2026 оны 08 дугаар сарын 26-нд Christina Joy нэртэй хаягаас “Анион буюу хүчил төрөгчтэй ариун цэврийн хэрэглэлийн мэдээллийг дуустал нь үзээрэй” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг постыг 174 реакц, 71 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,100 гаруй удаа цааш хуваалцсан байна.
Бичлэгт,
- 06 секундэд “LDPE4 гэсэн ийм тэмдэглэгээтэй байх юм бол дахин боловсруулсан хог хаягдал хуванцар сав нэг ёсондоо таны ингээд хэрэглээд хаядаг тийм гялгар уут гялгар уутаар хийсэн ариун цэврийн хэрэглэл“
- 41 секундэд “Энэ ариун цэврийн анионтой ариун цэврийн хэрэглэл маань өөрөө хүчил шүлтийг тэнцвэржүүлдэг нөгөө нян бактери мөөгөнцөр үүсээд загатнаа үүсээд харшил өгөөд байгаа зүйлийг чинь тэнцвэржүүлж өгдөг”.
- Сарын тэмдэг ирэх болгонд 18 минут тутамд бактери үрждэг.
- Яг анионтой хэсэг нь энэ болохоороо анион буюу хүчилтөрөгч ялгаруулаад сарын тэмдэг ирэхэд нөгөө 18 минут тутамд бактери үржээд байгаа тэр орчныг нь саармагжуулж өгдөг” хэмээн ярьсан
FACTCHECK:
LDPE4 гэсэн тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүнийг хог хаягдлаар хийсэн гэдгийг илэрхийлдэггүй
Гурвалжилсан сум нь дахин ашиглахтай холбоотой мэдээллийг агуулдаг. LDPE 4 тэмдэглэгээ нь Low-Density Polyethylene гэсэн үгийн товчлол бөгөөд орчуулбал, “бага нягтралтай полиэтилен” гэсэн үг юм. Бага нягтралтай полиэтилен нь этилен мономероос гарган авдаг термопластик материал юм. Байгальд ээлтэй технологийг дэмжих үүднээс аливаа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дахин боловсруулахыг эрмэлзэж буй өнөө үед дээрх гурвалжилсан сумын тэмдэглэгээтэй уутыг ангилж хаясан тохиолдолд дахин боловсруулах боломжтой гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ зөвхөн гаднах уут, сав, баглааны тэмдэглэгээ бөгөөд доторх бүтээгдэхүүний тухай мэдээлэл биш юм.
Уян хатан, бат бөх, чийгэнд тэсвэртэй гэдгээрээ онцлог бөгөөд дараах бүтээгдэхүүнүүдэд түгээмэл ашиглагддаг байна. Үүнд,
- Хөдөө аж ахуйн зориулалттай хальс
- Хуванцар уут
- Агшдаг хальс
- Хүнсний сав баглаа боодол
- Шахаж хэрэглэдэг сав
Доорх зурагт дүрдэг цай, өндөг, вафль, нүүрний хөвөн зэрэг бүтээгдэхүүний гаднах уут, сав баглааны тэмдэглэгээг жишээ болгож орууллаа.


Ариун цэврийн хэрэглэлээр өвдөлт намдааж, үрэвсэл эдгээх боломжгүй бөгөөд энэ төрлийн хуурамч сурталчилгааг олон улсад анхааруулдаг
Шалгасан мэдээлэлд анионтой ариун цэврийн хэрэглэл нь “сарын тэмдгийн өвдөлтийг намдааж, үрэвслийг эдгээж, хавдраас хамгаална” гэж дурдсан. Иймд PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct, Wiley Online Library зэрэг судалгааны сангаас “сөрөг ион, ариун цэврийн хэрэглэл” гэх түлхүүр үгээр хайхад эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг баталсан судалгаа, туршилт илэрцгүй байна. Өөрөөр хэлбэл, сөрөг ионтой ариун цэврийн хэрэглэл гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны нотолгоогүй бөгөөд аюулгүй байдал, үр нөлөөг судалсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт огт байхгүй юм.
Түүнчлэн Whieda брэндийн бүтээгдэхүүн борлуулдаг вэбсайт болох whiedahealth.com сайтад шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнийг “энэ нь ариун цэврийн хувийн арчилгааны бүтээгдэхүүн бөгөөд ямар нэгэн өвчнийг оношлох, эмчлэх, анагаах, сэргийлэх зориулалттай эм биш юм” хэмээн мэдээлсэн байна.

