2026 оны 09 дүгээр сарын 06-нд BuyanMall нэртэй хаягаас “Хамрын хэлбэр засах эмчилгээний серум
Ердөө 4 долоо хоногт л хамрын муруйлтыг арилгана” гэх тайлбартай бүтээгдэхүүний сурталчилгаа болох богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэгийг 151 реакц, 16 сэтгэгдлээр идэвхжүүлж, 47 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу Google Lens хэрэглүүр ашиглаж, зургаар хайв. Хайлтын үр дүнд уг бүтээгдэхүүн олон улсны худалдааны сайтуудад “хамрын ясны бүтцийг өөрчлөх”, “хамар өргөх (Nose Lift Up Essential Oil)”, “хамрын хэмжээг багасгах (Nose Reduction Shape Serum)” зэрэг тайлбартайгаар худалдаалагдаж байгаа нь илэрцээр гарч ирлээ.
Хамрын хэлбэрийг тос түрхэж өөрчлөх боломжгүй
Шалгасан мэдээлэлд “хугарсан, далийсан, мөгөөрс нь гэмтсэн, төрөлхийн хэлбэр буруу, далий гэх мэт бүх төрлийн хамарны муруйлтад хэрэглэнэ” гэж сурталчилсан байна. Гэвч эдгээр хамрын асуудал нь төрөлхийн бүтэц, хамрын таславчийн хазайлт, гэмтэл, хугарал зэрэг олон янзын шалтгаанаар үүсдэг.
Тухайлбал, хамрын таславчийн муруйлт гэдэг нь хамрын баруун, зүүн талыг тусгаарладаг яс, мөгөөрснөөс бүрдэх таславч нэг тал руугаа хазайсан байдлыг хэлнэ. Энэ тохиолдолд асуудлын шалтгааныг эмчийн үзлэгээр тодорхойлох шаардлагатай бөгөөд арьсанд серум түрхэж эмчлэх боломжгүй.
Бид үргэлжлүүлэн PubMed, ScienceDirect, ResearchGate зэрэг олон улсын нээлттэй судалгааны сангаас “nose lift up serun” гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд 2013 онд “Nose up” тос нь хамрын хэлбэр засах мэс заслыг орлож чадах уу” гарчигтай тойм судалгаа илэрцээр гарч ирсэн. Тус судалгаанд энэ төрлийн бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан найдвартай судалгаа олдоогүйг онцолж, хамрын хэлбэрийг өөрчлөх хагалгааны бус аргуудын судалгаанууд байгаа боловч эдгээр нь серум түрхэх бус, ихэвчлэн гиалуроны хүчлийн “filler” зэрэг эмнэлгийн процедурт хамаардаг” хэмээн дүгнэжээ.
Мөн Healthline эрүүл мэндийн сайтад хамрын хэлбэр нь голчлон яс болон мөгөөрсний бүтцээр тодорхойлогддог бөгөөд хамрын дасгал, гадуур түрхдэг гэрийн аргаар эдгээр бүтцийн хэлбэрийг өөрчлөхгүйг тайлбарласан байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, серум, тос зэрэг гадуур түрхдэг бүтээгдэхүүнээр хамрын яс, мөгөөрсний бүтцэд өөрчлөлт оруулж, хугарсан, далийсан болон гэмтсэн хамрыг засах боломжтойг баталсан найдвартай эмнэлзүйн нотолгоо одоогоор байхгүй байна. Хамрын хэлбэр нь анатомийн онцлог, хамрын таславчийн хазайлт, гэмтэл, хугарал зэрэг олон янзын шалтгаанаар үүсдэг. Иймд хамрын бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зовиур, өөрчлөлт илэрвэл дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг тодорхойлуулан өөрт тохирох эмчилгээ хийлгэх нь зүйтэй.


