2026 оны 09 дүгээр сарын 18-нд Ulziitogtokh Tsedev Facebook хаягаас “Вакцин” гэх тайлбартай пост түгээжээ. Тухайн постод Delgermaa Beckbat Facebook хаягийн 2025 оны 04 дүгээр сарын 01-нд түгээсэн постыг зураг хэлбэрээр хуваалцсан байна. Уг зурагт “АНУ-ын Эрүүл мэндийн сайд бага Роберт Кеннеди хэлэхдээ, Бил Гейтс ДЭМБ-тай хамтран “татрангийн вакцин” нэрэн доор Африк Азийн эмэгтэйчүүдэд үргүйдүүлэх вакцин хийсэн гэж мэдэгджээ. Татрангийн вакцин хийлгэсэн тохиолдолд өндөг нь эр бэлгийн эстэй уулздаггүй, жирэмсэн болох боломжгүй гэнэ. Монголын эрүүл мэндийн салбарт Татрангийн төв гэж байдаг юм байна. Энэхүү вакциныг залуу охид бүсгүйчүүд хийлгээгүй, Монголд орж ирээгүй гэж найдахаас даа” гэх тайлбарыг оруулж, Роберт Ф. Кеннедигийн ярилцлага өгч буй зургийг хавсаргажээ. Шалгасан постыг 941 реакц, 146 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1000 удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK:
Зургаар хайх
Постод хавсаргасан зургийг Google lens хэрэглүүр ашиглан хайхад “Megyn Kelly” Youtube хуудаст 2022 оны 03 дугаар сарын 22-нд нийтэлсэн “Incoming HHS Secretary Robert F. Kennedy Jr. Deep Dive, Part 1 – on Fauci, Vaccines, and Big Pharma” гэх бичлэг илэрсэн. Уг бичлэгт АНУ-ын сэтгүүлч Мегин Кэлли Роберт Ф. Кеннедигээс түүний номын талаар ярилцлага авсан аж. Шалгасан постод дурдсан яриа нь Роберт Ф. Кеннедигийн номд дурдсан жишээ байжээ.
Монголын баримт шалгах төв 2024 онд уг номыг эшилсэн мэдээлэлд баримт шалгалт хийхэд “вакцины ховор гаж нөлөөг онцолж, вакцины үр дүнтэй байдлыг баталсан өргөн хэмжээний мэдээлэл судалгааг дурдаагүй ба хэт нэг талыг барьж, олон нийтийн үзэл санаанд нөлөөлж төөрөгдүүлсэн” үр дүн гарсан. Бүрэн тайланг эндээс унших боломжтой.
Үүнээс гадна олон улсын баримт шалгах төвүүд Роберт Ф. Кеннедигийн олон удаагийн мэдэгдлийг шалгаж төөрөгдүүлсэн болохыг нотолж байсан. Тиймээс Кеннеди нь хэт нэг талыг барьж, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл олон нийтэд түгээдэг тул эрүүл мэндийн үнэн зөв мэдээлэл авах баттай эх сурвалж биш гэж үздэг юм.
Татрангийн эсрэг вакцин үргүй болгодог гэх ойлголт 1994 онд хийсэн туршилтын талаарх буруу ойлголтоос эхэлсэн.
