2026 оны 09 дүгээр сарын 25-нд Болдбаатар эмч нэртэй хаягаас цусны даралтыг тэнцвэржүүлэх цай гэх бүтээгдэхүүн сурталчилсан пост нийтэлснийг нийт 145 реакц, 25 сэтгэгдлээр идэвхжүүлж, 126 удаа цааш түгээжээ. Тус постын тайлбар хэсэгт “Би 19 жилийн турш өвчтөнүүддээ буруу зөвлөгөө өгч ирсэн. Би бүтээгдэхүүнийг эндээс худалдаж авсан”
хэмээн сайтын холбоос хавсаргажээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
“Болдбаатар эмч” хаяг нь анх 2026 оны 09 дүгээр сарын 06-нд нээгдсэн байна.
Page Transparency хэсгээс пэйжийн админы тухай мэдээллийг шалгахад Бангладешд 1, Вьетнамд байршилтай 2 админ, удирдаж байна.
Цаашлаад шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ.

Сүүлийн үед гаднын улсаас удирдлагатай хуудаснаас шинжлэх ухааны баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулах нь ихэссэн. Иймд “бүх төрлийн өвчнийг шууд эдгээнэ, эмчид хандах шаардлагагүй, богино хугацаанд үр дүнд хүрнэ” гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө худалдаалж буй хаягийг шалгаж хэвшээрэй.
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэл түгээсэн хаягийн нүүр зураг болон постод хавсаргасан зургийг хйимэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг шалгадаг хэрэглүүрээр шалгахад 99,9 хувь хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа. Энэ нь “Болдбаатар эмч” гэх бодит хүн байхгүйг харуулж байна. Эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.

Цусны даралт, зүрх судасны асуудлыг дан ганц цайгаар бүрэн эмчлэх боломжгүй
Цусны даралт гэдэг нь судсаар эргэлдэж буй цусны урсгалын судасны хананд үзүүлж буй даралтыг хэлдэг бөгөөд энэ даралтын хэмжээ тогтмол өндөр байх нь даралт ихсэлттэй болсны илрэл юм. Цусны даралт ихсэлтийг 130/80 –аас дээш болсон тохиолдолд даралт ихэссэн гэж үздэг байна.
Цай нь цусны даралтыг бууруулахад тустай болохыг зарим судалгаанд дурдсан ч эмчилгээний үндсэн арга бус нэмэлт дэмжлэг хэлбэрээр ашиглах хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн даралт ихсэх өвчний хүнд шатанд зөвхөн цай хангалтгүй гэдгийг ч тэмдэглэжээ. Тухайлбал, 2015 оны “Цусны даралтад цайны үзүүлэх нөлөө: Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” судалгаанд цай уух нь цусны даралтыг бууруулахад нөлөөлөх боломжтой гэж дүгнэсэн байна. Гэвч уг дүгнэлтийг баталгаажуулахын тулд илүү нарийн судлах шаардлагатай гэж сануулсан байна. Учир нь цайгаар даралт бууруулах нь богино хугацаанд нөлөө ажиглагдсан ч урт хугацааны үр дүн тодорхойгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, цайны шинж чанараас үүдэн цусны даралт түр хугацаанд тогтворжих магадлалтай ч урт хугацаанд үр нөлөөгүй. Тиймээс эмчийн зөвлөсөн батлагдсан эмчилгээний аргыг цайгаар орлуулах нь буруу юм.
Мөн шалгасан мэдээлэлд дурдсан органик хибискус, чидун жимсний навч, османтус зэрэг орц, найрлагыг хамтад нь агуулсан цайгаар цусны даралтыг “тэнцвэржүүлсэн” гэдгийг нотолсон клиник судалгаа олдсонгүй.
АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллагын зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зөвлөмжид,
- Ханасан өөх тосноос татгалз. Амьтны гаралтай бүтээгдэхүүн болох бяслаг, өөх ихтэй мах, хурц сүүн бүтээгдэхүүн мөн далдуу модны тос зэргийг хяналттай хэрэглэ. Ханасан өөх тос ихтэй бүтээгдэхүүнүүд холестерин ихээр агуулах хандлагатай байдаг.
- Нэмэлт чихэр, давсгүй, транс тос агуулаагүй хүнсийг түлхүү хэрэглэ. Бор мах, далайн бүтээгдэхүүн, тослоггүй сүү, тараг, бүхэн үр, жимс, ногоо гэх мэт.
- Эслэг ихтэй хүнс ид. Овьёос, шош, авокадо, оливын тос, самар гэх мэт. Эдгээр нь сайн холестерины үйл ажиллагааг дэмждэг.
- Жингээ тогтмол хянаж дасгал хөдөлгөөн сайн хий. Таргалалтын түвшин ихсэх тусам таны бие холестерины хяналтаа алдаж, цуснаас муу холестериныг ялгах аргагүй болж байдаг.
- Архи, тамхинаас зайлсхий. Архины хэрэглээ холестерин болон цусан дахь триглицерид гэх нэгэн төрлийн өөхний хэмжээг нэмэгдүүлдэг бол тамхи нь судас гэмтээж, хатууруулах эрсдэлтэй.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, цайгаар цусны даралтыг түр хугацаанд тогтворжуулах магадлалтай ч батлагдсан эмчилгээний аргыг орлож чадахгүй. Түүнчлэн эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр хуурамч хаяг нээж, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.


