2026 оны 09 дүгээр сарын 29-нд Amgalan Amka Facebook хаягаас “Билл Гейтсийн дэлхийн шумуулын хөтөлбөр” гэх пост түгээжээ. Тухайн постод “Билл Гейтсийн генийн өөрчлөлттэй шумуул үржүүлгийн үйлдвэр нь Колумб улсад байдаг ба дэлхийн хамгийн томд тооцогддог шумуул үржүүлгийн үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь эдгээр генийн өөрчлөлттэй шумуулаа долоо хоног бүр 11 улс руу 30-н сая шумуулыг цацаж явуулдаг байна” гэх зургийг хавсаргаж, тайлбар хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлаж, эх сурвалжуудын линкийг байрлуулжээ. Уг постыг 43 реакц, 12 сэтгэгдлээр идэвхжүүлж, 50 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Дэлхийн шумуулын хөтөлбөр Билл Гейтсийн байгууллага биш.
Шалгасан мэдээлэлд дурдсан “Дэлхийн шумуулын хөтөлбөр” (World Mosquito Program) ашгийн бус байгууллагыг 2011 онд Австралийн Монаш их сургууль денге, зика вирусийн халдвар, шар чичрэг, чикунгунья вирусийн халдвар гэх мэт шумуулаар дамждаг халдварт өвчнүүдтэй тэмцэх зорилгоор үүсгэн байгуулжээ.
Уг байгууллагын он цагийн мэдээллийг шалгахад 2004 онд “Билл ба Мелинда Гейтс сан” энэхүү байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, Америкийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн сангаар дамжуулан тэтгэлэг, санхүүжилт олгох санал тавьсан байна. Түүнээс хойш Вьетнам, Австрали зэрэг улс Дэлхийн шумуулын хөтөлбөртэй хамтран ажиллаж, нэг хэсэг болжээ.
Өөрөөр хэлбэл, “Дэлхийн шумуулын хөтөлбөр”-ийг Монаш их сургууль үүсгэн байгуулсан бөгөөд Билл Гэйтс 2004 онд үйл ажиллагааг нь дэмжсэн байна. Шалгасан мэдээлэлд дурдсан “Билл Гейтсийн дэлхийн шумуулын хөтөлбөр” гэх нь худал мэдээлэл юм.
Билл Гэйтсийн яриаг буруугаар ойлгуулж байна.
Шалгасан мэдээлэлд Билл Гейтсийн “Тhe Wall Street Journal” сонинд өгсөн “Миний хийсэн шилдэг хөрөнгө оруулалт” ярилцлагыг дурдаж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын мөнгөн ашгийн хэмжээг хувийн ашиг мэт тайлбарласан. Уг мэдээллийн дагуу хайхад дараах үр дүн илэрлээ.
Билл Гейтс 2019 оны 01 дүгээр сарын 16-нд “Тhe Wall Street Journal” сонинд ярилцлага өгсөн байна. Уг ярилцлагад нийгмийн эрүүл мэндийн төлөөх байгууллагуудад хөрөнгө оруулах нь тухайн нийгэмд эргүүлээд ямар ашиг өгдөг талаар өгүүлсэн аж. Түүний хэлснээр 10 тэрбум долларыг хөрөнгийн биржээр өсгөж, тараахын оронд хөгжиж буй орны эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулах нь нийгэм эдийн засагт 10-20 дахин өндөр өгөөжтэй юм. Өөрөөр хэлбэл түүний яриа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж өөртөө ашиг авах бус тухайн салбарт хөрөнгө оруулснаар нийгэмд ямар хэмжээний ашиг үүсдэгийг тайлбарласан хэсэг юм.
“Хэрэв би 10-н Тэрбум Доллароо энгийн хувьцаанд хөрөнгө оруулсан бол 18-н жилийн хугацаанд ногдох ашгаа эргүүлэн хөрөнгө оруулалт хийсэн гэж тооцсон ч сайндаа л 17-н Тэрбум болтол өсөх байлаа”, “Хөрөнгө оруулалт маань бидний тооцоолж байгаагаар 20 дахин өсөн эргэж ирсэн” болон “Өнгөрсөн 20-н жилийн хугацаанд 200-н Тэрбум Долларын ашиг авчирсан” гэсэн нь хувийн орлого бус нийгэмд үзүүлсэн эерэг нөлөөг мөнгөөр хэмжсэн жишээ юм.
