2026 оны 08 дугаар сарын 22-нд Khar Irves Gym нэртэй хуудаснаас “Кинза буюу кориандр нь зөвхөн хоолонд амт, үнэр нэмдэг ногоо биш — биеийг хоргүйжүүлэхэд тусалдаг байгалийн гаралтай ургамал юм. Судалгаануудаас үзэхэд кинза нь биед хуримтлагдсан зарим хүнд металлыг гадагшлуулахад тусалж болзошгүй: хар тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан… Эдгээр хүнд металлууд цаг хугацааны явцад биед хуримтлагдаж, эрч хүч, ой санамж, сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй… Жич: Кинза хүнд металлын хордлогыг эмчлэх батлагдсан арга биш” гэх тайлбартайгаар зураг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг нийт 508 реакц, 2 сэтгэгдлээр идэвхжүүлж, 310 удаа цааш түгээжээ. Постод хавсаргасан зурагт “Яншуй нь биед хуримтлагдсан хүнд металл дараах хэмжээгээр гадагшлуулахад тусалдаг: хар тугалга 87%, мөнгөн ус 91%, хөнгөн цагаан 74% биеэс гадагшилдаг” гэх текст оруулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээллийн тайлбар хэсэгт “кинза буюу кориандр” гэж оруулсан боловч хавсаргасан зурагт “яншуй“ хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, текстэд дурдсан болон зураг дахь ургамал өөр юм.
| Англи нэршил | Шинжлэх ухааны нэршил | Монгол нэршил | Тайлбар | Шинж чанар |
| Parsley | Petroselinum crispum | Яншуй | Навч нь зузаан гялгар бөгөөд үзүүртэй хэлбэртэй. Илүү гүн бараан ногоон өнгөтэй. | |
| Coriander эсвэл Cilantro | Coriandrum sativum | Үсүү эсвэл Шанцай (Xiangcai-香菜) | Тус ургамлын үрийг coriander, навчийг cilantro гэж нэрлэдэг. Зарим улсад навчийг нь coriander, cilantro гэх хоёр янзаар нэрлэж, хэрэглэдэг. | Зөөлөн нимгэн бөгөөд дугуй ирмэгтэй. Илүү цайвар, тод ногоон өнгөтэй. Яншуйтай харьцуулахад илүү хурц үнэртэй байдаг. |
Тус баримт шалгалтад Cilantro, Coriander ургамлыг кориандр гэх нэршлээр бичлээ.
Яншуй болон кориандр нь хоёул Шүхэртэн овгийн (Apiaceae family) ургамал бөгөөд эмийн ургамал, хоолны амтлагч хэлбэрээр хэрэглэж иржээ. Яншуй нь витамин К, C, A-аар баялаг бөгөөд үл исэлдүүлэгч, бактери, мөөгөнцрийн эсрэг гэх мэт үйлчилгээтэй. Кориандр нь мөн чухал амин дэмүүдээр баялаг ба үрэвслийн эсрэг, антиоксидант үйлчилгээтэй байна.
Шалгасан мэдээллийн тайлбар болон зураг дээрх текстийг харьцуулан харахад яншуйн тухай биш кориандр ургамлын талаар бичжээ. Учир нь яншуй нь зураг дээрх мэдээлэлд дурдсан шиг биеэс металлыг гадагшлуулж, бууруулдаг талаар ямар нэг судалгаа байхгүй. Харин интернэт орчинд “кориандр ургамалд биеэс хүнд металлыг гаргадаг” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл өргөн тархсан байна. Шалгасан зурагт харуулсан тоон мэдээлэл нь бизнесийн байгууллага бүтээгдэхүүнээ туршиж, цөөн хүний хүрээнд захиалгаар хийлгэсэн судалгааны үр дүн бөгөөд хянан магадалгаа хийгээгүй, судалгааны санд байршаагүй юм.
- Тодруулбал, 2005 онд Baseline Nutritionals компани “Metal Magic” гэх кориандр, ногоон замаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ сурталчлах, ашиг тусыг нь харуулах зорилготойгоор 50 хүн хамруулсан туршилтыг санхүүжүүлжээ. Тус судалгааны оролцогчид өөр нэмэлт бүтээгдэхүүн, эм хэрэглэхгүй, хоолны дэглэмээ өөрчлөхгүйгээр 42 хоногийн хугацаанд туршилт явуулж, үр дүнг шээсний дээж дэх металлын хэмжээгээр гаргасан байна. Туршилтын үр дүнд дунджаар хар тугалга 87%, мөнгөн ус 91%, хөнгөн цагаан 74% нь биеэс гадагшилсан гэж Baseline Nutritionals компанийн сайтад мэдээлсэн. Гэвч тус судалгааг олон улсын нээлтэй судалгааны сангуудаас хайхад огт илэрцгүй байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллага бүтээгдэхүүнээ туршихаар санхүүжүүлсэн, peer review буюу хянан магадалгаа хийгээгүй, нээлттэй судалгааны санд байршаагүй, бага оролцогчтой, нэг талыг барьсан судалгааны үр дүнг шалгасан мэдээлэлд эшилжээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Энэтхэгийн THIP Media, Английн Full Fact баримт шалгах төвөөс “кориандр биед хуримтлагдсан хүнд металлыг дараах хэмжээгээр хар тугалга 87%, мөнгөн ус 91%, хөнгөн цагаан 74% биеэс гадагшилдаг” гэх мэдээллийг шалгаж, шинжлэх ухааны баталгаагүй болохыг мэдээлсэн.
