2026 оны 09 дүгээр сарын 24-нд Эрүүл Галбир Mongolia Facebook хуудаснаас “Өөрийгөө өөрчлөхийн тулд өлсөх шаардлагагүй” гэх пост түгээжээ. Уг постод “Fitgum acia berry” гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан бөгөөд “Асаи жимс, чиа үр, жимсгэний найрлагатай, усанд найруулж уудаг нунтаг ундааг өдөр тутам хэрэглэвэл хоолны дэглэм барихгүй жин хасах боломжтой” гэх агуулгыг хүргэжээ. Уг постыг 52 реакц, 8 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 3 удаа түгээжээ.
Бид өмнө нь түраах бүтээгдэхүүн хэрэглэж, хялбар аргаар жин хасах агуулгатай мэдээлэлд баримт шалгалт хийж байсныг энд, энд, энд, энд, эндээс унших боломжтой.
FACTCHECK:
Шалгасан мэдээлэлд хавсаргасан линкийг шалгахад дараах үр дүн илэрлээ.
Сурталчилгаанд хавсаргасан линкэд хандахад зөвхөн доош гүйлгэж мэдээлэл харах боломжтой, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгагүй сайт илэрлээ. Тус сайтын серверийн байршлыг Urlvoid хэрэглүүрээр шалгахад Вьетнам улсаас гаралтай байна. Сайтад хямдралын мэдээлэл, худалдан авахыг уриалсан хэсгийг анхаарал татах зорилгоор тавьж, утасны дугаар, нэр болон хаягийн мэдээллийг асууж байгаа нь хувийн мэдээлэлд халдах эрсдэлтэй юм.

Шалгасан сайтын мэдээлэлд “Fitgum acia berry бүтээгдэхүүнийг 30 хоног хэрэглэсний дараа турах болно, дасгал хийх, дэглэм барих шаардлагагүй” гэсэн байна. Уг бүтээгдэхүүний гол орц найрлагыг “чиа үр, асаи жимс, цангис, улаан, хар бөөрөлзгөнө, интоор, хар бузганы жимс, гүзээлзгэнэ” гэж жагсаан оруулжээ.
Зургаар шалгах
Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр шалгахад “Fitgum acia berry”-г худалдаалж буй Facebook хуудас илэрлээ. Уг хуудаснаас “энэхүү бүтээгдэхүүн нь Филиппин улсын Хүнс, эмийн удирдлагын газрын зөвшөөрөлтэй” гэх пост түгээсэн байна. Үүнийг Филиппин улсын Хүнс, эмийн удирдлагын газраас хайхад уг бүтээгдэхүүнийг бүртгэсэн болох нь илэрлээ. Гэвч “Fitgum acia berry”-н сурталчилгаанд амласан “30 хоногт дасгал хөдөлгөөн хийлгүй турах” гэх үйлчилгээг мэргэжилтнүүд болон мэргэжлийн байгууллагууд үгүйсгэсэн байна.
Агуулга нягтлах
Шалгасан мэдээлэлд “чиа үр болон асаи жимсийг жин хасахад гол нөлөө үзүүлдэг” гэх агуулгыг хүргэж байсан. Энэхүү мэдээллийн дагуу баталгаа эх сурвалжаас хайхад дараах мэдээлэл илэрлээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Thip баримт шалгах төв чиа үр жин хасахад нөлөөлдөг эсэхийг нягталж тайлан гаргажээ. Уг баримт шалгалтад клиникийн хоол зүйч Мелани Дсоуза “чиа үр эрүүл мэндэд тустай ч үүнийг хэрэглэсэн учир жин хасна гэх нь буруу ойлголт юм. Жингээ хасахын тулд өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барих нь чухал. Мөн хурдан хугацаанд жингээ хасах гэдэг ойлголт байж болохгүй” гэсэн байна.
Мөн 2025 онд AFP баримт шалгах төв “TikTok дахь шинэ жин хасах ‘трендээс’ болгоомжил” хэмээх баримт шалгалтын тайлан гаргасан. Уг тайланд дурдсанаар чиа үр эх хэмжээгээр хэрэглэх нь жин хасах бус нэмэх, цаашлаад ходоод гэдэсний өвчлөлд эрсдэх магадлалтай гэжээ.
АНУ-ын нэгдсэн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан мэдээлэлд асаи жимсийг уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд АНУ-д “цусан дахь өндөр холестерины түвшин, бэлгийн сулрал, таргалалт, арьсны хөгшрөлт, бодисын солилцооны хам шинж болон бусад эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэдэг” гэх ойлголт түгсэн байна. Гэвч энэхүү жимсний биед үзүүлэх үр нөлөөг судалсан судалгаа хангалтгүй байгаа бөгөөд сүүлийн 5 жилд нийтлэгдсэн судалгаанд асаи жимс жин хасахад нөлөөлдөг эсэхийг батлаагүй байна.
Энэ төрлийн сурталчилгааны талаар АНУ-ын Холбооны худалдааны комиссоос зөвлөмж гаргасан. Үүнд “Дасгал хийхгүйгээр турахыг сурталчилж буй нь хуурамч бүтээгдэхүүний нэг хэв шинж. Энэ төрлийн зарим бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Амьдралын хэв маяг, хоолны дуршлаа өөрчлөхгүйгээр жингээ хасна гэдэг боломжгүй” хэмээн анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:
- Тураах тос, наалт ашиглаад л жин хасна,
- Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна,
- Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй,
- Богино хугацаанд их жин хасна,
- Хүн болгонд тохирно гэх мэт агуулга орно.
Үүнээс үзвэл шалгасан сурталчилгаа нь бодит бус үр дүнг амлаж байгаа бөгөөд хуурамч бүтээгдэхүүний хэв шинжийг агуулж байна.
Дүгнэлт
Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүй турах боломжтой гэх худал мэдээлэл түгээж, гаднын удирдлагатай сайтаар дамжуулан хувийн мэдээллээ алдах эрсдэлийг үүсгэж байна. Энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний шинж юм.


