2026 оны 09 дүгээр сарын 05-нд Batchuluun Natsagdorj Facebook хаягаас “Хүүхдийн бие рүү мөнгөн ус агуулсан вакцин хийж байна” гэх агуулгатай пост түгэээжээ. Постод Роберт Ф. Кеннеди гэх хүний зургийг хавсаргаж, “Монгол улсад одоо ч мөнгөн ус агуулсан вакцин хийж байна. Мэдээллийн суваг, ChatGPT бодит үнэнг гаргахгүй” гэжээ. Тухайн постыг 1.5мянган реакц, 166 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 2.5 мянган удаа хуваалцжээ.
Batchuluun Natsagdorj Facebook хаягаас өмнө нь түгээж байсан вакцины эсрэг худал, төөрөгдүүлсэн мэдээллийг бид өмнөх хэд хэдэн баримт шалгалтаараа (эндээс үзнэ үү) тайлагнаж байсан.
FACTCHECK:
Роберт Ф. Кеннедигийн хүчингүй болсон шийдвэрийг ашиглажээ
Шалгасан постод АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамнаас 2025 онд гаргасан Youtube бичлэгийн линк оруулсан байна. Тус бичлэгт Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний сайд Роберт Ф. Кеннеди вакцин болон тимеросал бодисын талаар мэдэгдэл хийжээ. Тухайн мэдэгдэлдээ “вакцин хадгалахын тулд тимеросал бодис хэрэглэхийг хориглосон” гэсэн бөгөөд шийдвэрээ судалгаагаар дэлгэрүүлэн ярьсан. Гэвч АНУ-ын Конгрессоос 2026 оны 07 дугаар сарын 29-нд Роберт Ф. Кеннедигийн шийдвэрийг хүчингүй болгож, дагаж мөрдөхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Учир нь Роберт Ф. Кеннеди вакцинтай холбоотой шийдвэрийг гаргахаасаа өмнө Дархлаажуулалтын зөвлөх хорооны бүх гишүүнийг халж, шинэ гишүүд томилон шийдвэр гаргахад нөлөөлсөн аж. Тиймээс шүүхийн шийдвэрээр 2025 оны 06 дугаар сарын 11-ээс хойших зөвлөх хорооноос гаргасан бүх шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Роберт Ф. Кеннедигийн түгээсэн вакцины талаарх бусад мэдээллийг Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүд шалгаж байсан. Тухайлбал, Factcheck.org болон AFP баримт шалгах төвөөс Роберт Ф. Кеннедигийн түгээсэн мэдээлэл, хэлсэн яриаг удаа дараа баримтаар шалгаж, няцаасан бөгөөд вакцины талаар баталгаагүй, хуурамч мэдээлэл тарааж байгааг анхааруулж байна. Мөн AP агентлаг болон АНУ-ын Пенсильвани их сургуулиас Роберт Ф. Кеннедигийн яриаг няцааж, худал мэдээлэл түгээсэн гэдгийг анхааруулжээ.
Үүнээс харвал, Роберт Ф. Кеннеди нь вакцины эсрэг байр суурьтай ба хуучирсан, төөрөгдүүлсэн, хуурамч судалгаа, мэдээллээр дамжуулж вакцины эсрэг үзэл бодлыг сурталчилдаг байна. Тэрээр АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамаар дамжуулан батлахыг оролдож байжээ. Тиймээс Роберт Ф. Кеннеди нь эрүүл мэндийн үнэн зөв мэдээлэл авах баттай эх сурвалж биш юм.
АНУ-д 1999 оноос хойш вакцин боловсруулалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргэлзээг бууруулах зорилготойгоор хүүхдийн вакцинд агуулагдах тиомерсалыг багасгах, хасах тухай хэлэлцэж эхэлсэн. 2001 оноос хүүхдийн вакцинуудын ихэнхээс тиомерсалыг хасаж, нэг тун бүхий савлагааг ашиглаж эхэлжээ. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакцин, салхин цэцгийн вакцинд тиомерсал огт агуулагдаж байгаагүй, томуугийн вакцин одоогоор тиомерсал агуулсан болон агуулаагүй хувилбараар авах боломжтой тухай Өвчин хяналт урьдчилан сэргийлэх төвийн сайтад мэдээлсэн байна.
2026-2027 улирлын томуугийн эсрэг вакцинд агуулагдаж буй тимеросал аюулгүй хэмжээнд байна
Шалгасан мэдээлэлд “мөнгөн усны хольцтой вакциныг хүүхэд, залууст тарьдаг” гэж дурдсан. Уг мэдээлллийн дагуу томуугийн вакцины талаар хайхад Эрүүл мэндийн яамны Facebook хуудаснаас (Архивласан хувилбар) “2027 онд БНСУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын шаардлагад нийцсэн GCFLU вакциныг хийж байна” гэсэн мэдээлэл илэрлээ. GCFLU нь “GC Biopharma Corporate”-ийн бүтээгдэхүүн бөгөөд компанийн албан ёсны сайтаас вакцины үйлчилгээ, орц найрлагын дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Нийслэлийн Хүүхдийн 77 дугаар цэцэрлэг Facebook хуудаснаас улирлын томуугийн эсрэг вакцины хэрэглэх зааврыг агуулсан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 08 дугаар сарын 24-ны А/188 дугаар тушаалыг нийтэлжээ. Тухайн зааварт вакцины 1мл-т агуулагдах найрлагыг жагсаасан бөгөөд тимеросал 1мл-т 0.01w/v% агуулж байна. 0.01w/v% гэдэг нь 100мл-т 0.01гр тимеросал агуулагдана гэсэн үг юм. АНУ-ын Хүнс, эмийн захиргааны мэдээлснээр энэ нь биед аюулгүй хэмжээ байна.
Тимеросал нь мөнгөн ус агуулсан органик нэгдэл (органик мөнгөн ус) юм. Мөнгөн ус нь байгалийн элемент бөгөөд газрын царцдас, агаар, хөрс, усанд агуулагддаг. Вакцинд ашигладаг тимеросал нь нян (бактери, мөөгөнцөр гэх мэт) ургахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмдэг вакцины нэмэлт бодис юм. ДЭМБ-аас мэдээлснээр вакцинд ашигладаг тимеросал нь биеэс маш хурдан гадагшилдаг бөгөөд олон улсын судалгаагаар аюулгүй гэдгийг баталсан байна.
Дүгнэлт
Вакцины эсрэг үзэл бодолтой улс төрчийн найдваргүй мэдээллийг эх сурвалж болгон авч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Монгол улсад 2026-2027 оны томуугийн улиралд хийж буй вакциныг БНСУ-аас оруулж ирж байгаа бөгөөд тус вакцины найрлагад тимеросал 0.01w/v% буюу аюулгүй хэмжээгээр агуулагдаж байна.


