2026 оны 09 дүгээр сарын 21-нд Базок Д.С. нэртэй хаягаас “…Ши Жиньпин таалал төгссөн тухай мэдэгдэл гаргалаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хэдий ч нөхөр Ши Жиньпин 2026 оны 9-р сарын 20-ны шөнө (Бээжингийн цагаар) 73 насандаа таалал төгсөв” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ. Тус постыг нийт 160 реакц, 71 сэтгэгдлээр идэвхжүүлж, 23 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Түгээсэн мэдээлэлд хавсаргасан зургийг Google lens хэрэглүүр ашиглан хайлт хийхэд 2026 оны 09 дүгээр сарын 20-нд “@jielijian” нэртэй X хаягаас жиргэсэн нь 1,9 сая гаруй үзэлт авсан байна. Тус постод “Ши Жиньпин өвчний улмаас эмчилгээ үр дүнгүй болж, 2026 оны есдүгээр сарын 20-ны Бээжингийн цагаар 00:00 цагт нас барсан, 73 насандаа таалал төгссөн байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын талын урилгыг цуцалж, АНУ-д хийх төрийн айлчлалыг болиуллаа“ гэсэн байна.

Цахим орчинд 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Ши Жиньпин таалал төгслөө” гэх мэдээлэл түгж эхэлсэн бөгөөд уг мэдээллийг батлах албан ёсны эх сурвалж огт байхгүй
BRICS-ийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Нью-Дели хотод зохион байгуулагдсан бөгөөд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин 2026 оны 9 дүгээр сарын 12-нд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар оролцож байгаа талаар БНХАУ-аас Европын Холбоонд суугаа төлөөлөгчийн газрын сайтад мэдээлжээ.
- BRICS Community нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг улсаас эхэлсэн, одоо Египет, Этиоп, Индонез, Иран, Арабын Нэгдсэн Эмират зэрэг шинэ гишүүдийг багтаасан олон улсын хамтын байгууллага юм.
2026 оны 09 дүгээр сарын 13-нд Xinhua агентлагаас “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгийн Нью-Дели хотноо болсон BRICS-ийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа 13-ны орой Бээжин хотноо буцаж ирлээ” хэмээн мэдээлсэн байна.
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин 9 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д айлчилж, Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай хуваарийн дагуу дээд хэмжээний уулзалт хийсэн
Тодруулбал, 2026 оны 09 дүгээр сарын 24-нд South China Morning Post мэдээллийн сайтын Youtube сувагт “Хятад Улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар АНУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ нь Ши Жинпиний хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал юм” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.
Дүгнэлт
2024 онд мөн Ши Жиньпин цус харвсан гэх мэдээлэл түгж байсныг баримтаар шалгаж, төөрөгдүүлсэн болохыг мэдээлж байсан.
Дүгнээд хэлбэл, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин таалал төгссөн гэх мэдээлэл худал бөгөөд тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д айлчилж, Вашингтон хотноо Ерөнхийлөгч Трамптай дээд хэмжээний уулзалт хийсэн юм.