Шалгасан мэдээлэлд дурдсан Бүгд Найрамдах Кени Улсын татрангийн эсрэг вакциныг тойрсон үйл явдлын талаар олон улсын баримт шалгах төвүүд баримтаар шалгаж, тайлагнасан байна. (тайланг энд, энд, энд эндээс уншаарай)
Africa Check төвөөс гаргасан баримт шалгалтын тайланд “татрангийн эсрэг вакцин үргүйдэлд хүргэдэг” гэх мэдээлэл хэзээнээс түгж эхэлснийг тайлбарласан. Энэ нь нь анх 1994 оны Энэтхэг улсад явуулсан жирэмслэлтээс сэргийлэх эмийн туршилтын буруу ойлголтоос эхэлсэн байна. Энэтхэгт болсон туршилтын судлаачид татран өвчний нянтай төстэй уургийг хүний гонадотропин (нөхөн үржихүйг зохицуулдаг) даавраар тээвэрлэж, жирэмслэлтээс хамгаалах эм бүтээхийг оролдсон аж. Тухайн эмийг хэрэглэсэн ч үргүйдэлтэд хүргэхгүй, эмийн үйлчлэл дууссанаас хойш дахин жирэмслэх боломжтой юм. Гэвч АНУ-ын үр хөндөлтийг эсэргүүцэгч нийгэмлэг үүнийг эмэгтэйчүүдэд хийдэг төлөвлөгөөт вакцин хэмээн ойлгож, “вакцинд үр хөндөх бэлдмэл хийсэн” гэх мэдээллийг тарааж эхэлжээ. Үүний дараа ДЭМБ энэхүү судалгаатай ямар ч холбоогүй гэдгээ 1996 онд гаргасан тайландаа онцолсон байна. Мөн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас бүх төрлийн вакцинд үргүйдүүлэх бодис хийхийг хориглодог бөгөөд “Үр хөндөлт эсэргүүцэгчдийн тарааж буй худал мэдээллээс болж олон эх, нярайн амь эрсдэж байна” гэж анхааруулжээ.
Snopes баримт шалгалтын төвөөс “татрангийн эсрэг вакцин үргүйдэл үүсгэдэг” гэх мэдээлэл нь худал бөгөөд Бүгд Найрамдах Кени Улсын вакцины бодлого эмэгтэйчүүдийг үргүйдүүлэх зорилготой гэх нь батлагдаагүй гэдгийг зарласан байна. Уг баримт шалгалтад дурдсанаар католик шашны бишопуудын бүлгийг төлөөлсөн доктор Мухаме Нгаре вакцин болон үргүйдлийн талаар асуудалд дэвшүүлсэн. Үүнд Кени улсын Эрүүл мэндийн дархлаажуулалтын яамны дарга “эмэгтэй хүмүүс татрангийн эсрэг вакцин хийлгэсний дараа жирэмсэн болж байсан” буюу татрангийн эсрэг вакцин хийлгэсэн нь жирэмслэх явцад нөлөөгүй гэж хариу мэдэгдсэн байна. Үргэлжлүүлэн, Catholic Family and Human Rights Institute (C-Fam) байгууллагаас НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) Зүүн Африк дахь Харилцаа холбооны асуудал хариуцсан ахлах ажилтан Жеймс Элдер энэхүү вакцины бодлого нь туршилт биш гэдгийг дурдаж, эмэгтэйчүүд вакцинд хамрагдсанаар төрсний дараа эх, нярайг давхар хамгаална гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
ДЭМБ татрангийн эсрэг вакцины аюулгүй байдлыг 2014 онд баталж, үргүй болгох, үр хөндөх бодис байхгүй гэдгийг мэдэгдсэн.

ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас аас 2014 оны 11 дугаар сарын 13-нд татрангийн эсрэг вакцины талаар түгсэн худал мэдээллийн эсрэг мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд “Татрангийн эсрэг вакцин аюулгүй” гэдгийг зарлаж, вакцины аюулгүй байдлыг олон улсыг хамруулсан 3 чиглэлийн туршилтаар баталсан бөгөөд 52 улсын 130 сая эмэгтэй дор хаяж 2 тунд хамрагдсан гэдгийг мэдээлсэн.
Мөн вакцины талаар түгээж буй сөрөг мэдээллүүд нь бодит баталгаа нотолгоогүй ба эмэгтэйчүүд, хүүхдүүдийн үндэсний дархлаажуулалтын бодлогод сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулжээ.
