Search

Талхыг хөлдөөж идэхэд цусан дахь сахарын хэмжээг шууд бууруулдаг мэтээр төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2075

Ерөнхий агуулга

“Талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг байна” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Учир нь одоогоор хийгдсэн байгаа судалгаагаар талхыг хөлдөөж, дахин халааж хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ шинэ талх идсэнтэй харьцуулахад харьцангуй бага байгааг харуулсан бөгөөд энэ нь сахарын хэмжээг шууд бууруулдаг гэсэн үг биш юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар 30-нд  Cherry korea store (архивласан хувилбар) хуудаснаас “Талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг байна” гэсэн пост нийтэлжээ. Уг пост нийт 2,900 гаруй реакц, 208 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,500 гаруй удаа цааш түгээжээ.

Хөлдөөсөн талх нь цусан дахь сахарыг бууруулдаггүй ч шинэ талхтай харьцуулахад сахарын хэмжээ харьцангуй бага өсөхөд нөлөөлдгийг харуулсан судалгаа байна

Бид түгээсэн агуулгаар хайхад 2008 онд “Европын клиник хоол тэжээлийн сэтгүүлд” нийтлэгдсэн “Цагаан талхыг хөлдөөх болон шарж хэрэглэх нь түүний гликемийн хариу үйлдэлд нөлөөлөх нь” гарчигтай судалгаагаа илэрцээр гарч ирсэн.

Тус судалгаагаар цагаан талхыг хөлдөөж, дараа нь шарж хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ шинэ талх идсэн үеийнхээс бага хэмжээгээр нэмэгдэж байгааг тогтоожээ. Мөн судалгааны дүгнэлтэд “цагаан талхыг хэрэглэхийн өмнөх хадгалах нөхцөл болон бэлтгэх аргын өөрчлөлт нь гликемийн хариу үйлдлийг бууруулдаг болохыг харуулсан анхны судалгаа юм” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хөлдөөсөн талх нь цусан дахь сахарыг бууруулдаггүй ч шинэ талхтай харьцуулахад сахарын хэмжээ арай бага өссөн байна.

  • Гликемийн индекс нь хоол хүнсэнд агуулагдах нүүрс усыг хэрхэн хурдан глюкоз болгон хувиргадаг тухай ойлголтыг хүмүүст өгдөг тоо юм. Ижил хэмжээний нүүрс ус агуулсан хоёр хоол хүнс нь гликемийн индексийн тоо өөр байж болно. Энэ тоо бага байх тусам цусан дахь сахарын хэмжээ бага байх болно.
    • 55 ба түүнээс бага = Бага
    • 56- 69 = Дунд зэрэг
    • 70 ба түүнээс дээш = Өндөр

Мөн 2023 онд “Урьдчилан сэргийлэх ба нэмэлт анагаах ухааны сэтгүүл”-д нийтлэгдсэн “Цагаан талхыг хөлдөөх болон халааж хэрэглэх нь эрүүл хүний цусан дахь сахарын түвшинд нөлөөлөх нь” гарчигтай судалгаагаар мөн эерэг үр дүн гарсан байна.

Тухайлбал, хөлдөөгөөд дахин халаасан цагаан талх идсэн оролцогчдын цусан дахь сахарын хариу үйлдэл нь шинэ цагаан талх идсэн үеийнхээс бүх хугацааны интервалд бага байгааг дүгнэжээ. Шинэ талх идсэнээс хойш 30 минутын дараа цусан дахь сахарын хэмжээ хамгийн дээд цэгтээ буюу 132 мг/дл-т хүрсэн бол дахин халаасан талх идсэн үед 120 мг/дл-т хүрсэн байна.

Энгийнээр хэлбэл, хөлдөөсөн болон хөлдөөгөөгүй талх идэхэд цусан дахь сахарын хэмжээ тодорхой хэмжээнд хоёулаа өсдөг. Дээрх хоёр судалгаагаар хөлдөөж, гэсгээсэн талх идэх нь шинэ талхтай харьцуулахад цусан дахь сахарын хэмжээ харьцангуй бага нэмэгдэж байгааг харуулсан. Харин шалгасан мэдээлэлд хөлдөөсөн талх идэх нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

“Conway Medical Center” эрүүл мэндийн байгууллагын сайтад мэдээлснээр, “талхыг хөлдөөх үед түүнд агуулагдах цардуул “цардуулын ретрограджилт” гэж нэрлэгддэг үйл явцад ордог. Энэ үед цардуулын молекулууд дахин зохион байгуулагдаж, илүү нягт бүтэц үүсгэдэг бөгөөд хүний бие түүнийг өмнөхөөсөө удаан задалдаг. Ийнхүү өөрчлөгдсөн цардуулыг тэсвэртэй цардуул гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хурдан задардаг нүүрс уснаас илүүтэй хүнсний эслэгтэй төстэй байдлаар хүний биед үйлчилдэг. Үүний үр дүнд гликемийн индекс буурч, өөрөөр хэлбэл талх идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэггүй” хэмээн тайлбарласан байна.

Мөн нүүрс ус хэрэглэсний дараа хүний биед үзүүлэх хариу урвал нь зөвхөн нэг аргаас бус, хооллолт, хөдөлгөөн болон бодисын солилцоо зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Талх хөлдөөж хэрэглэх нь шийдэл бус, хэрэгжүүлэхэд хялбар жижиг өөрчлөлт байж болохыг тус нийтлэлд онцолжээ.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, “талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Учир нь одоогоор хийгдсэн байгаа судалгаагаар талхыг хөлдөөж, дахин халааж хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ шинэ талх идсэнтэй харьцуулахад харьцангуй бага байгааг харуулсан бөгөөд сахарын хэмжээг шууд бууруулдаггүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг байна” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document