Мөн Филиппиний Хоол хүнс, эмийн захиргаанаас олон нийтэд зориулж “эрүүл мэндэд тустай ариун цэврийн хэрэглэл” гэх төөрөгдүүлсэн сурталчилгааны жишээг нийтэлсэн. Төөрөгдүүлсэн сурталчилгаанд “Цочрол бууруулна, шээсний замын халдвар (UTI), умайн миома, үтрээний үнэр, дааврын тэнцвэр алдагдал зэрэг өвчин, халдварыг урьдчилан сэргийлнэ эсвэл эмчилнэ, сөрөг ион ялгаруулна” гэх мэт сурталчилгааг жишээ болгож, анхааруулсан байна.
Монополын эсрэг газраас “Whieda брэндийн улавч, нүдний шилээр өвчин эдгээнэ” гэх агуулгатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй зар сурталчилгаа түгээсэн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, иргэн, ААН-д 10.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.
Whieda Mongolia гэх хуудаснаас тус брэндийн улавч, нүдний шилийг сурталчлахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.

Хог хаягдлаар хийсэн хэмээн жишээ болгон харуулж буй бүтээгдэхүүний “Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын гэрчилгээ” болон шинжилгээний дэлгэрэнгүй
Бид бичлэгт жишээ болгон харуулж буй “Naturella, Always” ариун цэврийн хэрэглэлийг Монгол улсад оруулж ирж борлуулдаг компанитай холбогдон тухайн бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ болон бүтээгдүүний шинжилгээний хариуг явуулахыг хүссэн юм. Доор зурагт харагдаж буй шинжилгээг Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хийжээ. Шинжилгээгээр E. coli, Salmonella spp., Staphylococcus aureus зэрэг нян илрээгүй байна.

Мөн үйлдвэрлэлийн бүхий л үе шат нь
- Олон Улсын ISO 9001 (Чанарын удирдлагын систем),
- ISO 22716 (Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохистой дадал) стандарт
- АНУ, Европын Холбооны Эм, гоо сайхны бүтээгдэхүүний GMP зааварчилгаанд бүрэн нийцдэг байна.
Түүнчлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас өмнө түүхий эдийн хор судлалын үнэлгээ, арьсанд нийцэх байдлын тест болон эмнэлэгийн хяналттай туршилтуудыг системтэйгээр гүйцэтгэдэг талаар тухайн бүтээгдэхүүний “Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын гэрчилгээ”-нд мэдээлжээ.

“Сарын тэмдэг ирэх болгонд 18 минут тутамд бактери үрждэг” гэж баталсан олон улсад хийгдсэн судалгаа байхгүй
Сарын тэмдгийн цус, биеийн дулаан, чийглэг орчин нь бичил биетэн үржихэд таатай нөхцөл бүрдүүлдэг тул ариун цэврийн хэрэглэлээ тогтмол солихыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөдөг. Тухайлбал, UNICEF-ийн зөвлөмжид ариун цэврийн хэрэглэлээ сарын тэмдгийн хэмжээнээс хамааран тогтмол, ерөнхийдөө 4–8 цаг тутамд солихыг зөвлөжээ. Харин “18 минут тутамд бактери үрждэг” гэх тодорхой хугацааг баталсан шинжлэх ухааны судалгаа, найдвартай нотолгоо олдсонгүй.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, LDPE 4 тэмдэглэгээ нь зөвхөн гаднах уут, сав, баглааны тэмдэглэгээ бөгөөд доторх бүтээгдэхүүний тухай мэдээлэл биш юм. Мөн сөрөг ионтой ариун цэврийн хэрэглэл гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны нотолгоогүй бөгөөд аюулгүй байдал, үр нөлөөг судалсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт одоогоор байхгүй юм.


