2026 оны 03 дугаар сарын 14-нд “ОРОС бараа Оригинал органик хүнс” хуудаснаас “Орос Эмчилгээний цэвэр хүрэн манжингийн цэвэр нунтаг” гэх бичлэг түгээжээ. Тухайн бичлэгт хүрэн манжинг “Бие махбодын ачаалах чадварыг нэмэгдүүлнэ, зүрхний өвчний аливаа эрсдэлийг бууруулахад ач тустай, цусны даралт тогтворжуулна, тархины үйл ажиллагаа сайжруулахад ач тустай, элэг хоргүйжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ, эрүүл мэндийг урт хугацаанд тогтворжуулна, цус шингэлэн цэвэршүүлнэ, холестерин болон илүүдэл өөх багасгахад дэмжлэг үзүүлнэ, хорт хавдраас сэргийлнэ, судасны хатуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх” гэх мэт үр нөлөө болон витамин, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгчээ. Тус бичлэгийг 5 мянган реакц, 2.3 мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 2.1 мянган удаа түгээжээ.
FACTCHECK:
Зургаар шалгах

Бүтээгдэхүүний зургийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад Орос улсаас гаралтай онлайн Ozon худалдааны сайт илэрлээ. Худалдааны сайтын мэдээлэлд “хатаасан манжингийн бүрэлдэхүүнд бие махбодыг шаардлагатай хамгаалалтаар хангадаг олон тооны антиоксидант, фитонутриент, эслэг агуулагддаг” гэдгийг дурдаж, хэрэглэх зааварт бүх төрлийн хоолны амтлагч, өнгө оруулагч үйлчилгээтэй гэж тайлбарласан байна. Мөн савлагааны шошгыг орчуулахад “амтлагч” гэж бичсэн нь илэрсэн. Энэ нь сурталчилж буй бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн бус хоолны нэмэлт амтлагч гэсэн үг юм.
Хүрэн манжин нь эрүүл мэндэд тустай ч үйлчилгээг дэгстүүлэн сурталчилсан байна.
Хүрэн манжингийн биед үзүүлэх үйлчилгээний талаар Кливланд эмнэлгийн мэдээллийн сайтад нийтэлжээ. Хүрэн манжин нь газар доор ургадаг үндэслэг ногоо бөгөөд үндэс болон навч нь биед хэрэгтэй шим тэжээлийг агуулдаг байна. Тухайн нийтлэлд дурдсанаар хүрэн манжин нь:
- Биеийн тэсвэрийг нэмэгдүүлж, дасгал хөдөлгөөн хийхэд тустай,
- Цусны даралтыг багасгадаг
- Зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг,
- Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг,
- Үрэвслийг намдаадаг эерэг үр нөлөөтэй ногоо юм.
Шалгасан мэдээлэлд дээрх үйлчилгээнээс гадна “элэг арчлах, илүүдэл шингэн, хор гадагшлуулах, эмчилгээ” гэх мэт зориулалттай гэж нэмж сурталчилсан. Дурдсан нэмэлт үйлчилгээг баримтаар шалгахад дараах үр дүн илэрлээ.
Хүрэн манжин ба элэгний хамаарлын талаар 2023 онд Pubmed судалгааны санд “Хүрэн манжингийн шүүс болон газар дундын хоолны дэглэмийн элгэнд үзүүлэх нөлөөг харьцуулсан туршилтын судалгаа” нийтэлжээ. Уг судалгаанд 19-73 насны 45 хүнийг оруулсан ба үйлчилгээг 12 долоо хоног ажигласан байна. Туршилтын үр дүнд хүрэн манжингийн шүүс элгэнд сайн үр нөлөөтэй байх магадлалтай гарсан ч лавшруулан судлах шаардлагатайг дурдсан. Энэ нь элэг болон хүрэн манжингийн шүүсний холбоо хамаарлыг бүрэн батлаагүй гэсэн үг юм. Мөн бусад хүрэн манжингийн ашиг тусыг судалсан судалгааны элгэнд үзүүлэх үр нөлөөг амьтад дээр хийсэн туршилтаас үндэслэсэн тул хүний биед үзүүлэх нөлөөг батлаагүй байна. Дээрээс нь шалгасан бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн бус хоолны амтлагч гэдгийг анхаарах хэрэгтэй.
Цаашлаад, Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) гишүүн THIP баримт шалгар төвөөс хүрэн манжин хорт бодис гадагшлуулах үйлчилгээтэй гэх мэдээлэлд баримт шалгалт хийж, тайлан гаргажээ. Тухайн баримт шалгалтын үр дүнд хүрэн манжингийн шүүс биеэс хорт бодис гадагшлуулахгүй, гадагшлах үйл явцад дэмжлэг үзүүлэхгүй гэдэг нь илэрсэн байна. Уг нийтлэлд тэжээлийн судлаач, хоол зүйч эмч “Элэг нь биеийн хорт бодисыг цэвэрлэдэг тул эрүүл хооллолт бол элэгний эрүүл мэндийг дэмжих хамгийн сайн арга юм. Хүрэн манжингийн шүүс нь элгэнд ашигтай нэгдлийг агуулдаг ч хорт бодисыг гадагшлуулж чадахгүй” гэж өгүүлсэн байна. Мөн тухайн төвөөс хүрэн манжингийн талаар гаргасан өөр баримт шалгалтын тайланд хүрэн манжин C витамин агуулдаг ч арьс цайруулахгүй гэдгийг дурдсан.
