2026 оны 09 дүгээр сарын 14-нд Saagii Sansar нэртэй хаягаас “Украин эрчүүд Оростой байлдах үүрэг хүлээн фронт руу хүчээр ачигдах зуур еврейчүүд нутгийг нь эзэгнэж эхлэв. Еврей эр: “Маш сайхан байна. Гоё байна. Бид улам олон болно” гэж баярлан хөөрч бичлэг оруулав. Украиныг дуусгах жүүдийн төлөвлөгөө хэрэгжиж байна” гэх тайлбартай еврей хэлээр ярьж буй эрэгтэйн бичлэг түгээснийг нийт 288 реакц, 63 сэтгэгдлээр идэвхжүүлж, 226 удаа цааш түгээжээ. Мөн тус хаягаас “онгоц дүүрэн жүүд эрчүүд польшоор дамжин Украинд ирж байна, украин жүүдүүдийн нутаг болно” гэх агуулга бүхий ижил эрэгтэйн бичлэг нийтэлжээ.
Karla Khaitan хаягаас “Сүйрч буй улс Украйны УМАНЬ ХОТ … украйн эрчүүд гудамжнаас нохой шиг фронт руу ачигдаж ард нь #израйлиас ирэгсэд тийнхүү баярлалдан хөгжилдөн цэнгэлдэж байна” гэх тайлбартай “Умань хот 20.09.12” гэсэн текст бүхий богино хэмжээний бичлэг түгээснийг нийт 180 реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 404 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
“Еврейчүүд Украиныг эзэлж байна” гэх агуулга нь олон улсад жил бүрийн 09, 10 дугаар сард өргөн тархдаг хуйвалдааны онол тухай “Shafafiyat” төслийн сайтад мэдээлжээ. Тус төсөл нь Польшийн Гадаад харилцааны яамнаас санхүүждэг ба Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Беларусь улсаас Ойрх Дорнод, Хойд Африкийн орнууд, тэр дундаа Ирак, Курдистаны бүс нутаг, Египет, Ливан зэрэг орны иргэдийн санаа бодолд нөлөөлөх үйл ажиллагаа, хуурамч мэдээллийн манипуляцыг ил тод болгох, түүний талаар мэдээлэл өгөх зорилготой төсөл юм.
Эдгээр бүс нутагт ОХУ-аас олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд суртал ухуулга, хуурамч мэдээллийн сүлжээг өргөн ашигладаг байна. Үүний нэг жишээ нь еврей үндэстний Рош Хашана баяраар Украины Умань хотод очиж буй мөргөлчдийн зураг, бичлэгийг мушгин гуйвуулж, “Польшоор дамжин Украинд еврейчүүд олноор цагаачилж, Ерөнхийлөгч Зеленскийн ивээл дор шинэ Еврей улс байгуулж байна” гэж иргэдийг төөрөгдүүлж, суртал ухуулга хийдэг тухай Shafafiyat сайтад мэдээлжээ .
Суртал ухуулгаа хийхдээ эсрэг тэсрэг хоёр агуулгыг голчлон барьдаг байна. Эхнийх нь Украиныг “нацистууд ба антисемитүүдээр (еврейг эсэргүүцэгчид) дүүрсэн тул нацизмаас цэвэрлэх дайн хийж байна” гэх агуулга бол нөгөө нь зөвхөн Арабын орнуудад зориулж “Зеленский Украиныг еврейчүүдээр дүүргэн, шинэ еврей улс байгуулан колоничилж байна” гэх худал суртал ухуулгыг явуулдаг байна. Мөн тус төслийн сайтад эдгээр хуурамч мэдээлэл нь дараах зорилготой байдаг хэмээн тодорхойлжээ. Үүнд:
- Антисемит болон Украинтай сөргөлдөх үзлийг нэмэгдүүлэх буюу Ойрх Дорнодын орнуудад Украиныг сэжиглэх сэтгэгдэл төрүүлж, дипломат, материаллаг тусламж үзүүлэхээс татгалзуулах,
- Дотоод ба гадаадын эсэргүүцлийг дарах, айдас төрүүлж Орос, Беларусь, Украин дахь еврей иргэд ба байгууллагуудаас төрийн бодлогыг нь үг дуугүй дэмжихийг шаардаж, суртал ухуулгаараа дамжуулан айдас, дарамт бий болгох.
