2026 оны 08 дугаар сарын 30-нд “Ninhio” Facebook хуудаснаас зөв хариултыг олоод их хэмжээний мөнгө хожих агуулгатай пост түгээжээ. Тухайн постыг 52 реакци, 126 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 1 удаа түгээжээ. Мөн “Thérèse”, “Prestamos” Facebook хуудаснаас ижил төрлийн мэдээлэл түгээсэн байна.
FACTCHECK:
Хаяг шалгах

Уг хуудасны ил тод тод байдлын мэдээллийг шалгахад 2026 оны 07 сарын 04-нд нээгдсэн нь илэрсэн. Мөн энэхүү хуудас нь 7 дагагчтай бөгөөд танилцуулга хэсэгтээ “personal blog” буюу хувийн блог гэсэн тайлбарыг байршуулжээ.
Мөн бусад хуудсуудад хувийн блог, бүтээгдэхүүн гэсэн тайлбарыг оруулсан байна.


Уг хуудсуудаас түгээсэн постын шинж тэмдгийг ажиглахад ихэвчлэн зураг дээрх асуултад хариулаад мөнгө хожих агуулгатай пост буюу нийтлэлийн шинж чанар нь хуудасны танилцуулгаас зөрсөн. Түүнчлэн, пэйжийн хаягийн мэдээлэл, холбогдох дугаар гэх мэт байхгүй нь баталгаагүй хуудсын шинж тэмдгийг илтгэж байна.
Үргэлжлүүлэн, “Ninhio” пэйж өмнө нь франц хэлээр “Дансанд их мөнгө байршуулсны дараа хувааж авахаар тохиролцоно” гэх агуулгатай постыг оруулж байжээ. Үүнээс үзэхэд тухайн хуудас дансаар мөнгө шилжүүлж залилан хийдэг данс гэдэг нь мэдэгдэж байна.

“Thérèse” пейж нь зөвхөн олон нийтийн групп дээр зураг дахь асуултад хариулж мөнгө хожих пост олон давтамжтай оруулж байгаа бол “Prestamos” хуудас нь мөн адил ижил агуулгатай постуудыг идэвхжүүлж байгаа нь залилангийн шинжийг харуулж байна.


“Зөв хариулж мөнгө хожно”, “даалгавар хийж ашиг ол” гэх агуулгатай залилангийн төрөл нь олон улсын хэмжээнд цахим залилангийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг гэж тооцогддог бөгөөд эдгээрээс болгоомжлохыг мэргэжлийн байгууллагуудаас байнга зөвлөдөг.
Facebook-ын залилангаас сэргийлэх зөвлөмжид энэ төрлийн хурдан мөнгөтэй болох аргыг сурталчилах нь түгээмэд залилангийн нэг төрөл гэж анхааруулсан байна.
Мөн АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос “Сугалаа, хонжвор, уралдаанд хожлоо гэсэн агуулгатай дуудлага, имэйл, чат хүлээн авсны дараа танаас шагналаа авахын тулд мөнгө төлөх эсвэл дансны мэдээллээ өгөхийг шаардаж байвал энэ нь залилан юм. Ийм төрлийн залилан үйлдэгчид “шагналаа авахын тулд татвар, хүргэлтийн зардал, бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай” гэх мэтээр урьдчилсан төлбөр нэхэж, банкны данс, нууц үг зэрэг хэрэглэгчийн хувийн мэдээлэл авахыг оролддог. Зарим тохиолдолд линкээр нэвтэрч мэдээллээ оруулахыг шаардах нь ч бий. Энэ төрлийн мэдээлэлд итгэж, зааврын дагуу үйлдэл хийх нь таныг санхүүгийн алдагдалд оруулахаас гадна хувийн мэдээллээ алдах эрсдэлд хүргэнэ” гэж анхааруулжээ. Үргэлжлүүлэн, их хэмжээний мөнгө түгээнэ гэх постод хариу өгөх, коммент бичих зэргээр харилцах нь залилан хийж буй этгээдтэй харилцах, цаашлаад хохирогч болох зам руу хөтөлдөг тул реакц дарж, коммент бичиж цааш хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
Дүгнэлт
Хаяг байршил тодорхойгүй, зөвхөн чатаар холбогдохыг уриалсан, гаднын нэртэй хаягуудаас асуултад хариулж хялбар аргаар мөнгө хожих агуулгатай залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна. Энэ төрлийн постод реакц, коммент хэлбэрээр хандах нь таныг залилангийн хохирогч болгох эрсдэлтэй тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна.



