Search

Чихний шуугиан, сонсгол муудахыг тосоор эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2051

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чихний шуугиан, дүлийрэхийг эмчлэх эмчилгээний тос” гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай сайтаас баттай үйлдвэрлэгчгүй, орц найрлагын мэдээлэлгүй, үр дүнгүй тосыг чихний шуугиан намдааж, сонсгол сэргээдэг мэт сурталчилж байна. Чихний шуугианыг тосоор намдаах боломжгүй бөгөөд үүнийг сурталчилсан бүтээгдэхүүн нь баталгаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 28-нд “Healthy Care Pharmacy Mongolia” Facebook пэйжээс чихний шуугиан, дүлийрэл арилгах, эмчилгээний гэх тос сурталчилсан бичлэг түгээжээ. Тухайн бичлэгт “Шөнө царцаа шиг дуугарах нь сонсгол ноцтой муудаж байгаагийн шинж. Та үүнийг тэвчих шаардлагагүй, мэс засал хийлгэх шаардлагагүй, эм уух шаардлагагүй. Гэртээ өөрийгөө эмчилж болох маш энгийн нэг арга байна. Зүгээр л өдөр бүр дээд зэргийн чихний тос түрхэхэд л хангалттай. Ердөө 3 хоногийн дотор чих шуугих, дүнгэнэх нь бүрэн алга болно. Чих онгойж, тайвшрахгүй бол бид мөнгийг тань буцаан олгож, уучлалт гуйх болно” гэж тайлбарлажээ. Уг постыг 1.3 мянган реакц, мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш мянган удаа түгээжээ.

Хаяг шалгах

“Health Care Pharmacy Mongolia” хуудасны админы байршлыг шалгахад Вьетнам улсаас 12 хүн удирдаж байна. Тус хуудас нь 2021 оны 08 дугаар сарын 31-нд “Khương Hợp” гэх Вьетнам нэрээр нээгдсэн ба 2025 оны 10 дугаар сарын 06-нд нэрээ “Health Care Pharmacy Mongolia” болгон өөрчилжээ. Нэрээ өөрчилснөөс хойш чанар аюулгүй байдлын баталгаагүй хуурамч бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд тустай, эмчилгээний бүтээгдэхүүн мэтээр сурталчилж байна. Бид өмнөх хэд хэдэн баримт шалгалтаараа (энд бас энд) эл хуудаснаас түгээсэн эрүүл мэндэд тустай, өвчнийг эдгээнэ гэж сурталчилсан зарим бүтээгдэхүүний тухай мэдээллийг шалгаж, хуурамч сурталчилгаагаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн тухай мэдээлж байсан.

Хуудасны танилцуулга хэсгийг шалгахад тодорхой хаяг байршил, холбогдох утасны дугаар байхгүй, ямар байгууллагыг төлөөлж буй тухай танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй байна. Эдгээр шинж тэмдэг нь тус хуудас баттай бус, хуурамч пэйж болохыг илтгэж байна. Мөн зөвхөн бичлэгийн тайлбар хэсэгт оруулсан холбоосоор дамжуулж захиалга өгөхийг уриалж байгаа нь хуурамч бүтээгдэхүүний сурталчилгааны нэг хэлбэр юм. 

Шалгасан бичлэгийн тайлбар хэсэгт оруулсан линк рүү хандахад нэг хуудас бүхий зөвхөн доош гүйлгэж уншдаг, байгууллагын мэдээлэл, танилцуулга оруулаагүй, бусад цэс, дэлгэрэнгүй мэдээлэл байршуулаагүй хуурамч сайт байна. Сайтын админы байршлыг Urlvoid хэрэглүүрээр шалгахад Вьетнам улсаас удирдлагатай гэдэг нь илэрлээ. 

Зургийн тайлбар: Urlvoid хэрэглүүрийн үр дүн

Эдгээрээс үзэхэд, уг хуудас нь гаднын удирдлагатай, баталгаагүй бөгөөд хувийн мэдээлэл алдагдаж болзошгүй сайт түгээж байна.

 Зургаар хайх 

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад уг тосыг худалдаалж буй онлайн дэлгүүрүүд илэрлээ. Гэвч бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэл илэрсэнгүй. Онлайн худалдааны сайтын мэдээлэл болон бичлэгт бүтээгдэхүүний орц найрлагыг “үнэт ургамлын найрлагатай” гэж оруулж, дэлгэрэнгүй орц найрлагын мэдээлэл хүргээгүй байна. Албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагч, орц найрлагын мэдээлэлгүй бүтээгдэхүүн нь хуурамч бүтээгдэхүүний шинж юм. 

