2026 оны 09 дугаар сарын 10-нд Aagii Agii нэртэй хаягаас “Iphone 18 шинэ загвар авах захиалга өгсөн хамгийн их улс орны тоон үзүүлэлт гараад байна” гэсэн тайлбартай пост түгээжээ. Тус постыг 156 реакц, 23 сэтгэгдлээр идэвхжүүлж, 9 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Бид шалгасан мэдээллийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад lemonpress.mn инстаграм хаягаас 2026 оны 09 дүгээр сарын 10-нд “Iphone Duo авахын тулд дэлхийн улс орны иргэд хэдэн өдөр ажиллах шаардлагатай вэ?“ гэсэн тайлбартайгаар шалгасан мэдээлэлд хавсаргасан графикийг нийтэлсэн байна. Уг тооцооллыг гаргахдаа “тухайн улсын дундаж сарын цалинг ажлын 21,7 хоногт хуваан тооцоолов” хэмээн тэмдэглэжээ.
Түгээсэн зурагт эх хувилбарын гарчгийг “Iphone 18 шинэ загвар авах захиалга өгсөн хамгийн их улс орны тоон үзүүлэлт гараад байна” гэж засварлан төөрөгдүүлжээ.

iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max шинэ загварын гар утасны урьдчилсан захиалга 9 дүгээр сарын 12-нд эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 18-наас эхлэн худалдаалагдаж эхлэх талаар Apple компанийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Харин Apple компанийн сайтад шлагасан мэдээлэлд дурдсан шиг “улс тус бүрийн захиалгын тоо, аль улс хамгийн их захиалгатай байгаа” зэрэг мэдээлэл огт байхгүй байна.
Дүгнээд хэлбэл, шинэ гарсан iPhone утас авахын тулд улс орнууд хэдэн өдөр ажиллах шаардлагатайг тухайн улсын дундаж сарын цалинг ажлын 21,7 хоногт хуваан тооцоолон гаргасан графикын гарчгийг өөрчилж, төөрөгдүүлжээ.


