2026 оны 8 дугаар сарын 21-нд ВЕІ : санхүүгийн тусламж гэх хуудаснаас “Өчигдөр мөнгөө авсан гэр бүлүүддээ баяр хүргэе. 2-р шатанд “сонирхож байна” гэж бичсэн 50 иргэнд 50,000,000-100,000,000 төгрөгийн эргэн төлөгдөхгүй санхүүжилт олгоно” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 29 реакц, 14 сэтгэгдэл авсан байна.
Мөн 2026 оны 8 дугаар сарын 22-нд CAF : Сехону Роман нэртэй хаягаас адил агуулга бүхий тайлбартай пост нийтэлсэн нь 13 реакц, 63 сэтгэгдэл авч, 1 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
Шалгасан мэдээлэл түгээсэн хоёр хуудасны ил тод тод байдлын мэдээллийг шалгахад 2026 оны 08 сарын 06-нд, 2026 оны 05 дугаар сарын 23-нд нээгджээ. Мөн танилцуулга хэсэг хоосон, хандив цуглуулж буй байгууллагын нэр, хаяг, утас зэрэг тодорхой мэдээлэл огт байхгүй байна.

Зургаар хайсан нь
Google Image Search буюу зургаар хайлт хийж үзэхэд 2017 оны 12-р сарын НӨАТ-ын сугалааны азтан тодруулах үеийн зургийг оруулсан байна. Шалгасан мэдээллийг түгээхдээ уг зургийг засварлаж, “батламж” гэдэг үгийг “хайртай хүмүүст”, “таван зуун сая төгрөг” гэж бичсэнийг “таны тусламж хэн нэгний ирээдүй” болгон өөрчилжээ.

Үргэлжлүүлэн “CAF : Сехону Роман” нэртэй хаягаас түгээсэн мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, Баянхонгор аймгийн нэгдсэн группт 2024 оны зургадугаар сарын 26-нд нийтлэгдсэн зураг илэрлээ. Тодруулбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 14 хоршоонд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулах 2.2 тэрбумын хөрөнгө оруулалтын зээлд хамрагдуулсан үеийн зураг байна.
Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээллийн постерын агуулгыг харах юм бол иргэдээс хандив цуглуулах нэрийдлээр мөнгө авч, хандив өгсөн хүмүүст их хэмжээний мөнгөн урамшуулал олгох мэтээр ойлголт төрүүлж байна.
Энэ төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод бус хувийн чат, мессежээр илгээж, хэрэглэгчийг мэхлэх элбэг. Энэ нь цахим залилангийн шинжтэй үйлдэл тул их хэмжээний ашиг хонжоо амласан мэдээлэлд хянуур хандах хэрэгтэй. АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос цахим залилангаас сэргийлэхийн тулд хувийн болон санхүүгийн мэдээлэл шаардаж буй цахим шуудан, цонхонд хариу өгөхгүй байх хэрэгтэй гэж сануулсан байдаг. Иймд баталгаагүй хуудаснаас илгээсэн чатад хариулахаас зайлсхийж, мөнгө шилжүүлж, хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай.
Дүгнээд хэлбэл, баталгаагүй хуудаснаас иргэдээс хандив цуглуулах нэрийдлээр хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчийг чатаар холбогдохыг уриалж байна. Ингэхдээ интернэт орчинд түгээмэл тархсан зургийг ашиглаж, хэрэглэгчийг хуурч байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Иймээс та энэ төрлийн мэдээлэлд хэрсүү хандаж, анхан шатны баримт шалгах аргуудаар нягталж хэвшээрэй.