Агуулга нягтлах 

Чих шуугих (Tinnitus) нь чихэнд олон төрлийн дуу сонсогдох эмгэг бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаанаар үүсэж болдгийг Кливланд эмнэлгийн сайтад дурджээ. Мөн аль ч чихэнд үүсэж болох бөгөөд хүндэрсэн тохиолдолд унтахад бэрхшээл үүсгэх эрсдэлтэй. Сонсгол муудах, хэт чанга дуу чимээ, шүдний өвчин, чихний ариун цэврийн байдал гэх мэт зүйлээс шалтгаалан чих шуугьдаг ба зарим тохиолдолд чихний доторх ясны эмгэг ургалт, евстахийн сонсголын гуурсны үйл ажиллагааны алдагдал, меньерийн өвчин, чонон хөрвөс, үеийн ревматоид артрит зэрэг дархлааны тогтолцооны өвчнүүдийн үед чих шуугих шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад өдөр тутмын амьдралын хэв маяг, сэтгэлзүйн нөлөөлж, хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх эрсдэлтэй. Бичлэгт тархи руу орох аюултай” гэж дурдсан нь үзэгчийг айлгаж, шууд худалдан авахыг өдөөдөг хуурамч бүтээгдэхүүний сурталчилгааны нэг арга юм.  

Мөн шалгасан бичлэгт эмчид хандах шаардлагагүй гэж дурдсан боловч эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд удаан хугацаанд чих шуугих, сонсгол өөрчлөгдөх болон муудах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай хэмээн зөвлөж байна. Эмчид хандах хэрэггүй”, “эмнэлэгт очсоноос хямд арга” гэх мэт тайлбар нь хэрэглэгчдэд гэрийн аргаар хурдан эмчилж болох мэт ойлголт өгч, шууд худалдан авах сэдлийг өгдөг хуурамч бүтээгдэхүүний сурталчилгааны нэг хэлбэр юм. 

АНУ-ын Сонсголын бэрхшээл болон харилцааны эмгэгийн үндэсний хүрээлэн (NIDCD)-ээс чих шуугих эмгэгийн эмчилгээний талаар нийтэлсэн байна. Тухайн нийтлэлд чих шуугихыг намдаахад тайвшруулах дуу сонсох, стрессээ бууруулах, мэргэшсэн эмчид хандах зэрэг арга хэмжээг зөвлөсөн. Мөн баталгаат аргуудад чих шуугихыг эмчлэх эм, тосыг зөвлөөгүй бөгөөд шинж тэмдгийг дарах, намдаах үйлчилгээтэй гэж сурталчилдаг тос, нэмэлт бүтээгдэхүүнүүд нь баталгаагүй гэдгийг сануулжээ. 

Мөн сурталчилж буй бүтээгдэхүүнийг “Сонсголгүй болсон тохиолдолд үүнийг хэрэглээрэй. Цусны эргэлтийг сайжруулж, сонсгол сэргээнэ” гэж сурталчилсан. Үүний дагуу сонсголыг нөхөн сэргээх боломжтой эсэхийг шалгаж үзлээ. Кливланд эмнэлгийн сайт болон эрүүл мэндийн мэдээллийн Edoctor сайтад дамжуулах замын сонсгол буурах, мэдрэхүйн сонсгол буурах эсвэл энэхүү 2 шалтгаан зэрэг илэрснээс болж сонсгол муудах эрсдэлтэй хэмээн тайлбарлажээ. Эмгэгийн төрөл, шалтгаанаас хамааран эмчилгээний арга өөрчлөгддөг байна. Дурдсан эмчилгээнд тосоор эмчлэх, шинж тэмдгийг намдаах гэж дурдаагүй. 

Эдгээрээс харахад чих дүнгэнэх, сонсгол муудахыг тосоор эмчлэх боломжгүй бөгөөд шалгасан мэдээлэлд аюулгүй байдлын баталгаагүй, үр дүнгүй, хуурамч мэдээлэл сурталчилсан нь илэрлээ. 

Дүгнэлт 

Гаднын удирдлагатай сайтаас аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагч, орц найрлагын мэдээлэлгүй тосыг чихний шуугиан намдааж, сонсгол сэргээдэг мэт сурталчилж байна. Чихний шуугиан, сонсгол муудахыг тосоор намдаах боломжгүй бөгөөд үүнийг сурталчилсан бүтээгдэхүүн нь баталгаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Чихний шуугиан, дүлийрэхийг эмчлэх эмчилгээний тос” гэх бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document