2026 оны 09 дүгээр сарын 05-нд Санхүүжилт Цэдэвдамбын Оюунгэрэл Facebook хуудаснаас “Нээлттэй сэтгэлээр би ард түмэндээ, цусандаа, ах эгч нартаа туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн их хэмжээний мөнгөөр туслах агуулгатай тайлбар, зураг оруулсан пост нийтэлжээ. Уг постыг 66 реакц, 88 сэтгэгдлээр идэвхжүүлж, 5 удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK:
Хаяг шалгах

Санхүүжилт Цэдэвдамбын Оюунгэрэл Facebook хуудсыг 2026 оны 09 дүгээр сарын 04-нд нээсэн байна.
Шалгасан хаягаас түгээсэн нүүр зургийг Google lens хэрэглүүрээр шалгахад улстөрч Ц.Оюунгэрэлийн Facebook хуудаснаас түгээсэн зургийг ашигласан байна.

Үүнээс үзэхэд энэхүү хаяг нь олны танил хүний нэр болон зургийг ашиглан их хэмжээний мөнгө тараах мэдээлэл түгээжээ.
Зургаар шалгах
Шалгасан постын зургыг Hivemoderation хэрэглүүр ашиглан хиймэл оюунаар хийсэн эсэхийг шалгахад хүний нүүр царай ашигласан зургуудад хиймэл оюун ашигласан нь илэрсэн.

Уг улстөрчийн бодит Facebook хуудсыг шалгахад хандив өгөх, 10 гэр бүлд 20 сая төгрөг өгөх гэх мэт нийтлэл, бичлэг түгээгээгүй байна.
Дүгнэлт
Ц.Оюунгэрэл улстөрчийн зургийг хиймэл оюун ухаанаар өөрчилж, их хэмжээний хандив тарааж байгаа мэтээр залилж байна. Бид өмнө нь сангийн сайд З.Мэндсайхан, ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд асан Г.Занданшатар, Youtuber Gremix гэх мэт олны танил хүмүүсийн нүүр царай, зургийг ашигласан залиланг илрүүлж баримт шалгалт хийж байсныг энд, энд, энд, эндээс уншиж болно.
Иймд та цахим орчинд мэдээлэл, пост түгээж буй хаягуудыг жинхэнэ эсэхийг шалгаж, эх сурвалжийг нь нягталж хэвшээрэй. Мөн эндээс жинхэнэ пэйж, баталгаат эх сурвалжийг хэрхэн таних тухай уншаарай.