Хэдий хүрэн манжин нь биед олон талын сайн нөлөөтэй ч биеэс хор гадагшлуулахгүй ба элэгний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээг батлаагүй байна.
Шалгасан мэдээлэлд ойролцоогоор 14 өөр төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг жагсааж, тайлбарласан. АНУ-ын хүнс ба эмийн захиргаанаас “нэг бүтээгдэхүүн бүх төрлийн зовуурийг арилгана”, “байгалийн аргаар” гэх мэт сурталчилгаа нь залилангийн шинж чанар гэдгийг сануулжээ. Шалгасан мэдээлэлд дурдсан хэт олон үйлчилгээ нь энэхүү шинжийг агуулж байна.
Хүрэн манжингийн шүүс нь судасны хатуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт биш
Бүтээгдэхүүний сурталчилгаанд “судас хатуурлын (атеросклерозын) эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй” гэсэн. Үүний дагуу хайхад Кливланд эмнэлгийн мэдээллийн сайт дахь нийтлэл илэрлээ. Судасны хатуурал (Atherosclerosis) нь артерийн судсанд бөглөрөл үүсэхийг хэлдэг бөгөөд чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал зэрэг олон шалтгаанаас үүсдэг байна. Мэргэжилтний зөвлөсөн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргуудад хүрэн манжингийн шүүс, бүтээгдэхүүн зэрэг байхгүй байна. Мөн судасны хатууралтай болсон тохиолдолд заавал эмчид хандахыг зөвлөжээ.
Үүнээс гадна, 2015-2025 онд хэвлэгдсэн судалгааны мэдээлэл дээр үндэслэн хийсэн хүрэн манжингийн фитобүрэлдэхүүн, үйл ажиллагаа, хэрэглээ болон клиникийн үр дүнгүүдийн талаарх тойм судалгаанд зүрх судас, бодисын солилцоо, биеийн хөдөлгөөн гэх мэт биеийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг дэлгэрэнгүй тайлбарласан. Тус судалгаанд хүрэн манжингийн хавдраас сэргийлэх шинж чанарыг нэгтгэж, анализ хийхэд хүрэн манжингийн хавдраас сэргийлэх шинж чанарыг батлаагүй байна. Учир нь одоогийн байдлаар хийгдсэн судалгааны түүвэр хэт бага, ашигласан хүрэн манжингийн хэмжээ хэт ялгаатай, туршилтын хугацаа хэт богино байсан аж. 2021 онд нийтлэгдсэн “Хүрэн манжин нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжит функциональ хүнс болох тухай өгүүллийн тойм” судалгаанд хүрэн манжингийн болон бетанин пигментүүд хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ба флавоноид, полифенолын бүрэлдэхүүн хэсгүүд нь үрэвслийн эсрэг, антиоксидант чанартай хэмээн дүгнэсэн. Гэхдээ бетанины урьдчилан сэргийлэх механизмыг бүрэн тодорхойлоогүй ба манжин болон хорт хавдрын талаарх клиник судалгаа хийгээгүй байна. Хийсэн судалгаануудад ханд бэлтгэх өөр өөр арга хэрэглэхээс гадна бетаниныг тодорхой хугацаанд бодис бие махбодод хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгаа дутмаг байгаа нь эдгээр судалгаанд хэрэглэсэн эмчилгээний концентрац, тун нь хүний плазмын концентрацад хүрч болох эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй болгож байна. Хүрэн манжингийн нэмэлт тэжээлийг хүн дээр судалсан клиник судалгаанууд түүврийн хязгаарлагдмал хэмжээгээр хийснээс гадна эрүүл бүлгийг хамааруулсан. Хүрэн манжингийн нэмэлт тэжээл ба хими эмчилгээ, хорт хавдартай холбоотой шинж тэмдэг хоорондын хамаарлыг тусгайлан судалсан эмнэл зүйн судалгаа байхгүй тухай дурджээ.
Үүнээс үзэхэд одоогийн байдлаар хүрэн манжин болон хавдар, судасны хатуурлын хамаарлыг эм, эмнэлзүйн хүрээнд батлаагүй байна. Хүрэн манжин нь хавдар болон судасны хатуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн биш бөгөөд шалгасан постод баталгаагүй мэдээлэл түгээжээ.
Дүгнэлт
Хүрэн манжингийн хүний биед үзүүлэх үр нөлөөг дэгстүүлэн, хоолны амтлагчийг эмийн бүтээгдэхүүн мэт сурталчилж байна. Хүрэн манжин нь зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг, эрч хүч нэмдэг гэх олон сайн нөлөөтэй ч элэг хоргүйжүүлэх, арьс цайруулах зэрэг үйлчилгээгүй. Мөн судасны хатуурал, хавдраас хүрэн манжин ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг судалгаагаар батлаагүй байна.


