Search

Бамбай булчирхайн томрол, хавдрыг тосоор эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2063

Ерөнхий агуулга

“Бамбай булчирхайг бүрэн эмчлэх тос” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бамбайн булчирхайн томрол, хавдрыг тосоос эмчилдэг болохыг баталсан судалгаа, туршилт огт байхгүй. Бамбайн булчирхай нь дотоод шүүрлийн системийн нэг хэсэг учраас томрол, зангилаа, хавдрын үед хүзүүнд тос түрхэж эмчлэх боломжгүй юм. Аливаа өвчин эмгэгийг богино хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэлгүй, эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар 03-нд Биеэ хайрлая нэртэй хуудаснаас бамбайн булчирхайн эмчилгээний тос гэх бүтээгдэхүүн сурталчилсан, заавар бүхий пост оруулсныг нийт 1,000 гаруй реакц, 471 сэтгэгдлээр идэвхжүүлж, 733 удаа цааш түгээжээ. Тус мэдээлэлд “Энэхүү бүтээгдэхүүн нь хүзүү орчим хавдах, томрох ЗААН ХӨЛ буюу бамбай булчирхайнаас үүдэлтэй хүзүүнд үүссэн томролыг эмчлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Тогтмол буюу 𝟑 ширхгийг хэрэглэснээр бамбайн томрол, зангилаа бүрэн эмчлэгдэх боломжтой. Бамбай булчирхайн зангилаа, хавдрын хэмжээг багасгана. Хорыг татаж таагүй шинж тэмдгийг намдаана. Бамбай булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлж, эрүүл мэндийг сайжруулах үр дүнтэй… Байгалийн ургамлын гаралтай арчилгааны тос” гэж тайлбарлажээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад гаднын онлайн худалдааны сайтын илэрцүүд гарч ирлээ. Alibaba, Aliexpress зэрэг худалдааны сайтад ойролцоогоор 4,000 төгрөгөөр худалдаалж байна. Гэвч бүтээгдэхүүний орц найрлагын дэлгэрэнгүй мэдээлэл, албан ёсны үйлдвэрлэгч, брэндийн мэдээлэл огт байхгүй байна. Эдгээр нь хуурамч бүтээгдэхүүний шинж тэмдэг юм.

Бид өмнөх “Бамбай булчирхайн хавдрыг уусгагч тос” гэх бүтээгдэхүүн шинжлэх ухаанаар нотлогдоогүй” баримт шалгалтаараа бамбай булчирхайн томрол, хавдрыг тос түрхэж эмчилж болохгүй тухай мэдээлж, эрүүл мэндийн баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөсөн.

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт байрлах жижиг, хагас бөөн хэлбэртэй булчирхай бөгөөд биеийн бодисын солилцоог зохицуулдаг даавруудыг үйлдвэрлэдэг дотоод шүүрлийн системийн нэг хэсэг юм. Энэ булчирхай нь биеийн олон чухал үйл ажиллагаанд, тухайлбал, зүрхний хэмнэл, хоол боловсруулалт, биеийн температурыг зохицуулах, энергийн хэрэглээг удирдах зэрэгт нөлөөлдөг. Бамбай булчирхай нь тироксин (T4) болон три–йодтиронин (T3) гэдэг гол даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхайн томрол нь  хавдар, иодын дутагдал, хашимото өвчин зэрэг хэд хэдэн шалтгаанаар үүсэх эрсдэлтэй байдаг.

АНУ-ын Үндэсний хавдрын хүрээлэн, Бамбайн булчирхайн холбоо, Их Британийн Эрүүл мэндийн алба, Виржиниа мужийн Хорт хавдар судлалын холбоо, Жон Хопкинс анагаах ухааны их сургууль зэрэг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бамбайн булчирхайн томрол, хавдрын үндсэн эмчилгээний аргад тосоор эмчлэх аргыг огт дурдаагүй байна.

Бамбайн булчирхай томорсон үед нарийн шинжилгээ хийлгэж, эмчийн заавар, зөвлөгөөний дагуу дараах үндсэн эмчилгээг хийдэг.

  • Ажиглах: Бамбайн булчирхайн харьцангуй бага хэмжээгээр томорсон, ямар нэг зовуурьгүй үед ажиглах ба шууд эмчилгээ хийх шаардлагагүй.
  • Жорын дагуу бамбайн дааврыг орлох эм бэлдмэл хэрэглэх.
  • Радио идэвхт иод хэрэглэх. Энэ нь бамбай булчирхайн эсүүдийг устгаж булчирхайн хэмжээг багасгадаг. Гэвч эл эмчилгээний дараа насан туршдаа бамбай булчирхайн даавар орлуулах эм ууж, эмчилгээ хийлгэх шаардлагатай аж.
  • Бамбай булчирхай хэт томорч, залгихад хүндрэлтэй болсон тохиолдолд эсвэл зангилааг авах зорилгоор мэс заслын эмчилгээ хийдэг байна.  

Үргэлжлүүлэн PubMed, Google Scholar, Researchgate зэрэг олон улсын нээлттэй судалгааны сангаас “тос, бамбай булчирхайн томрол (goiter)” гэх түлхүүр үгээр хайхад тос ашиглан бамбайн булчирхайн томролыг эмчилдэг болохыг харуулсан өргөн хүрээний, клиник туршилт, судалгаа байхгүй байна.

АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн нь ямар ч судалгаа, баталгаагүйгээр аливаа өвчнийг хурдан хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилдаг тухайн анхааруулжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч мөнгө санхүүгээрээ хохирох, өвчнийг даамжруулж, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авалгүй, хүндрүүлэх эрсдэлтэй.

Дүгнэлт

Бамбайн булчирхайн томрол, хавдрыг тосоор эмчлэхийг баталсан судалгаа, туршилт байхгүй. Бамбайн булчирхай нь дотоод шүүрлийн системийн нэг хэсэг учраас томрол, зангилаа, хавдрын үед хүзүүнд тос түрхэж эмчлэх боломжгүй юм. Аливаа өвчин эмгэгийг богино хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэлгүй, эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Бамбай булчирхайг бүрэн эмчлэх тос” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document