- THIP Media баримт шалгах төвөөс “Кориандр ургамал нь биеэс хүнд металл гадагшлуулдаг гэдгийг дэмжсэн судалгаануудын дийлэнх нь амьтан дээр туршсан, лабораторид хийсэн байдаг ба зарим нь арга зүйн дутагдалтай байдаг. Амьтан дээр хийсэн туршилтын үр дүн эерэг гарсан ч үүнийг хүний биед адил үйлчилгэнэ гэж шууд хамаатуулж ойлгож болохгүй юм… Кориандр болон ногоон замаг нь биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай ногоо боловч шалгасан мэдээлэлд дурдсан шиг биеэс металл гадагшлуулах гол арга биш юм” хэмээн тайлбарласан байна.
- Мөн тус баримт шалгалтад Энэтхэгийн Эмнэлгийн судалгааны зөвлөлийн Хоол тэжээлийн үндэсний хүрээлэнгийн дотоод шүүрлийн булчирхай судлалын тэнхимийн докторын зэрэг горилогч Соумам Дутта “Кориандр болон ногоон замаг нь хүнд металлыг ийм хэмжээгээр биеэс үр дүнтэй зайлуулдаг гэдгийг батлах шинжлэх ухааны найдвартай нотолгоо байхгүй... Кориандрийн талаар хүн дээр хийсэн нарийн, клиник туршилт судалгаагүй, ихэвчлэн таамаглалын шинжтэй байдаг” хэмээн тайлбарласан байна.
Кориандр нь ургамлын хөрс, амьтны биеэс хүнд металлыг гадагшлуулдаг болохыг харуулсан туршилт, судалгаа байдаг ч хүн дээр хийсэн өргөн хүрээний клиник судалгаа хомс.
- 2013 онд нийтэлсэн судалгаагаар 3-7 насны 32 хүүхдийг хамруулсан бөгөөд үр дүнд кориандр ургамлаар эмчилсэн болон эмчлээгүй хүүхдүүдийн цусан дахь тугалганы хэмжээнд ямар ч зөрүү гараагүй болохыг тогтоожээ. Түүнчлэн кориандр ургамлын шинж чанар болон цаашид эмнэлгийн практикт хэрэглэх боломжийг гаргахын тулд нарийн судалгаа шаардлагатай байна.
- 2017 онд нийтэлсэн харханд хийсэн судалгаагаар кориандрын ханд элэгний хар тугалганы хэмжээг бууруулсныг харуулсан.
- 2019 онд нийтэлсэн тойм судалгаанд кориандр нь мөнгөн усны хэмжээг бууруулж болохыг харуулсан хоёр судалгааг онцолсон боловч эдгээр судалгаанд бусад ургамлын нэгдлүүд кориандраас илүү үр дүнтэй байсныг дурджээ.
- 2021 онд нийтэлсэн хархан дээр хийсэн судалгаагаар кориандр нь цус, эд эс дэх хар тугалганы хэмжээг бууруулж, хархны исэлдэлтийн стрессийн үзүүлэлт, эд эсийн гэмтлийг сайжруулсныг харуулсан . Гэвч кориандрыг цаашид нарийн судлах шаардлагатай бөгөөд одоогоор хүний биед хордлого тайлах үйлчилгээтэйг баталж чадахгүй хэвээр байгааг дурджээ.
Кориандр, ургамлын ханд эсвэл хэд хэдэн эмийн ургамлыг нийлүүлэн амьтан дээр хийсэн эсвэл лабораторийн туршилт судалгаагаар хүнд металлыг бууруулж, гадагшлуулдаг болохыг харуулсан. Гэвч эдгээр нь хүний биед ижил үр нөлөө үзүүлнэ гэсэн үг биш юм. Судлаачид цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг онцолж, хүний биеэс хүнд металлыг гадагшлуулахыг бүрэн батлаагүй тухай дурдсан байна.
Хүнд металлын хордлогын үед заавал эмчид хандаж, оношилгоо хийлгэж, заавал, зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх нь чухал юм. Хэдий кориандр ургамал хүний ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч эмчид хандалгүй дур мэдэн эмчилгээний журмаар хэрэглэх нь нөхцөл байдлыг хүндрүүлэх, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авч чадахгүй байх эрсдэлтэй.
Дүгнэлт
Шалгасан мэдээлэлд бизнесийн компани бүтээгдэхүүнээ турших зорилготой хийсэн бага хүн хамруулсан, хянан магадалгаа хийгээгүй, захиалгат судалгааны үр дүнгийн тоон мэдээллийг оруулжээ. Кориандр (cilantro, coriander) ургамал нь хүний биеэс хүнд металлыг их хэмжээгээр гадагшлуулж, эмчилгээнд хэрэглэх боломжтойг шинжлэх ухаанаар батлаагүй. Хэдий кориандр ургамал хүний ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч эмчид хандалгүй дур мэдэн эмчилгээний журмаар хэрэглэх нь нөхцөл байдлыг хүндрүүлэх, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авч чадахгүй байх эрсдэлтэй.


