Search

Тос ашиглан сарын тэмдгийн асуудал болон PCOS-ыг шийдвэрлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2058

Ерөнхий агуулга

“Тос ашиглан цэвэршилт, тогтмол бус сарын тэмдэг, PCOS гэх мэт асуудлыг шийднэ” гэх агуулгатай бичлэг түгээжээ.  

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай хуудаснаас аюулгүй байдлын баталгаагүй тос ашиглан хэвлийг чангалах, цэвэршилт, PCOS (өндгөвчний олон уйланхайт хам шинж), тогтмол бус сарын тэмдэг зэрэг асуудлыг шийдэх боломжтой хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Эдгээр үйл явцыг тосоор эмчлэх боломжгүй бөгөөд шинж тэмдэг илэрвэл мэргэшсэн эмчид хандахыг зөвлөж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 25-нд Beauty Technology  Facebook хуудаснаас бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэгт “Оксиль гель ашигласнаар цэвэршилт, тогтмол бус сарын тэмдэг, хэвлийн доод хэсгийн хүйтэн, тавгүй мэдрэмж, PCOS, үтрээ загатнах, хурц үнэртэх зэрэг асуудлыг шийднэ” гэж тайлбарлажээ. Тухайн постыг 724 реакц, 276 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 217 удаа түгээжээ.  

Хаяг шалгах 

Beauty Technology хуудас 2025 оны 03 дугаар сарын 17-нд Jira ของดีแนะนำ гэх тайланд нэрээр нээгдсэн байна. Хуудасны нэрийг 2025 оны 05 дугаар сарын 25-нд Beauty Technology гэж өөрчилжээ. Үргэлжлүүлэн, хуудасны тайлбар хэсгийг шалгахад Real Estate (Үл хөдлөх хөрөнгө) гэж оруулсан нь бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаанаас зөрж байна. Мөн пэйжийн удирдлагын байршлыг харахад, Вьетнамаас 5 админтай болох нь илэрлээ.  

Мөн хаягийн мэдээлэлд тодорхой байршил, утасны дугаар зэрэг холбогдох мэдээлэл байхгүй байна. Эдгээр нь гаднын удирдлагатай, баталгаагүй хуудасны шинж юм. 

Шалгасан бичлэгийн тайлбар хэсэгт оруулсан линк рүү хандахад зөвхөн доош гүйлгэж мэдээлэл харах боломжтой, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгагүй сайт илэрлээ. Тус сайтын серверийн байршлыг Urlvoid хэрэглүүрээр шалгахад Сингапур улсаас гаралтай байна. Сайтад хямдралын мэдээлэл, худалдан авахыг уриалсан хэсгийг анхаарал татах зорилгоор тавьж, утасны дугаар, нэр болон хаягийн мэдээллийг асууж байгаа нь хувийн мэдээлэлд халдах эрсдэлтэй юм.

Зургийн тайлбар: Urlvoid хэрэглүүрийн үр дүн

Сайтын мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүний гэрчилгээг шалгахад сурталчилснаас өөр “Mindmagic” гэх бүтээгдэхүүний гэрчилгээг ашигласан нь илэрсэн. Энэ нь тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг батлах гэрчилгээ байхгүй гэсэн үг юм.

Зургаар шалгах 

Шалгасан бичлэгт сурталчилсан тосыг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад Amazon, Lazada зэрэг худалдааны сайт илэрлээ. Худалдааны сайтын бүтээгдэхүүний мэдээлэлд “чийгшүүлэх, тайвшруулах тос” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлыэл, шалгасан мэдээлэлд энийг чийгшүүлэх, халдаг тосыг эмчилгээний бүтээгдэхүүн мэт тайлбарлажээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгчийн мэдээлэл гарсангүй. Албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэлгүй, ихэвчлэн онлайн орчинд худалдаалдаг бүтээгдэхүүн нь хуурамч бүтээгдэхүүний шинж тэмдэг юм.

Агуулга нягтлах 

Шалгасан мэдээлэлд “цэвэршилт, тогтмол бус сарын тэмдэг, хэвлийн доод хэсгийн хүйтэн, тавгүй мэдрэмж, PCOS, үтрээ загатнах, хурц үнэртэх” асуудлуудыг тос ашиглан шийдвэрлэх боломжтой гэж сурталчилсан. Үүний дагуу хайхад дараах үр дүн илэрлээ.

