Search

Ургамлын гаралтай цайгаар бууралтсан үсийг харлуулах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2048

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ердөө 7 хоног уугаад, 20 жилийн буурал үс хүртэл харлаж эхэлнэ. Ургамлын гаралтай буурал үсний цай” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, хэрэглэгчийг мэхэлж байна. Меланин хэмээх пигмент буурснаас үүдэн үсний өнгө бууралтдаг. Насжилт, генетикээс шалтгаалж “цагаарсан” үс буцаад төрөлх өнгөндөө орох боломжгүй.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 5 дугаар сарын 29-нд Healthy Care Pharmacy Mongolia нэртэй хуудаснаас “Ердөө 7 хоног уугаад, 20 жилийн буурал үс хүртэл харлаж эхэлнэ. Ургамлын гаралтай буурал үсний цай” гэсэн агуулгатай бичлэг нийтэлж, цай сурталчилжээ. Уг постыг 1700 реакц, 1100 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 1100-аад удаа цааш түгээжээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

“Healthy Care Pharmacy Mongolia” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шаалгахад, 2021 оны наймдугаар сарын 31-нд “Khương Hợp” нэртэйгээр үүссэн нь илэрлээ. Тус хуудсыг Вьетнамаас 12 админ удирддаг байна.

Уг хуудас нь холбоо барих утас, албан ёсны мэйл, хаяг байршил, байгууллага зэрэг ил тод мэдээлэлгүй, хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдож, хавсаргасан холбоосоор нэвтрэхийг уриалдаг байна. Мөн орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл нийтэлдэг нь ажиглагдсан. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй уг бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүрээр хайхад зөвхөн онлайн худалдааны сайтууд дээр л илэрцтэй байна. Гэвч бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, гарал үүсэл, орц найрлага зэрэг албан ёсны мэдээлэл огт илэрсэнгүй.

Иймд шалгасан мэдээлэлд хавсаргасан холбоосыг домэйн шалгах urlvoid.com хэрэглүүрээр нягталлаа. Шалгалтаар тус холбоос нь 2025 оны есдүгээр сарын 10-нд нээгдсэн, Вьетнамд байршилтай болох нь мэдэгдэв. Эдгээр нь тухайн хуудас болон бүтээгдэхүүний баталгаагүй байдлын илрэл юм.

Зургийн тайлбар: Urlvoid.com хэрэглүүр ашигласны үр дүн

Агуулгыг нягталсан нь

Үргэлжлүүлэн ургамлын гаралтай цай хэрэглэснээр бууралтаж, цайрсан үсийг эргээд харлуулах боломжтой эсэхийг тодруулахаар PubMed, Google Scholar зэрэг олон улсын судалгааны сангаас хайлт хийв. Хайлтаар уг агуулгыг баталсан ямар ч судалгааны материал илэрсэнгүй.

Энэ талаар эрүүл мэндийн Кливлэнд клиник сайтад “Меланин үйлдвэрлэл багассаар бүрэн зогссон тохиолдлыг дахин идэвхжүүлэх боломжгүй юм. Ялангуяа насжилттай холбоотойгоор үсний өнгө өөрчлөгдөх үзэгдлийг арилгах арга байхгүй. Хэрэв бууралтах шалтгаан нь стресс, шим тэжээлийн дутагдал, тамхи зэрэгтэй холбоотой бол амьдралын хэв маягаа өөрчлөх замаар тухайн үзэгдлийг удаашруулж болно. Гэвч нэгэнт бууралтсан үс буцаад төрөлх өнгөндөө орохгүй” гэдгийг тодорхой сануулжээ. Өөрөөр хэлбэл, Энгийн ургамлын гаралтай цайгаар бууралтсан үсний өнгийг сэргээж, харлуулах боломжгүй юм.

Үс бууралтахын гол шалтгаан нь меланин хэмээх пигмент буурснаас болдог. Үсний өнгийг тодорхойлдог уг пигментийг үсний уутанцарт байрлах меланоцит гэх эсүүд ялгаруулдаг байна. Насжилт, генетик гэх мэт тодорхой хүчин зүйлсийн нөлөөгөөр меланоцит үйл ажиллагаагаа алдаж, хангалттай меланин ялгаруулж чадахгүйд хүрдэг. Үүнээс үүдэн үсний өнгө сааралтаж, цагаан болдог байна. Меланины хэмжээ буурахад нөлөөлөх гол хүчин зүйлүүд нь:

  • Насжилт
  • Удамшил
  • Тамхи таталт,
  • Хэт ягаан туяаны нөлөөнөөс исэлдэлтийн стресс үүсэж үсний уутанцрыг гэмтээх
  • Тэжээлийн дутагдал (ялангуяа В12 витамин)
  • Хэт их стресс
  • Бамбай булчирхайн өвчлөл зэрэг эрүүл мэндийн суурь асуудал юм. Эдгээрээс ихэвчлэн генетик, насжилтаас үүдэн үс бууралтдаг байна.

Дүгнэлт

Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, хэрэглэгчийг мэхэлж байна. Меланин хэмээх пигмент буурснаас үүдэн үсний өнгө бууралтдаг. Насжилт, генетикээс шалтгаалж “цагаарсан” үс буцаад төрөлх өнгөндөө орох боломжгүй.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ердөө 7 хоног уугаад, 20 жилийн буурал үс хүртэл харлаж эхэлнэ. Ургамлын гаралтай буурал үсний цай” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document