2026 оны 08 дугаар сарын 31-нд “Namuunaa Purevtseren” Facebook хаягаас “Ковидын ВАКЦИН шахуулсан хүмүүсийн 73,9% нь гэнэтийн үхлээр үхсэнийг 300 гаруй цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоожээ” гэх пост нийтэлжээ. Тухайн постод “ВАКЦИНТАЙ холбоотой үхэл дараагийн 15 жил үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар 27 сая хүн нас барсан гэх албан бус тоо бий. Дараагийн 15 жилд ВАКЦИНААС болж цусны бөглөрөл, цус харвалт, зүрхний шигдээс, зүрх судасны хүнд хэлбэрийн эмгэгүүд, гэнэтийн үхэл, үргүйдэл, үр зулбалт, тархи мэдрэлийн эмгэгүүд, түргэн явцтай төрөл бүрийн хорт хавдрын өвчлөлтүүд зонхилно гэж мэргэжлийн эмч нар ярив” гэж тайлбарласан байна. Уг постыг 250 реакц, 36 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 1.4 мянган удаа хуваалцжээ.
FACTCHECK:
Зураг шалгах
Постод хавсаргасан зураг нь Питер А. Маккалоу (Peter McCullough) гэх хүний АНУ-ын сенатын сонсголын явцад вакцины талаар ярьсан мөч юм. Уг сонсгол 2025 оны 05 дугаар сарын 21-д болсон ба “Шинжлэх ухаан болон холбооны эрүүл мэндийн байгууллагуудын авлига: Эрүүл мэндийн албан тушаалтнууд COVID-19-ийн вакцинтай холбоотой зүрхний булчинг болон бусад сөрөг нөлөөний эрсдэлийг хэрхэн бууруулан мэдээлж, нуун дарагдуулсан тухай” сэдвээр хэлэлцжээ.
Питер А. Маккалоу нь АНУ-аас гаралтай зүрх судасны эмч бөгөөд Ковидын вакцины талаар хуурамч мэдээллийг удаа дараа түгээж байсныг олон улсын баримт шалгах төвүүдээс мэдээлж байсан. Түүний Ковид19 цар тахлын эсрэг вакцины талаар худал мэдээлэл тарааснаас үүдэн 2022 онд АНУ-ын Дотрын Анагаах Ухааны Зөвлөлөөс (ABIM) мэргэжлийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.
Шалгасан постод дурдсан “мэргэжлийн эмч” гэх хүн нь вакцины худал мэдээлэл олон дахин тарааснаас гэрчилгээгээ хураалгасан буюу вакцины эсрэг үзэл бодолтой, баттай бус эх сурвалж байна.
Шалгасан бичлэгт дурдсан судалгаа нь баталгаагүй гэдгийг эрдэм шинжилгээний байгууллагууд үзэж байна
Сенатын сонсголын явцад Питер А. Маккалоу 2023 онд нийтлэхийг зорьж байсан судалгааны үр дүнг танилцуулсан байна. Танилцуулсан судалгаа нь Ковид19 цар тахлын эсрэг вакцины дараах нас барсан тохиолдлын задлан шинжилгээний тойм (Autopsy Findings in Cases of Fatal COVID-19 Vaccine-Induced Myocarditis) бөгөөд нас баралтын 73.9% нь вакцинтай шууд холбоотой гэсэн үр дүн гарчээ. Гэвч энэхүү судалгааг бусад эмч, мэргэжилтэн хянаагүй ба судалгааны сайтаас хасагдсан байна.
Олон улсын баримт шалгалтын төв болон ДЭМБ-ын вакцины аюулгүй байдлын сүлжээний гишүүн Science Feedback сайтад уг судалгааны талаар мэдээ түгээжээ. Уг нийтлэлд дурдсанаар тухайн судалгааг 2023 оны 07 дугаар 05-нд SSRN судалгааны сайтад нийтэлсэн ба 24 цагийн дотор сайтаас устгасан байна. SSRN сайт судалгааг устгасан шалтгааныг “Судалгаанд ашигласан арга зүй дүгнэлтийг дэмжихэд хангалтгүй гэж үзсэн тул Preprints with The Lancet-ийн сайтаас хассан” гэж тайлбарлажээ.

Мөн тухайн судалгааг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, вакцины үнэн зөв мэдээлэл түгээгч хараат бус мэргэжилтнүүдийн Дархлаажуулалтын үндэсний техникийн зөвлөх бүлгүүдийн (NITAG) нөөцийн төвөөс үнэлсэн ба арга зүйг 2 буюу маш сул гэж дүгнэсэн байна.
Үүнээс гадна Оксфордын их сургуулиас задлан шинжилгээний тойм судалгааг хийсэн Питер А. Маккалоу, Харви Риш болон Рожер Ходкинсон нарт мэдэгдэл ирүүлжээ. Тухайн мэдэгдэлд дурдсанаар судалгааны бичвэрт:
- Нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг бүрэн тооцоолоогүй,
- Хүн ам зүйн мэдээллийн ач холбогдлыг хэлэлцээгүй,
- Вакцин болон өвчлөлийн хамаарлын цаг хугацааг тодорхой авч үзээгүй,
- Аль хэдийн зүрхний эмгэгтэй байсан, суурь өвчтэй байсан эсэхийг тогтоолгүй бүх тохиолдлыг вакцинаас болсон гэж үзсэн гэх томоохон алдаа гаргажээ.
Үргэлжлүүлэн, судалгаанд хоорондоо хамааралгүй тохиолдлыг хамааралтай гэж үзсэнийг дурдсан байна. Үүгээр барахгүй, эх сурвалжуудын мэдээллийг алдаатай хүргэж, буруу мэдээлэл түгээж, бусад эмч, мэргэжилтний хянаагүй судалгааг эх сурвалж болгон авсныг шүүмжилсэн аж. Тиймээс Оксфордын их сургууль энэхүү тойм судалгааг Ковид19 цар тахлын вакцинжуулалт зүрхний булчингийн үрэвслээр нас барах тохиолдлын холбоо хамаарлыг зохих ёсоор үнэлж, мэдээлж чадаагүй гэж үзэж байна.
Үүнээс үзвэл шалгасан мэдээлэлд дурдсан судалгаа нь баталгаат судалгааны босгыг даваагүй, судалгааны хэд хэдэн ноцтой алдаа гаргасан, буцаагдсан буюу үр дүн баталгаагүй судалгаа байна.
Пенсильван мужийн их сургуулиас Ковид19 цар тахлын эсрэг вакцины төөрөгдүүлсэн мэдээллийг таних зөвлөмж гаргажээ:
- Мэдээллийн эх сурвалжийг шалгах,
- Томоохон телевизийн мэдээ, сонин хэвлэл зэрэг тухайн сэдвээр мэдээлсэн эсэхийг шалгах,
- Мэргэжилтэн, эмч хэлсэн гэх агуулгыг сайтар тунгааж, хуурамч эсэхийг шалгах,
- Өөрийн хандлагыг анзаарах
Дараах аргуудаар баттай мэдээллийг шүүн авснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж чадна.
Дүгнэлт
Вакцины эсрэг байр суурьтай, худал мэдээлэл тарааж мэргэжлийн гэрчилгээгээ хураалгасан эмчийн хийсэн вакцинжуулалт болон нас баралтын холбоог гаргаж чадаагүй, хамаарлыг тооцоолох арга зүйн томоохон алдаа гаргасан судалгааг баталгаатай үр дүн мэтээр түгээж байна.


