Search

Францад гурван жилийн өмнө болсон жагсаалын бичлэгийг одоо өрнөж буй мэтээр түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2084

Ерөнхий агуулга

“Шуурхай. Францад нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч байна” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Франц улсад төрийн албан хаагч, сурагчид жагсаал өрнүүлж байгаа нь үнэн боловч шалгасан мэдээлэлд 2023 онд болсон тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой жагсаалын бичлэгийг хавсаргажээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 09 дүгээр сарын 30-нд Journas.mn хуудаснаас “ШУУРХАЙ. ФРАНЦАД НИЙГМИЙН БУХИМДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ БАЙНА. 2026 оны 9-р сарын 29-нд Франц даяар төрийн албан хаагчид үндэсний хэмжээний ажил хаялт зохион байгууллаа. Тус улсын найман томоохон үйлдвэрчний эвлэл хамтран нийт 91 байршилд 170 гаруй жагсаал зохион байгуулав. Францын төрийн албанд ажилладаг 5.7 сая хүний 40 орчим хувь ажил хаялтад нэгдсэн бөгөөд багш, эмнэлгийн ажилтан, орон нутгийн захиргааны ажилтнууд оролцжээ. Мөн 10,000 гал сөнөөгч Парист цугласан байна. Ажил хаялтын гол шалтгаан нь 2027 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх шийдвэр юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн үзэж буйгаар инфляц үргэлжилж байгаа энэ цаг үед цалин нэмэхгүй байх нь ажилтнуудын бодит орлогыг бууруулж байна гэж үзэж байгаа юм. Парист болсон жагсаалын үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар жагсаалыг хяналтдаа авах арга хэмжээ авчээ” гэх тайлбартайгаар цагдаа жагсагчдыг цохиж буйг дүрсэлсэн жагсаалын бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 594 реакц, 55 сэтгэгдлээр идэвхжүүлж, 542 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2023 оны 01 дүгээр сараас эхлэн интернэт орчинд өргөн тархсан бичлэг, зураг илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, Италийн La Stampa,  Туркийн Haberet мэдээллийн сайтад 2023 оны 01 дүгээр сарын 19-нд нийтлэгдсэн жагсаалын тухай мэдээлэлд шалгасан бичлэгийн хэсгийг хавсаргажээ. Мөн  @sgtkerryschmidtpolice4431 Youtube сувагт 2023 оны 01 дүгээр сарын 20-нд тус жагсаалын бичлэгийг нийтэлжээ. Доорх зурагт шалгасан бичлэг болон мэдээлэлд харуулсан зургийг харьцуулан харууллаа.

2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл Франц улсад  тэтгэврийн шинэчлэлийн эсрэг хөдөлгөөн өрнөж, улс орон даяар жагсаал хийсэн. 2023 оны эхлэлд Францын засгийн газар тэтгэврийн тогтолцоо дампуурахаас сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас тэтгэврийн насыг 2 жилээр нэмэгдүүлж, 64 болгосон. Үүний улмаас үйлдвэрчний эвлэлийн томоохон байгууллагууд нийтийн ажил хаялт зохион байгуулж, жагсаал хийсэн байна. (Reuters, BBC, AlJazeera, Rapporteur)

Үүнээс харахад шалгасан мэдээлэлд одоо өрнөж буй жагсаалыг тайлбарлаж, “цагдаа нар арга хэмжээ авсан” гэж дурдсан боловч бичлэгийн эхлэл хэсэгт 3 жилийн өмнөх жагсаалын бичлэгийг оруулжээ.

Харин шалгасан бичлэгийн сүүлийн хэсэгт одоо өрнөж буй жагсаалын бичлэгийг нийлүүлж, эвлүүлсэн байна. Тодруулбал, Францын ахлах ангийн сурагчид 09 дүгээр сарын 29-өөс сургуулийн орчин нөхцөл, багшийн хомсдол зэргээс шалтгаалан сургуулиудын замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхэлсэн. Мөн багш, эрүүл мэндийн салбар, гал түймэртэй тэмцэх алба зэрэг төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэхийг шаардаж Франц даяар хөдөлгөөн өрнүүлж байна. Францын засгийн газар 2027 оны төсвөө 2 тэрбум еврогоор хэмнэхийн тулд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхгүй, хэмнэлт хийх санал гаргаснаас үүдэн жагсаал үргэлжилсээр байна. (BBC, AlJazeera, Reuters, The Guardian, France 24)

Дүгнэлт

Франц улсад төрийн албан хаагч, сурагчид жагсаал өрнүүлж байгаа нь үнэн боловч шалгасан мэдээлэлд 2023 онд болсон тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой жагсаалын бичлэгийг хавсаргажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

La Stampa мэдээллийн сайт

Haberet мэдээллийн сайт

@sgtkerryschmidtpolice4431 Youtube суваг

2023 оны 01 дүгээр сард болсон жагсаалын мэдээлэл

2026 оны 09 дүгээр сарын 29-нд эхэлсэн жагсаалын мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шуурхай. Францад нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч байна” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document