Search

Бөөрний чулуу, уйланхайг тос түрхэж эмчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2074

Ерөнхий агуулга

“Бөөрний чулуу арилгаж, уйланхайг шимэгдүүлэх тос” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бөөрний чулуу, уйланхайг тосоор эмчлэхийг баталсан судалгаа, туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг бөөрний өвчин эмчилнэ гэж хэтрүүлэн сурталчилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 01-нд Биеэ хайрлая нэртэй хуудаснаас бөөрний чулуу арилгаж, уйланхай шимэгдүүлнэ гэх тос сурталчилсан зураг нийтэлснийг нийт 4,900 реакц, 4,100 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,900 гаруй удаа цааш түгээжээ. Тус постын тайлбар хэсэгт бөөрөө эмчилсэн хэрэглэгчийн сэтгэгдэл бүхий текст оруулж, тосны үйлчилгээг “Бөөр орчмын цусны эргэлтийг нэмэгдүүлнэ, бөөрний үрэвсэл, өвдөлтийг намдаана, чулуу арилгана, уйланхай болон киста шимэгдүүлнэ”  гэж тайлбарлажээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад гаднын онлайн худалдааны сайтын илэрцүүд гарч ирлээ. Тухайлбал, Alibaba, Aliexpress зэрэг худалдааны сайтад ойролцоогоор 3,000 төгрөгөөр худалдаалж байна. Гэвч бүтээгдэхүүний орц найрлагын дэлгэрэнгүй мэдээлэл, албан ёсны үйлдвэрлэгч, брэндийн мэдээлэл огт оруулаагүй нь хуурамч бүтээгдэхүүний шинж тэмдэг юм.

Үргэлжлүүлэн олон улсын нээлттэй судалгааны сангаас “бөөрний чулуу, тос” болон “бөөрний уйланхайг тос” гэх түлхүүр үгээр хайхад тос түрхэж бөөрний өвчнийг эмчилдэг болохыг баталсан судалгаа огт байхгүй байна.

Бөөрний чулуу ихэвчлэн шээс өтгөрч, талст үүсгэн бөөгнөрснөөс үүсдэг. Өөрөөр хэлбэл, шээсний замд хуримтлагдсан эрдэс бодис, бусад бодисоос үүсдэг бөөгнөрөл юм. Үүссэн чулууны хэмжээнээс хамаарч ихэнх тохиолдолд шээсээр дамжиж гадагшлах боловч их өвдөх, зовуурьтай байх эрсдэлтэй. Бөөрний чулууны хэмжээ том, шээсээр дамжиж гадагшлах боломжгүй болж, бөглөрөл үүсвэл мэс ажилбар хийх шаардлагатай байна.  Мөн удамшил, хангалттай шингэн уухгүй байх, сода ихтэй хүнс хэрэглэх, илүүдэл жинтэй байх, шулуун гэдэсний үрэвсэл зэрэг өвчинтэй бол бөөрөнд чулуу үүсэх эрсдэлтэй байна.

Бөөрний чулууны хэмжээ, байршил, төрөл зэргээс хамаарч эмчилгээ нь өөр өөр байдаг. Чулуу жижиг үед давс багатай хоол идэж, уух усны хэмжээгээ ихэсгэснээр шээсээр дамжиж гадагшлах боломжтой. Зарим тохиолдолд жорын дагуу эм бэлдмэл хэрэглэдэг. Харин томорсон тохиолдолд чулууг бутлах дууны долгион ашиглах эсвэл мэс заслын эмчилгээ хийдэг.

Бөөрний уйланхай нь бөөрний гадаргуу эсвэл дотор үүссэн нимгэн хальстай, усархаг шингэн агуулсан жижиг уутанцар юм. Ихэнхдээ хоргүй, шинж тэмдэггүй, энгийн уйланхай байдаг бөгөөд энэ үед ямар нэг яаралтай эмчилгээ шаардлагагүй. Харин хальс нь хатуурч, хэвийн бус хэлбэртэй бол хорт хавдар болох эрсдэлтэй бөгөөд эмчийн хяналтаар эм эсвэл мэс заслын эмчилгээ хийлгэдэг. Иймд бөөр өвдөж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө аваарай.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба, АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Кливланд клиник зэрэг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бөөрний чулуу, уйланхайн эмчилгээний тухай мэдээлэлд тос ашиглаж эмчлэх аргын тухай огт дурдаагүй. Үүнээс харахад шалгасан мэдээлэлд баталгаагүй бүтээгдэхүүнийг бөөрний өвчин эдгээнэ гэж хэтрүүлэн сурталчилж байна.

АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн нь ямар ч судалгаа, баталгаагүйгээр аливаа өвчнийг хурдан хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилдаг тухайн анхааруулжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч мөнгө санхүүгээрээ хохирох, өвчнийг даамжруулж, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авалгүй, хүндрүүлэх эрсдэлтэй.

Дүгнэлт

Бөөрний чулуу, уйланхайг тосоор эмчлэхийг баталсан судалгаа, туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг бөөрний өвчин эмчилнэ гэж хэтрүүлэн сурталчилж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Бөөрний чулуу арилгаж, уйланхайг шимэгдүүлэх тос” гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document