“Дэлхийн шумуулын хөтөлбөр” генийн өөрчлөлттэй шумуулаар халдварт өвчин тараах бус үржүүлгийн аргаар халдварт өвчний эсрэг тэмцэж байна.
“Дэлхийн шумуулын хөтөлбөр” байгууллага нь халдвар тээгч “Aedes aegepti” төрлийн шумуулыг багасгах дараах аргыг голлон хэрэгжүүлдэг:
- Шавж үргүй болгох – Эр шумуулыг үргүй болгож буцаан тарааснаар эм шумуултай үржилд орж, шумуулын тоо хэмжээ өсөхгүй.
- Үр төл нийцэхгүй болгох – Шумуулыг волбахиа бактери тээгч болгож үржүүлсний үндсэнд эр шумуулыг байгальд тараах арга. Волбахиа бактери тээгч эр шумуул үржилд орсны дараа эм шумуулын өндөг үржихгүй. Үүнийг шавж үргүй болгох аргатай хослуулснаар шумуулын тоо толгой буурна.
Энэхүү аргын талаар АНУ-ын Өвчний хяналтын төвөөс мэдээлэл түгээжээ. Волбахиа нь эрвээхэй, зөгий, цох, гэх мэт шавжид түгээмэл байдаг бактери юм. Энэ бактери нь загас, шувуу, тэжээвэр амьтан, хүн гэх мэт бусад амьтдан, байгаль орчинд өвчин халдаадаггүй байна. Гэвч “Aedes aegepti” төрлийн шумуулд волбахиа бактери байхгүй тул денге, зика вирусийн халдвар, шар чичрэг, чикунгунья вирусийн халдвар хүмүүст халдаадаг. Эдгээр халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эрдэмтэд волбахиа бактери ашиглаж зөвхөн энэхүү төрлийн шумуулын тоо хэмжээг бууруулахыг зорьж байна. Волбахиа бактери тээсэн шумуулыг үржүүлгээр үүсгэдэг буюу генийн өөрчлөлтгүй юм.
Үргэлжлүүлэн, уг төвөөс волбахиа бактери агуулсан “Aedes aegepti” төрлийн шумуулыг хэрхэн лабораторид үржүүлж, ашиглаж байгааг тайлбарлажээ.
- “Aedes aegepti” шумуулын өндгөнд волбахиа бактерийг хийнэ.
- Волбахиа бактеритай шумуул бойжиж, томорно.
- Томорсон шумуулыг эр, эмээр ялгана. Зөвхөн эр шумуулыг байгальд тавина.
- Волбахиа бактери агуулсан эр шумуул байгаль дахь эм шумуултай үржилд орох үед тухайн шумуулаас гарсан өндөг бойжиж, авгалдай болохгүй.
- Өндөг бойжихгүй учир “Aedes aegepti” шумуулын тоо толгой багасна.
2010 онд Дэлхийн шумуулын хөтөлбөрийн аюулгүй байдал, үр дүнг Австралийн “Хамтын нөхөрлөлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн судалгааны байгууллага” тодорхойлж, баталсан байна.
Үүнээс үзвэл “Дэлхийн шумуулын хөтөлбөр” байгууллага нь хүн амын тоог цөөлөх халдварт өвчин тараагаагүй. Энэхүү байгууллага нь халдвар түгээгч “Aedes aegepti” төрлийн шумуулын тоо толгойг бууруулж, уг шавжаар түгдэг халдварт өвчнийг зогсоохоор ажиллаж байна.
Халдварт өвчинтэй тэмцэх шумуулыг хэрхэн тараасан бэ?
Шалгасан мэдээлэлд “Билл Гэйтсийн Африк дахь Биолаборторид долоо хоногт 30-н Сая Халдвар Шумуул үржүүлдэг ба нэг онгоцоор цацахдаа 700-н Сая шумуул цацдаг гэжээ” гэжээ. Уг агуулгын дагуу хайхад дараах үр дүн илэрлээ.
