2026 оны 09 дүгээр сарын 27-нд Mongol news Facebook хуудаснаас пост түгээжээ. Уг постод “900,000 төгрөг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжид танай хүүхэд тэнцэх үү?” гэх тайлбартай зураг оруулж, линк хавсаргасан байна.
Бид өмнө нь тэтгэмж өгөх агуулгатай залилангийн мэдээлэл тараасныг удаа дараа шалгаж, тайлан гаргаж байсан. Тайланг энд, энд, эндээс унших боломжтой.
FACTCHECK:
Хаяг шалгах

Mongol news хаягийг 2026 оны 09 дүгээр сарын 21-нд нээсэн байна.
Тухайн хаягаас зөвхөн нэг зураг түгээсэн бөгөөд тайлбар хэсэгт холбогдох утасны дугаар, тодорхой байршил зэрэг мэдээллийг хүргээгүй. Тодорхой мэдээлэлгүй хуудаснаас явуулсан мөнгөн тэтгэмж тараах мэдээлэл нь залилангийн нэг шинж юм.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан сайтыг шалгахад дараах үр дүн илэрлээ.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан сайтын мэдээллийг Whois хэрэглүүр ашиглан шалгахад дараах үр дүн илэрлээ. Тухайн сайт нь нээгдээд удаагүй, АНУ-д байрлалтай, тодорхойгүй мэйл ашиглан нээсэн байна. Энэ нь хуурамч сайтыг илтгэх шинж юм.

Уг сайтад Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын логог ашиглажээ. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны сайтыг шалгахад тухайн газраас хүүхдийн тусламж, тэтгэмж түгээх талаар мэдээлэл оруулаагүй байна. Энэ нь шалгасан мэдээлэлд холбосон сайт нь албан ёсны байгууллагын дүр зураг, логог ашигласан дуураймал сайт гэсэн үг юм.

Уг сайтын бүтцийг шалгахад байгууллагын албан ёсны мэдээлэл, тайлбар, холбогдох дугаар байхгүй, зөвхөн доош гүйлгэж унших зориулалттай гэдэг нь илэрлээ. Сайтын нүүр хэсэгт хувийн мэдээлэл, хүүхдийн тоог шууд асууж байгаа нь хувийн мэдээлэлд халдахыг оролдож байна гэсэн үг юм.
Үргэлжлүүлэн сайтын “нууцлалын бодлого“, “хэрэглэх нөхцөл“, “холбоо барих” хэсгүүдэд хандахад мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь шалгасан сайт хуурамч гэдгийг баталж байна.


“Шалгуураар шалгах” хэсэгт тоо оруулсны дараа “урьдчилсан тооцоолол” хэсэг гарч ирлээ.
“Үргэлжлүүлэх” товчийг дарахад ДАН мэдээллийн системийн рүү хандах хэсэг илэрсэн. Гэвч линкийн гарчгийг шалгахад detkammoney.top гэх сайт дээр байна. Бодит ДАН систем нь .gov төгсгөлтэй байдаг.
Мөн шалгасан сайтын “нэг удаагийн код” болон “тоон гарын үсэг“хэсгүүдэд хандахад хариу үзүүлсэнгүй.


Банкны эрхээр нэвтрэх хэсгийн аль нэг банкны логод хандаж нэвтрэхэд Фишинг анхааруулга өгч байна. Энэ нь таны мэдээллийг хамгаалах анхааруулга өгч байгаа дохио юм.
Банкны зурагт хандаж ороход тухайн банкны нэвтрэх хэсэг харагдаж байна. Гэвч линкийг шалгахад detkammoney.top линк хэвээрээ байгаа буюу тухайн сайтаас гараагүй гэдэг нь илэрсэн. Энэ нь таны банкны нэр, нууц үг, цаашлаад хувийн мэдээлэлд халдах эрсдэлийг дагуулж байна.

Аливаа байгууллага төсөл хөтөлбөр, санхүүжилтийн тухай мэдээлэл түгээхдээ тавигдах шаардлага, хамрах хүрээ, хугацаа зэргийг нээлттэй мэдээлдэг. Гэвч шалгасан мэдээлэлд регистрийн дугаар, утасны дугаар, хүүхдийн тоо, банкны нэр, нууц үг зэрэг хувийн эмзэг мэдээллээ хуваалцахыг шаардсан байна. Энэ нь залилангийн нэг арга юм. Ийм төрлийн сайтад хандах нь хувийн мэдээллээ алдах, залилагч мөнгө нэхэмжлэн холбогдох, мэдээллээ ашиглуулах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэдэг. Иймд аливаа мэдээлэлд шууд итгэлгүй шалгаж хэвшээрэй.
Дүгнэлт
Хүүхдийн тэтгэмж өгнө гэж залилангийн мэдээлэл түгээжээ. Уг мэдээлэлд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын сайтын хэлбэр дүрс, лого, цаашлаад ДАН систем болон банкны сайтуудыг дуурайлган утасны дугаар, регистрийн дугаар, банкны нэр, нууц үг зэрэг хувийн мэдээлэл авахыг зорьж байна. Ямарваа хуудас, сайтаас хувийн мэдээллээ хамгаалахын тулд албан бус тэтгэмж, мөнгө тараах мэдээлэлд хандалт хийхгүй, цааш түгээхгүй байна уу.


