2019 оны 09 дүгээр сарын 03-нд Даваасамбуу Батмөнх Facebook хаягаас УВС АЙМГИЙН НЭГДСЭН ГРУПП🇲🇳 Facebook группэд “Путин KFC-ыг Оросод хаасан нь ийм учиртай байж” гэх зурагтай пост оруулж, дахин идэвхжүүлэн түгээж байна.
Уг постод “Тахианы мах идэж өссөн эхээс төрсөн залуус, харчуудын эмэгтэй гормон нь давамгайлж гомо болох үе шатлалаар орж эмэгтэй хүн гэж өөрийгөө төсөөлдөг болдог. Тэдэнд нөлөөлж байгаа зүйл нь тахиаг хамгийн хурдан хугацаанд таргалуулж жин нэмүүлдэг эм гормон. Гомо эрчүүд нэмэгдсэнээр нийт Монгол эрчүүдийн арван хувийг эзэлж байна. Хамгийн аюултай зүйл нь давхар биетэй эмэгтэйчүүд тэрхүү тахианы махыг идсэнээр ургийн хүйсэд хүртэл нөлөөлөх чадвартай.” гэж тайлбарласан байна. Уг постыг 84 реакц, 110 сэтгэгдлээр идэвхжүүлж, 9.9 мянган удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK:
KFC нь Украины дайны улмаас ОХУ-аас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ татах шийдвэр гаргасан
2022 оны 03 дугаар сарын 7-нд KFC сүлжээ хоолны газрыг ажиллуулдаг “Yum! Brands” компани Орос дахь хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хааж, орлогыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулах тухайгаа мэдэгдсэн. Энэ талаар 9-нд нь ОХУ-ын төвийн хэвлэл болох Интерфакс-д мөн дурдсан байна.


Шалгасан мэдээлэлд дурдсанчлан “Путин KFC-ыг Оросод хаасан” биш, Украины дайнаас шалтгаалж, KFC болон бусад сүлжээ рестораныг эзэмшдэг “Yum! Brands” компани албан ёсны мэдэгдэл гаргаж, Оросоос бизнесээ татсан байна.
Тестостероны хэмжээ их, бага байх нь бэлгийн чиг баримжаанд нөлөөлөхгүй
Эстрогэн нь хүний эмэгтэй даавар бөгөөд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд их, бага хэмжээгээр байдаг. Уг даавар нь эмэгтэй хүний бэлгийн бойжилт, яс, цусан дахь сахарын хэмжээ, эрэгтэй хүний биеийн өндөр, яс зэрэгт нөлөөлдөг. Эстрогэн даавар хэт их байх нь эрэгтэй хүнд үргүйдэл, бэлгийн сулрал, зэрэг сөрөг нөлөөг дагуулдаг байна. Харин тестостерон нь хүний эрэгтэй даавар юм. Энэ даавар хэт багасахад эрэгтэй хүнд үс унах, халцрах, бэлгийн сулрал үүсэх, сэтгэл гутрал гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна. Хэт их эстроген эсвэл тестостерон даавар бэлгийн чиг баримжаа болон хүйсийн мэдрэмжийг өөрчлөхгүй.
“Эмэгтэйчүүдийн бэлгийн чиг баримжаа, эр эм хүйсийн стрессийн үзүүлэлтээс хамаарсан бэлгийн дааврын түвшний өөрчлөлт” судалгаанд 87 ижил хүйстэн болон ижил хүйстэн биш хүмүүсийн тестостерон дааврыг (эрэгтэй даавар) хэмжсэн байна. Судалгааны үр дүнд ижил хүйстэн эрэгтэй болон ижил хүйстэн биш эрэгтэй хүний тестостерон дааврын хэмжээ ялгаагүй гарчээ.
“Хүний даавар болон бэлгийн чиг баримжаа” судалгаанд дурдсанаар бэлгийн чиг баримжаа нь төрөхөөс өмнөх биологийн хүчин зүйлсийн нөлөөгөөр тодорхой хэмжээгээр бүрэлддэг байж болох ч ганц ген, даавар, эсвэл нэг хүчин зүйлээр тайлбарлагдахгүй; олон хүчин зүйл харилцан үйлчилдэг маш нарийн төвөгтэй шинж юм.
АНУ-ын Сэтгэл судлалын нийгэмлэгийн бэлгийн чиг баримжааг тайлбарласан нийтлэлд дурдсанаар бэлгийн чиг баримжааны шалтгааныг шинжлэх ухааны баримтаар тодруулаагүй байна. Хэдий үүний шалтгааныг ген, гормон, нийгэм соёлын нөлөө гэх мэт олон өнцгөөс судалж байгаа ч эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн гол шалтгаан байхгүй.
Үүнээс үзвэл дааврын хэмжээнээс шалтгаалж бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөх эсэх хамаарлыг судалгаагаар батлаагүй байна. “Биеийн эстроген дааврын хэмжээ нэмэгдсэнээр ижил хүйстэн болно” гэх нь бүрэн бус, үндэслэлгүй ойлголт юм.
Тахианы махан дахь эстрогэн дааврын хэмжээ биед өөрчлөлт үзүүлэхгүй
Тахиа, үхрийн махан дахь эстрогэн дааврын хэмжээ эрэгтэй хүмүүст нөлөөлдөг эсэх мэдээлэлд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн АНУ-ын PolitiFact баримт шалгах төв шалгалт хийж тайлан гаргажээ. Уг баримт шалгалтад Вашингтон их сургуулийн дотоод шүүрэл, эм зүйн профессор, доктор Брэдли Анаволт “эрэгтэй хүмүүст эмэгтэйлэг бие махбодын өөрчлөлт гарах хэмжээний их тахиа, үхрийн мах идэх боломжгүй” гэсэн ба үргэлжлүүлэн “Удаан хугацаанд өдөр бүр дор хаяж 100 микрограмм эстрогэн хэрэглэснээр эрэгтэй хүнд бага зэргийн өөрчлөлт орох магадлалтай. 100 гр үхэр, тахианы мах 0.005 микрограмм эстрогэн агуулдаг. Ойролцоогоор 450гр үхэр, тахианы маханд 0.025 микрограмм эстрогэн байдаг” гэдгийг мэдээлжээ. Үүнээс тооцоолж үзвэл өдөрт доод тал нь 20 кг тахианы мах идвэл 100 микрограмм эстроген даавар авах боломжтой юм.