- “Еврейчүүд дэлхийг хянаж, удирддаг” гэх Хаант Орос болон Зөвлөлтийн үеийн хуйвалдааны онолуудыг сэргээж, өнөөгийн үйл явдалд тохируулан ашиглах зорилготой хэмээн мэдээлжээ.
Еврей үндэстэн Рош Хашана буюу шинэ жилийн баяраараа Украины Умань хотод очиж мөргөл хийж, баярладаг
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг календарийн 09, 10 дугаар сарын аль нэгэнд еврей тооллын тишрей сарын (аргын тооллоор зүйрлэвэл бар сар гэдэг шиг) эхний хоёр өдөр тохиодог бөгөөд тэр өдөр еврейчүүдийн “цагаан сар”-Рош Хашана баяр нь болдог. 2026 онд энэхүү баяр нь 09 дүгээр сарын 11-13-ны хооронд болсон байна.
Үнэн алдартны Иудейн шашны нэг урсгал “Бреслов Хасидизмын хөдөлгөөн”-ийг үндэслэгч Рабби Нахманы шарил нь Украины Умань хотод байрладаг учраас жил бүр хэдэн мянган еврейчүүд шарилын газарт нь Рош Хашана баярыг тэмдэглэж, мөргөл үйлдэхээр зорьдог байна. Энэ жил ойролцоогоор 40 мянга гаруй еврей үндэстэн Украины Умань хотыг зорьсон бөгөөд баярын өдрүүдэд Украины цагдаагийн байгууллага хамтран ажиллаж, аюулгүй байдлыг хангасан тухай Radio Free Europe мэдээллийн радио сувгаар мэдээлжээ.
Шалгасан бичлэгийг Google Lens хайлтын системээр хайхад АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг Shimmy Zlontik гэх нэртэй сошиал хаягууд (Facebook, Instagram, TikTok) илэрцээр гарч ирлээ. Тус хаягуудад Рош Хашана баярын үеэр Украин руу зорчсон тухай хэд хэдэн бичлэг оруулсан байна. Мөн Youtube сувагтаа 2024 оны 10 дугаар сарын 14-нд “Рош Хашанад оролцохоор Украины Уман хотыг зорьж байна” гэх тайлбартай ижил төстэй бичлэг нийтэлжээ.
Reuters агентлагаас Украины Умань хотод болж өндөрлөсөн Рош Хашана баярын бичлэгийг нийтэлсэн. Тус бичлэгийн 09:38 секундэд шалгасан бичлэгт харагдаж буй машин гарч байна. Доорх зурагт харьцуулан харууллаа.

2024 оны 10 дугаар сард сошиал орчинд “еврей хүмүүс Украинд шинэ Израйл улсыг байгуулах” гэж байна гэх агуулга бүхий мэдээлэл түгээснийг Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Myth Detector баримт шалгах төвөөс шалгаж, уг агуулга нь хуйвалдааны онол бөгөөд Рош Хашана баярын үеийн бичлэг хэмээн мэдээлсэн.
Үүнээс харахад еврей үндэстний шинэ жилийн баяраа тэмдэглэж, мөргөл үйлдэх гэж Украины Умань хотыг зорьсон хэрэглэгчийн бичлэгийг ашиглаж, “еврейчүүд Украины нутгийг эзэлж байна” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.
Дүгнэлт
“Еврейчүүд Украины газар нутгийг эзэлж байна” гэх агуулга нь олон улсад өргөн тархсан хуйвалдааны онол, хуурамч мэдээллийн манипуляц юм. Украины Умань хотод Бреслов Хасидизмын хөдөлгөөнийг үндэслэгч Рабби Нахманы шарил байрладаг учраас жил бүрийн ес эсвэл аравдугаар сард еврейчүүд Рош Хашана буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж, мөргөл үйлдэхээр Умань хотыг зорьдог байна.