Шалгасан мэдээлэлд дурдсан “Африк Азийн эмэгтэйчүүдэд үргүйдүүлэх вакцин хийсэн гэж мэдэгджээ” гэх нь худал бөгөөд үр хөндөлт эсэргүүцэгчдийн гаргасан олон нийтийг айлгах зорилготой мэдээлэл юм.
Татрангаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин
Монгол улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Их Британийн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний төв болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс татран өвчний талаар мэдээлэл хүргэжээ. Татран нь биеийн гэмтэж бэртсэн хэсэгт бохир эд зүйлс, хөрс шороогоор дамжин татран үүсгэгч нян (C. tetani) орж хор ялгаруулснаар үүсдэг цочмог халдварт өвчин юм. Ямар ч хүн энэхүү халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бөгөөд хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь вакцин гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.
ДЭМБ-аас гаргасан мэдээлэлд татран нь:
- Хүнээс хүнд халдварладаггүй,
- Вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой,
- Татрангаар өвдсөн бол байгалийн жамаар дархлаа тогтоно гэж байхгүй, дахин өвдөх эрсдэлтэй тул вакцин хийлгэх шаардлагатай,
- Вакцин хийлгээгүй дөнгөж төрсөн эмэгтэй болон нярайд татран үүсэх эрсдэл өднөр байдаг байна.
Татрангийн шинж тэмдэг илэрч, өвдсөн тохиолдолд яаралтай эмч, эмнэлэгт хандах шаардлагатай.
Татрангийн эсрэг вакцины үр нөлөө
1980 оноос хойших татрангийн эсрэг вакцины бодит үр нөлөөг Ourworldindata сайтаас харах боломжтой. Доорх үзүүлэлтээс харвал татрангийн эсрэг вакцины 3 тунд хамрагдсан нярайн тоо өсөхөд татран өвчнөөр нас барсан, өвдсөн хүний тоо буурч байна. Энэ нь татрангийн эсрэг вакцин нь өндөр үр дүнтэй гэсэн үг юм.



Монгол улсын вакцины мэдээлэл
Монгол Улс Дархаажуулалтын тухай хуулиар заавал хамрагдах вакцинуудыг зааж өгсөн. Уг хуулийн 10.1-д “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэжээ.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан вакцины зөвлөмжийн дагуу татрангийн эсрэг вакциныг нярайд 2 сартайгаас нь эхлэн 3 тун вакцин хийж байна. Манай улсад заавал хийгдэх дархлаажуулалтыг үнэ төлбөргүй явуулдаг ба дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хийдэг. Тиймээс дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу вакцинд хамрагдсанаар олон халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ насан туршид нь хамгаалах, бусдад өвчин тараахаас сэргийлэх боломжтой юм.

Дүгнэлт
Вакцины эсрэг байр суурьтай улстөрчийн хэт нэг талыг барьж төөрөгдүүлсэн мэдээлэл ашиглан, худал мэдээлэл түгээжээ. Татрангийн эсрэг вакцин нь эмэгтэйчүүдийг үргүйдүүлэх зорилгоор бус биед орсон татран өвчний нянгаас хамгаалах, мөн төрсний дараа эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээтэй. Жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилтыг буруу ойлгосноос үүдэн “үргүйдүүлдэг вакцин” гэх хуурамч мэдээлэл гарсан бөгөөд ДЭМБ-аас явуулсан туршилт биш гэдгийг олон улсын баримт шалгах төвүүд мэдээлж байна. Мөн ДЭМБ-аас энэхүү вакцины аюулгүй байдлыг баталж, бүх төрлийн вакцинд үр хөндөх, үргүйдүүлэх бодис хийхийг хориглодог гэдгийг мэдэгджээ.
Хүний бие татран өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоодоггүй тул дөнгөж төрсөн эх, нярай хамгийн их өртдөг. Тиймээс татрангийн эсрэг вакцин хийлгэж дархлаа тогтоох боломжтой бөгөөд вакцины бодит үр дүнг албан ёсны тоон мэдээллийн графикаас харж болно.


