Search

“Петровис шатахуун авах эрх бэлэглэж байна” гэх залилангаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2052

Ерөнхий агуулга

“Шатахуун зарцуулалтын талаарх товч 3 асуултад хариулаад хэдий хэмжээний шатахуун авах боломжтойгоо мэдээрэй” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Петровис компанийн нэр, логог ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “асуултад хариулаад шатахууны эрх бэлгэнд аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 9 дүгээр сарын 3-нд Петровис нэртэй  хуудаснаас “шатахуун зарцуулалтын талаарх товч 3 асуултад хариулаад хэдий хэмжээний шатахуун авах боломжтойгоо мэдээрэй” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 6 реакц, 3 сэтгэгдэл авсан байна.

Хаяг шалгах

“Петровис” нэртэй хаяг нь нийт 75 дагагчтай, хуудасны ангиллаа “town/city” хэмээн сонгон оруулжээ. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад 2021 оны 10 дүгээр сарын 10-нд “Thái Hoài” гэсэн нэртэйгээр нээгдэж байжээ. Мөн тус хуудасны танилцуулга хэсэгт мэдээлэл огт оруулаагүй, холбогдох дугаар, хаяг байршил зэрэг ерөнхий мэдээлэл байхгүй байна.  

Петровис компанийн албан ёсны Facebook хуудас нь Petrovis Group нэртэй, нийт 114 мянга гаруй дагагчтай, 2012 онд нээгдсэн хуудас юм. Үүнээс харахад хуурамч хаягаас Петровис компанийн нэр, логог ашиглаж, хуурамч мэдээлэл түгээж байна.

Агуулгыг нягтлах

Постын холбоосоор нэвтэрч, “gasmong.xyz” гэх вэбсайтыг Urlvoid хэрэглүүр ашиглан шалгахад, 2026 оны 08 дугаар сарын 31-нд үүсжээ. Мөн үр дүнгийн мэдээлэл ногоон байвал тухайн сайт аюулгүй, харин шар, улбар шар байвал сэрэмжтэй байх шаардлагатайг илтгэдэг. Петровис компанийн нэрийг барьсан хуурамч сайт болон албан ёсны сайтын мэдээллийг харьцуулсан байдлаар харууллаа.

Хуурамч сайтыг URLvoid хэрэглүүрээр шалгахад:
Петровис компанийн албан ёсны сайтыг URLvoid хэрэглүүрээр шалгахад:

Үргэлжлүүлэн хуурамч вебсайтыг шинжлэхэд“Шатахууны хэрэглээний тухай 3 богино асуултад хариулаад, бэлгийн хэмжээгээ шууд мэдээрэй” хэмээн хэрэглэгчийг урхидаж, Төрийн банк, Хаан банк, Голомт банк гэсэн хүмүүсийн өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг банкнуудын вэбсайтын дизайныг ижил түвшинд дуурайлган хийсэн нэвтрэх нэр, нууц үгээ оруулах хуудас руу үсэрч байна. Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

Петровис компаниас хэрэглэгчдэд сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргасан

2026 оны 09 дүгээр сарын 03-нд Петровис компани албан ёсны Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед Петровис компанийн нэрийг ашиглан хэрэглэгчдээс хувийн мэдээлэл авч, тодорхой нөхцөл биелүүлснээр шатахуун хожих боломжтой гэх агуулгатай худал мэдээлэл цахим орчинд тархаж байна. Энэхүү асуудал нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хувийн болон санхүүгийн мэдээллийг нь авах замаар хуурч мэхлэх, улмаар хэрэглэгчдэд хохирол учруулах эрсдэл үүсгэж байгаа тул дээрх төрлийн мэдээллүүд нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Petrovis Group

Дүгнээд хэлбэл, Петровис компанийн нэр, логог ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “асуултад хариулаад шатахууны эрх бэлгэнд аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.

Хуурамч вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар та залилагчдад интернэт банкны нэвтрэх мэдээллээ зүгээр өгч байна гэсэн үг. Иймд та аливаа вэбсайтад нэвтрэх мэдээллээ оруулахдаа заавал вэбсайтын холбоосыг (домайн) тогтмол шалгаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шатахуун зарцуулалтын талаарх товч 3 асуултад хариулаад хэдий хэмжээний шатахуун авах боломжтойгоо мэдээрэй” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document