосон байна. Мөн АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC)-ны нэр заасан этгээдийн (SDN) жагсаалтад “Оросын Пром Связь банк (PSB)-тай холбоотой байгууллага” гэж тэмдэглэжээ.

FT-ийн нийтлэл нь A7-ийн 2024 оны сүүлээс 2025 оны 08 дугаар сар хүртэлх олон зуун мянган баримтад анализ хийж, банкны системд ил харагдах төлбөрийн баримтын цаана Оросын хоригт орсон этгээд биш, харин гуравдагч орны энгийн худалдааны компани харагддаг, үүний цаана A7-ийн хуурамч нэхэмжлэх, барааны тайлбар, гаалийн код, компанийн тамга зэргээр дэмждэг байсан зэргийг гаргаж харуулжээ. Гэхдээ энэ нийтлэлд Монгол Улс сүлжээний нэг хэсэг байдлаар дурдагдсан ч Монголын хоёр банкны нэр, мөнгө угаасан тухай дүгнэлт байхгүй.

ОУВС-ын 2023 оны тайланд “Монгол Улс ОХУ-ын шатахууны төлбөрт ашигладаг бүх ам.долларын корреспондент харилцаагаа алдсан, улмаар Хятадын банкуудаар юаниар төлбөр хийхэд хүрсэн” гэдгийг тэмдэглэсэн байдаг.

Зохион байгуулалттай түгээж буй шинж

Шалгасан мэдээллийг нэг хаягаас богино хугацаанд олон тооны группэд шэйрлэсэн бөгөөд ижил агуулгаар лайв хийж ярих, пост хийх зэргээр түгээж байна.

Дүгнэхэд, ЕХ-ны 21 дэх багц хоригийн жагсаалтад Монголын Чингис хаан банкыг оруулсан. Шинэчилсэн хоригийн талаарх тойм мэдээлэлд гурван улсын дөрвөн банк яригдаж байгаагийн дотор Монгол улсын банк байгаа гэснийг ташаарсан байна. Угтаа Энэтхэгийн 2, Кыргызстан, Монголын тус бүр нэг банкны тухай мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шатахуун тасалдах дөхсөн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийсэн хэлэлцээг нураах дөхжээ…” гэх гарчигтай пост оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document