Харвардын анагаах ухааны их сургуулийн “12 сарын турш нэг ч удаа биеийн юм ирээгүй тохиолдолд бүрэн цэвэршсэн гэж үздэг бөгөөд цэвэршсэний дараа дахин биеийн юм ирэх боломжгүй бөгөөд цэвэршилтийн дараа цус гарах нь арьс урагдах, эмийн гаж нөлөө гэх мэт олон шалтгаантай” гэдгийг нийтэлсэн байна. Mayo эмнэлгээс гаргасан цэвэршилтийн талаарх нийтлэлд “цэвэршилтийг эмчлэх шаардлагагүй ч шинж тэмдгийг бууруулж болно” гэжээ. 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс тогтмол бус сарын тэмдгийн талаар нийтлэл гаргасан байна. Тухайн нийтлэлд сарын тэмдэг 21 хоногоос бага, эсвэл 35 хоногоос хол зайтай ирэхийг тогтмол бус гэдэг ба цэвэршилт, жирэмслэлт, эмийн гаж нөлөө гэх мэт шалтгаанаас үүсдэгийг мэдээлжээ. Үүнийг мэргэшсэн эмчийн үзлэгээр эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлно. Энгийн тохиолдолд ихэвчлэн эмчлэх шаардлагагүй гэж үздэг байна.

ДЭМБ-аас өндгөвчний олон уйланхайт хам шинжийг (PCOS) энэ нь эмчлэх боломжгүй гэдгийг онцолжээ. PCOS (өндгөвчний олон уйланхайт хам шинж) нь умайн өвчлөлт бус андроген (эрэгтэйлэг биеийн даавар) хэт өндөр байх эсвэл бусад дааврын тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Үүний шинж тэмдэг нь хүн бүрд өөрөөр, ихэвчлэн тогтмол бус сарын тэмдэг, сарын тэмдгийн үед өвдөх, хэт их үс ургах гэх мэт хэв маягаар илэрдэг аж. Хам шинжийг хэвийн болгох эмчилгээ байхгүй ч амьдралын хэв маягийг сайжруулах эм, эмчилгээ байдаг байна.  

Кливланд эмнэлгийн сайтын мэдээлснээр үтрээний бактерийн хэмжээ өөрчлөгдсөнөөс үүсдэг үрэвсэл нь эвгүй үнэрийн шалтгаан болдог байна. Үрэвсэл нь олон төрөл байдаг ба эмчилгээ, оношилгоо хийхийн тулд эмчид хандах шаардлагатай. Зарим тохиолдолд эмчилгээ хийх шаардлагагүй байдаг.

Эдгээрээс үзвэл дурдсан хам шинж, өөрчлөлтийг эмч, мэргэжилтэнээр оношлуулж, тохирох эмчилгээг хийх хэрэгтэй.

Онлайн орчинд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэнд, үйл ажиллагааны талаар худал мэдээлэл их хэмжээгээр тардаг тул Mayo эмнэлгээс анхааралтай байхыг сануулж, эрүүл мэндийн хуурамч мэдээллийн таних гарын авлагыг санал болгожээ. Мөн АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас гаргасан санамжид “хурдан шийдвэрлэх”, “байгалийн эмчилгээ”, “ид шидийн арга” гэх мэт агуулгаар тайлбарлаж буй бүтээгдэхүүн нь хуурамч гэдгийг анхааруулж байна.  

Дүгнэлт 

Гаднын удирдлагатай хуудсаас аюулгүй байдлын баталгаагүй тос ашиглан хэвлийг чангалах, цэвэршилт, PCOS (өндгөвчний олон уйланхайт хам шинж), тогтмол бус сарын тэмдэг зэрэг асуудлыг шийдэх боломжтой гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Эдгээр хам шинж, өөрчлөлтийг тосоор эмчлэх боломжгүй бөгөөд шинж тэмдэг илэрвэл мэргэшсэн эмчид хандахыг зөвлөж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Тос ашиглан цэвэршилт, тогтмол бус сарын тэмдэг, PCOS гэх мэт асуудлыг шийднэ” гэх агуулгатай бичлэг түгээжээ.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document