2026 оны 09 дүгээр сарын 08-нд Munkh Corner Facebook хуудаснаас бичлэг түгээжээ. Уг бичлэгт сурталчилсан тосыг түрхээд хуянгүй болно гэх дүрслэлийг үзүүлсэн бөгөөд ургамлын гаралтай хэмээн тайлбарлажээ. Тухайн бичлэгийг 828 реакц, 1.3 мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 311 удаа түгээжээ.
FATCHCHECK:
Зургаар хайх
Шалгасан бичлэгт сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens ашиглан зургаар хайхад Яндекс, Taobao гэх мэт онлайн худалдааны сайтад худалдаалагдаж байгаа нь илэрсэн. Сайтын мэдээлэл болон шалгасан бичлэгт бүтээгдэхүүний албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээллийг оруулаагүй ба орц найрлагыг “олон ургамлын гаралтай” гэж тайлбарлан цагаан гаа, шанцай, магноли, соронзон нунтаг зэргийн зургийг хавсаргажээ. Мөн “бөгтөр арилгах, өвчин намдаах, чийгшүүлэх үйлчилгээтэй” гэсэн байна. Албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн тодорхой мэдээлэлгүй байх нь баталгаагүй бүтээгдэхүүний шинж юм.
Агуулгыг нягтлах
2025 онд Pubmed судалгааны нээлттэй санд нийтэлсэн “Миофасциал өвдөлтийн (хүзүү, мөрний хуян зангирах өвчлөл)-ийн өвдөлтийг намдаахад гадуур түрхдэг тосны үзүүлэх үр дүн” тойм судалгаанд дурдсанаар тос өвдөлт намдаах боломжтой ч хуян арилгах үйлчилгээг бүрэн батлаагүй байна. Учир нь хуянгийн эмчилгээний тосыг туршсан хяналттай клиник судалгаа хэтэрхий цөөн байсан тул нэмэлт судалгаа шаардлагатай гэж дүгнэжээ.
Мөн бүтээгдэхүүний орц найрлагыг Яндекс худалдааны сайтад “Пачули навч, цагаан гаа, синнамон, гаа, сухай жимс, магнолиа, эвкалиптын навч, соронзон нунтаг” гэж оруулсан. Эдгээр нь өвчин намдаагч бүтээгдэхүүний нийтлэг орц юм. Жишээлбэл цагаан гаа, синнамон, эвкалиптын тос агуулсан бүтээгдэхүүн АНУ-ын үндэсний эмийн бүртгэлийн санд бүртгэлтэй байна. Хэдий шалгасан түрхлэг нь өвчин намдаагч бүтээгдэхүүний түгээмэл орц найрлагыг агуулж байгаа гэж мэдээлсэн ч бусад орцыг дэлгэрүүлэн тайлбарлаагүй, зөвхөн ургамлын нэршлүүдийг дурдсан тул үр дүнтэй гэх баталгаагүй.
2024 онд хийсэн “Хүзүүний ард овойсон хуянг наалтаар бүрэн арилгах боломжгүй” баримт шалгалтад АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Сэдэдтэй холбогдож мэдээлэл авч байсан. Тэрээр “Шилэн хүзүүний долоодугаар нугалмын орчим овойж тогтсон хэсэг нь голчлон чихрийн шижин, дотоод шүүрлийн эмгэгээс үүдсэн байх магадлалтай. Хуян нь буруу байрлалтай суух, унтах, булчин хөших зэргээс мөр хүзүү хооронд, далны дээд хэсгийн трапец булчингийн орчим “шар ус” хурсан үзэгдлийг хэлж байгаа юм. Үүнийг бариа, төөнүүр, зүү болон улаан гэрлийн үе шаттай эмчилгээний дагуу тодорхой хугацааны дотор арилгах боломжтой” гэж тайлбарлажээ.
Кливланд эмнэлгийн нийтэлснээр, хуян нь урт хугацааны турш булчинг хөдөлгөөнгүй байлгах, эсвэл хэт их ачаалуулснаас үүсдэг байна. Жишээ нь олон цагаар суудаг ажлын дараагаар хөдөлгөөн хийхгүй байх эсвэл нэг дасгалыг хэт олон хоног дараалж хийх гэх мэт. Хуян буулгах аргуудад:
- Өдөрт уух усаа нэмэгдүүлэх,
- Ширээний хойно тэгш зөв байрлалтай суух,
- Ажлын үеэр завсарлага авч булчингаа хөдөлгөх,
- Дасгал хийсний дараа биеэ сунгах,
- Хуянтай хэсэгт халуун жин тавих,
- Бариа хийх гэх мэт аргууд байна. Эдгээр аргууд нь булчинг сунгах, зөөллөх үүрэгтэй ба зөвхөн тос ашиглан хуян буулгахыг зөвлөөгүй.
Мөн хуян хүчтэй өвдөх, улайрч хавдах, томрох, хүрэхэд халуун мэдрэгдэх, цус эсвэл шүүс гарч эхэлбэл эмчид хандах зүйтэй гэдгийг эрүүл мэндийн мэдээлэллийн Webmd сайтаас зөвлөсөн байна. Бичлэгт дүрсэлсэн шиг томрох, хүчтэй өвдөх, хуянгаас болж толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл тос ашиглах бус мэргэшсэн эрүүл мэндийн байгууллагад хандаж цаг хугацаа алдаж, өвчин даамжирхаас сэргийлээрэй.
Дүгнэлт
Аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэлгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Хуянг бариа, халуун жин, төөнүүр, зүү гэх мэт аргуудаар арилгах боломжтой бөгөөд улайрч хавдах, томрох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэшсэн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.


