2026 оны 09 дүгээр сарын 05-нд MG Trend Store Mongolia Facebook хуудаснаас бичлэг түгээжээ. Уг бичлэгт “Өвдөж буй буйлны болон шүдний хэсэгт нэг л удаа цацахад агшин зуурт өвчлөлгүй болно” гэж тайлбарласан байна. Тухайн бичлэгийг 6 сэтгэгдлээр идэвхжүүлж, 162 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Зургаар шалгах
Шалгасан бичлэгт сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад Taobao болон Яндекс онлайн худалдааны сайтад “шүдний өвчин намдаах зориулалттай” хэмээн зарагдаж байгаа нь илэрлээ. Сайтын мэдээлэлд албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй байна. Шалгасан бичлэгт амны цацлагын орц найрлагыг “100% байгалийн гаралтай, аюулгүй” гэсэн боловч борлуулж буй худалдааны сайтад дэлгэрэнгүй мэдээлэл хүргээгүй. Албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагч, орц найрлагын тодорхой мэдээлэлгүй байх нь хуурамч бүтээгдэхүүний шинж юм. АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас гаргасан эрүүл мэндийн залилангаас сэргийлэх зөвлөмжид дурдсанаар химийн гаралтай, байгалийн гаралтайгаас үл харгалзан биед нөлөөлөх үйлчилгээтэй бүх бүтээгдэхүүн сөрөг үр нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.
Үргэлжлүүлэн шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүн дээрх худалдааны тэмдгийг хайхад Nj-Tongrentang гэх сайт илэрлээ. Гэвч тус сайтын бүтээгдэхүүний жагсаалтад амны цацлаг байхгүй. Энэ нь тус брэндийн нэрийг барьж, худалдааны логог дуурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна гэсэн үг юм.
Агуулга нягтлах
Шүдний өвчнийг түр намдаах цацлага хэлбэрийн өвчин намдаагчийг Mentholatum эмийн үйлдвэр албан ёсоор үйлдвэрлэж, худалдаалдаг байна. Тухайн амны цацлагыг шүдний эмнэлэгт үзүүлэх боломжгүй тохиолдолд 12-оос дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөж, бүтээгдэхүүнийг хэрэглэсэн ч яаралтай шүдний эмчид үзүүлэхийг анхааруулжээ. Учир нь шүдний өвчин намдаах наалт нь богино хугацаанд үйлчилдэг ба түр зуурын шийдэл учир заавал эмчид хандаж, эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Одоогоор Монгол улсын бүртгэлтэй эмийн жагсаалтад шүд өвдөх үед хэрэглэх боломжтой цацлага хэлбэрийн өвчин намдаагч байхгүй.
Их Британийн үндэсний эрүүл мэндийн төвөөс шүдний өвчин 2 хоног үргэлжилбэл эмчид шуурхай хандах шаардлагатайг сануулжээ. Шүдний өвчин нь шүд хорхойтох, бутрах, цуурах гэх мэт амны хөндийн асуудлаас үүсдэг. Өвдсөн үед шүдний эмнэлэгт хандах шаардлагатай ба эмнэлгийн тусламж авахаас өмнө өвчин намдаагч эм хэрэглэх, амаа давстай усаар зайлах, өвчтэй шүдийг зөөлөн арчлах аргаар шүдний өвчнийг түр хугацаанд намдаах боломжтой аж.
Кливланд эмнэлгээс гаргасан шүдний өвчний талаарх нийтлэлд дурдсанаар өвчний шалтгааныг эмчийн үзлэгээр тодруулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Дан ганц өвчин намдаагч ашиглах нь өвчнийг дордуулах, өвдөлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Дүгнэлт
Аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагч, орц найрлагын мэдээлэлгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь бие махбодод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Шүд өвдсөн үед өвчин намдаагч хэрэглэх, амаа давстай усаар зайлах, өвчтэй шүдийг зөөлөн арчлах гэх мэт аргаар түр хугацаанд өвчин намдаах боломжтой ч яаралтай эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэхийг зөвлөж байна.