Түүнчлэн, Монголын баримт шалгах төв 2024 онд эрэгтэй хүний тестостерон дааврын талаарх мэдээлэлд баримт шалгалт хийж тайлагнасан. Үүний үр дүнд “тестостероны түвшинг бууруулж болзошгүй зарим хоол, хүнсний талаар нарийн судалгаанууд хийсээр байгаа ч “гормонтой тахианы мах” нь эрэгтэйчүүдийн тестостероны түвшинг бууруулдгийг баталсан туршилт, судалгаа байхгүй” гэдэг нь илэрсэн байна.
Махны чиглэлийн тахиа өсгөгч гормоны шаардлагагүй хурдан өсдөг
Шалгасан мэдээлэлд “Дөнгөж төрсөн дэгдээхээ 7 хоногийн дотор дэлбэртлээ таргалдаг гэнэ” гэж тахиаг эстроген гормоноор тэжээж, хурдан хугацаанд томруулснаар эрэгтэй хүмүүс ижил хүйстэн болж байна гэх агуулгыг хүргэж байсан. Энэ мэдээллийн дагуу хайхад дараах үр дүн илэрсэн.
БНХАУ-ын Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яамнаас 2023 онд “Түргэн томордог тахиаг гормоноор өсгөдөг үү?” гэх асуултад хариу өгсөн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд дурдсанаар түргэн хугацаанд томордог тахиаг 1980 оноос Хятад улсад үржүүлж эхэлсэн байна. Энэ нь цагаан өдтэй, махны чиглэлийн тахиа ба нэмэлт гормоны шаардлагагүйгээр түргэн хугацаанд том биетэй болж өсөж томордог аж. Энэхүү тахиа нь чанартай, шинжлэх ухаанч үржүүлэг, хүрээлэн буй орчны нөлөөгөөр 42-45 хоногт худалдаалж болох жинд хүрдэг. Үргэлжлүүлэн, тахиаг нэмэлт гормоноор тэжээх нь ямар ч ашиггүй бөгөөд тахианы зүрх судасны өвчин, амьдрах хугацааг багасгах гэх мэт сөрөг үр дүнтэй тул хүнсний аюулгүй байдлын газраас хориглодог байна.
Мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын албанаас тахианы тэжээлд нэмэлт гормон, өсгөгч хийхийг хориглодог гэдгийг мэдээлжээ.
Эхийн хооллолт ургийн хүйсэд нөлөөлөхгүй
Шалгасан мэдээлэлд тахианы мах идсэнээр эхийн урагт нөлөөлдөг гэх агуулгыг хүргэж байсан. Энэ талаар хайхад 2025 онд Кембриджийн их сургуулийн судалгааны санд нийтэлсэн “Жирэмслэхийн өмнөх болон жирэмсний үеийн эхийн хоол тэжээл ба нярайн хүйсийн хамаарал” илэрлээ. Уг судалгаанд Япон улсын Хүүхэд, хүрээлэн буй орчны судалгааны 97,510 эхийн тоон мэдээллийг ашиглан эхийн өөх тос, уураг, тосны хүчлийн хэрэглээ хүүхдийн хүйстэй холбоотой эсэхийг эхийн нас, хүн ам зүйн үзүүлэлт болон амьдралын хэв маягийн хүчин зүйлстэй холбон судалсан байна. Судалгааны үр дүнд эхийн нас, хооллолт, амьдралын хэв маяг нь ургийн хүйсэд нөлөө үзүүлсэн давтамж илрээгүй бөгөөд жирэмслэлтээс өмнөх үеийн хоолны дэглэм нөлөөлөх эсэх талаар лавшруулан судлах шаардлагатай гэдгийг дурджээ.
Энэ нь бие давхар эмэгтэй тахианы мах идсэнээр ургийн хүйсэд өөрчлөлт орохгүй гэсэн үг юм.
Дүгнэлт
Орос, Украины дайны үүднээс ОХУ-аас KFC сүлжээг эзэмшигч “Yum! Brands” компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ татсаныг “Путин хориг гаргасан” мэт тайлбарлаж, тахианы мах, хүний биеийн даавар, бэлгийн чиг баримжааны талаар худал мэдээлэл түгээж байна.
Тахианы мах идсэнээр эрэгтэй хүмүүс ижил хүйстэн болж, өөрийгөө эмэгтэй хүн гэж төсөөлөхгүй. Тахианы маханд агуулагддаг эстрогэн даавар нь хүний биед нөлөөлөх хэмжээнээс хэт бага учир нөлөө үзүүлэхгүй. Мөн тахиаг нэмэлт гормоноор тэжээх нь амьтны бие махбодод сөргөөр нөлөөлдөг тул АНУ болон БНХАУ тахианы тэжээлд нэмэлт даавар хийхийг хориглодог байна.
Эрдэмтэд хүний бэлгийн чиг баримжааны шалтгааныг одоогоор тодруулаагүй бөгөөд тестостерон, эстрогэн дааврын хэмжээнээс шалтгаалахгүй гэдгийг мэргэжлийн байгууллага болон судлаачид өгүүлжээ.