“Дэлхийн шумуулын хөтөлбөр” байгууллагын нийтэлснээр шумуулаар халдварладаг өвчин түгэх хамгийн өндөр магадлалтай суурин газруудад волбахиа бактери агуулсан шумуул түгээдэг байна. Түгээх шумуулын тоог халдварт өвчний эрсдэл, хамрах талбайг тооцоолсны үндсэнд тооцоолдог. Түгээсэн шумуулын тоог улс бүрт хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнгийн судалгаанд оруулсан байна. Жишээлбэл:
| Газрын нэр | Түгээсэн хугацаа | Нийт түгээсэн шумуулны тоо |
|---|---|---|
| Сингапур | 209 долоо хоног (4 жил) | 109.5 сая |
| Пуэрто-Рико | 2 жил | 107.6 сая |
| Мексик | 24 долоо хоног | 1 сая |
Олон улсад энэхүү үйл ажиллагааг явуулснаар 2022 он гэхэд 10 сая хүнийг шумуулаар халдварладаг өвчнөөс хамгаалжээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн төвүүд шалгасан мэдээллийн агуулагатай төстэй мэдээллийг баримтаар шалгаж, худал, төөрөгдүүлсэн гэдгийг илрүүлсэн.
Олон улсын баримт шалгах төвийн гишүүн Lead Stories баримт шалгах төв 2023 онд “Колумбын Медельин хот дахь ‘шумуулын үйлдвэр’-ийг Билл Гейтс бариулаагүй бөгөөд хүмүүсийг вакцинжуулах зорилготой биш” гэх тайлан гаргасан байна. Уг баримт шалгалтад “Дэлхийн шумуулын хөтөлбөр” нь Билл Гэйтсийн өмч биш гэдгийг тодруулж, шумуул вакцинтай ямар ч холбоогүй гэдгийг тайлагнажээ.
Мөн Олон улсын баримт шалгах төвийн гишүүн AP Fact check болон Politifact баримт шалгах төв “Дэлхийн шумуулын хөтөлбөр”-өөс тараасан шумуул нь халдварт өвчинтэй тэмцэх зорилготой, хүмүүст халдварт өвчин тараахгүй гэдгийг мэдэгдэж, тайлан гаргажээ.
Шалгасан мэдээлэлд дурдсан эх сурвалжууд баталгаагүй.
Шалгасан мэдээлэлд эх сурвалж болгосон линкүүдийг шалгахад баталгаат эх сурвалж илэрсэнгүй. Тайлбарыг дараах хүснэгтэд орууллаа.
| Эх сурвалж болгосон хаяг | Шинж тэмдэг | Баталгаат эсэх |
| Richiefromboston | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| The Free Texan | Албан ёсны байгууллагын бүрэн мэдээлэл байхгүй, улс төрийн агуулгатай мэдээ тараадаг | Үгүй |
| Жамъян Долгорсүрэн | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Karen Fox | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Charlotte Cramer | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Claudia Lopez | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Nicolas Hulscher | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Steve Mueller | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Amgalan Amka | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Dana Metcalf Quillman | Албан ёсны байгууллага биш, хувийн үзэл бодол түгээдэг | Үгүй |
| Christina Aguayo News | Хэт нэг талыг барьдаг сэтгүүлчийн хувийн суваг | Үгүй |
Эдгээр нь бүгд хувь хүний Facebook хаяг, хуудас байна. Хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сан, олон улсын сэтгүүлд хянан баталгаажуулалт хийлгэсэн нийтлэлээ гаргаагүй, албан ёсны байгууллага бус мэдээлэл түгээгчид бол баталгаат эх сурвалж биш юм.
Дүгнэлт
“Дэлхийн шумуулын хөтөлбөр” эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүн ам устгах төлөвлөгөө мэт тайлбарлаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Энэхүү байгууллага нь Билл Гэйтсийн өмч биш бөгөөд шумуулаар халдварладаг денге, зика вирусийн халдвар, шар чичрэг, чикунгунья вирусийн халдвар гэх мэт өвчлөлийг бууруулах зорилгоор үйл ажилаагаа явуулж байна. “Дэлхийн шумуулын хөтөлбөр” нь халдварт өвчин тээгч “Aedes aegepti” шумуулын үржлийг бууруулах зорилготой бөгөөд тэрхүү шумуулны тоо хэмжээ тухайн бүс нутгийн өвчинд өртөх эрсдэл, хамрах хүрээнээс шалтгаалдаг байна.


