2026 оны 05 дугаар сарын 18-нд 20x Collagen Chia Coffee Албан ёсны дэлгүүр нэртэй хуудаснаас тураах кофе сурталчилсан пост нийтэлснийг нийт 916 реакц, 1,400 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 207 удаа цааш түгээжээ. Тус постод “Өөх шатаах үйл явцыг дэмжинэ, жин бууруулахад тусална, коллагенаар баяжуулсан – арьсыг чангална, чиа үр + хүчтэй идэвхт найрлагатай, арьсны өнгийг илүү гэрэлтсэн болгоно. Эм уух шаардлагагүй, хэт хатуу дэглэм хэрэггүй, төвөгтэй бүтээгдэхүүн хэрэггүй” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Хаяг шалгах
20x Collagen Chia Coffee Албан ёсны дэлгүүр хуудас нь 2026 оны 03 дугаар сарын 19-нд нээгдсэн бөгөөд нийт 661 дагагчтай байна. Хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас нэг админ удирдаж байна. Танилцуулга хэсэгтээ “албан ёсны борлуулагч” гэж бичсэн боловч хаяг байршил, холбогдох дугаар, дэлгэрэнгүй танилцуулга бүтээгдэхүүний тухай мэдээлэл зэргийг огт оруулаагүй байна. Эдгээр нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүн борлуулж буй demejinekr.asia гэх сайтыг URL Void хэрэглүүрээр шалгахад 2025 оны 11 дүгээр сард бүтгэгдсэн, Вьетнамд байршилтай байна. Мөн тус сайт нь нэг хуудас бүхий хуурамч сайтын шинж тэмдгийг агуулж байна. Үүнд:
- Сайтын тухай мэдээлэл байхгүй.
- Нэг хуудас бүхий үргэлжилсэн.
- Нэмэлт цэс, хүргэлтийн нөхцөл зэрэг мэдээлэл байхгүй.
- Ихэвчлэн “яг одоо худалдан аваарай”, “хямдралтай” гэсэн бичиг байршуулдаг.
- Оруулсан товч дээр дарах боломжгүй байдаг.
“Коллаген чиа үртэй кофе” бүтээгдэхүүний орц найрлагууд жин хасахад нөлөөтэй нь баттай нотлогдоогүй.
Шалгасан мэдээлэлд харуулсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Monkeyhome, Amazaon, Ebay зэрэг худалдааны сайтын илэрцүүд гарч ирлээ. Бүтээгдэхүүний мэдээлэлд орц найрлагад “Кофены үр, Garcinia cambogia, чиа үр, сакура цэцэг, цагаан усан үзэм, Гожи жимс, ” орсон гэж бичжээ. Иймд PubMed, Google Scholar, Science Direct, ResearchGate зэрэг олон улсын нээлттэй судалгааны сангаас бүтээгдэхүүний орц найрлагын түлхүүр үгээр хайхад эдгээр ургамлыг нэгтгэж, туршиж, жин хасах үйлчилгээтэй болохыг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй байна.
Бид өмнө нь Л-карнитин (L-carnitine) агуулсан кофены мэдээллийг шалгаж, тус нэгдэл нь жин хасахад бага зэрэг нөлөөтэйг харуулсан боловч урт хугацааны хэрэглээ үр дүнтэй холбоотой нэмэлт, нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай тухай мэдээлж байсан. Мөн ““Илүүдэл өөхийг бүрэн арилгана” гэх агуулга бүхий бичлэг төөрөгдүүлсэн” баримт шалгалтад Garcinia cambogia агуулсан тураах бэлдмэлийн тухай нягталж, мэдээлж байсан. Garcinia Cambogia нь жин хасахад нөлөөтэй гэсэн судалгаа бий ч нөлөөгүй гэсэн судалгаа бас бий. Өөрөөр хэлбэл, үр дүн нь холимог буюу баттай биш юм. Мөн ховор тохиолдолд элэгт сөрөг нөлөө үзүүлдэг ба Австрали, Франц улс элэгний ямар нэг өвчинтэй хүмүүс хэрэглэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Мөн Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Garciana Cambogia агуулсан бүтээгдэхүүний шошгод “Ховор тохиолдолд элэг гэмтээж болзошгүй, хэрэглэх үед алкохол уухаас зайлсхийх хэрэгтэй” гэж өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг энэ оны 2025.09.23-нд гаргасан байна.
8 клиник туршилт, 372 оролцогч хамруулсан мета-анализ тойм судалгаагаар чиа үр нь цусны даралт, бэлхүүсний тойргийг тодорхой хэмжээгээр буулгаж байгааг харуулсанд биеийн жин, биеийн жингийн индекст өөрчлөлт гараагүй болохыг харуулжээ. Мөн чиа үрийн бэлдмэл хэрэглэсэн 10 туршилтыг тоймлон судалсан мета-анализ судалгааны үр дүнд бэлхүүсний тойргийг тодорхой хэмжээгээр буулгасан ч биеийн жингийн индекст тодорхой өөрчлөлт гараагүй байна. Чиа үр нь омега-3 тосны хүчил, антиоксидант, амин дэм, эрдэс бодис, эслэг агуулдаг учир хоол боловсруулалтыг дэмжиж, цатгалан мэдрэмж өгдөг. Гэвч энэ нь шууд тураах, өөх шатаах үйлчилгээтэй гэсэн үг биш юм.
2019 онд нийтлэгдсэн судалгаагаар 90 оролцогч хамруулж 12 долоо хоногийн турш коллагены пептид хэрэглэж туршилт хийжээ. Тус туршилтын үр дүнд биеийн өөхний хувь, жин тодорхой хэмжээгээр буурсан болохыг харуулсан. Мөн 74 оролцогч хамруулж, 12 долоо хоногийн турш өдөрт 15 гр коллагены бэлдмэл хэрэглэсэн туршилтын үр дүнд биеийн өөхний масс тодорхой хэмжээгээр бууруулсан байна. Өөр нэг туршилтад 64 хүн хамруулж, 12 долоо хоногийн турш өдөрт 20 грамм тусгай аргаар боловсруулсан үхрийн коллаген хэрэглэсэн бөгөөд үр дүнд биеийн жин, биеийн жингийн индекс, өөх хэмжээ тодорхой хэмжээгээр бууруулсныг харуулсан. Эдгээр судалгаанд өөр өөр аргаар бэлтгэсэн коллагены бэлдмэл, нэмэлтийг ашигласан. Мөн биеийн жинг тодорхой хэмжээгээр бууруулж байгааг харуулсан ч өөх шатааж, жин бууруулах гол арга гэдгийг бүрэн батлаагүй юм.
Дээрх судалгаануудаас харахад эдгээр орц найрлага тус бүрийг жин хасах, өөх шатаах үр дүнтэйг баттай нотлоогүй бөгөөд шалгасан бүтээгдэхүүний тунтай харьцуулахад илүү өндөр тус эсвэл нэмэлт бэлдмэл, ханд хэлбэрээр туршиж хэрэглэсэн. Мөн эдгээр орц найрлагыг нэгтгэн үр дүнтэйг баталсан судалгаа огт байхгүй юм.
Дүгнэлт
Вьетнамаас удирдлагатай хаягаас жин хасах нөлөөгүй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулж байна. “Коллаген чиа үртэй кофе” гэх бүтээгдэхүүний орц, найрлагад дурдсан ургамлуудыг нэгтгэн судалсан нотолгоо байхгүй бөгөөд тус бүрийг дангаар нь авч үзэхэд жин хасах үр нөлөө баттай нотлогдоогүй.


