2026 оны 08 дугаар сарын 22-нд Байгалийн Үе Арчилгаа нэртэй хаягаас “байгалийн ургамлын хандтай өвдөгний гель нь өвдөгийг өдөр бүр арчилж, илүү тав тухтай хөдөлгөөн хийхэд дэмжлэг үзүүлнэ” гэх тайлбартайгаар “DR.Deash soothing gel” гэх бүтээгдэхүүний сурталчилгаа болох богино хэмжээний бичлэгийг түгээжээ.Тус бичлэгийг 60 реакц, 122 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 48 удаа цааш түгээжээ.
Бичлэгт, “Өвдгөө нугалах, суух, босох эсвэл шатаар өгсөж уруудахад эвгүй мэдрэмж төрдөг үү? Ийм мэдрэмжийг удаан үл тоомсорлох хэрэггүй. Өвдөгний гел нь байгалийн ургамлын хандтай бөгөөд өвдгийг өдөр тутам арчлахад тохиромжтой. Түрхсэний дараа өвдгийг илүү тав тухтай хөдөлгөхөд хөшүүн мэдрэмжийг багасгахад дэмжлэг үзүүлнэ. Орой бүр ердөө 1 удаа түрхэж хэвшээрэй. Тогтмол хэрэглэсний дараа олон хэрэглэгч алхах, суух босох үедээ өмнөхөөсөө илүү эвтэйхэн болсон тухайгаа хуваалцдаг” гэсэн байна.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу Google Lens хэрэглүүр ашиглаж, зургаар хайв. Хайлтын үр дүнд уг бүтээгдэхүүн олон улсны худалдааны сайтуудаар өөр өөр тайлбартайгаар худалдаалагдаж буй нь илэрсэн. Тодруулбал, олон улсын Shopee худалдааны сайтад “DR. DEASH Gel нь бугуйн хаван, өвдөлтийг намдаан тайвшруулна...” гэжээ. Харин Lazada худалдааны сайтад “Dr.DEASH Gel нь мөр, гар, өвдөг, өсгий болон биеийн бусад хэсгийн үе мөчний арчилгаанд зориулагдсан” гэж тайлбарласан байна.
Мөн ургамлын гаралтай найрлагатай гэж байгаа боловч яг ямар орц найрлагатай нь тодорхойгүй байна. Үүнээс гадна тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, эзэмшигч, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл огт илэрсэнгүй.
Өвчин намдаах тосонд үе мөчний өвчин бүрэн эмчлэгдэхгүй
Өвдөгний үений өвдөлт нь гэмтэл, бэртлээс эхлээд зарим төрлийн артрит хүртэл олон шалтгаанаар тохиолддог, нийтлэг өвчин юм. Артрит нь үе мөчний үрэвсэл бөгөөд өвдөг, үе мөчний өвдөлтийг үрэвслийн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн аргаар эмчилдэг байна.
Эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Үе мөчний өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч шинж тэмдэг, зовуурийг намдаах боломжууд бий. Үүнд зориулалтын эм, тос, дасгал хөдөлгөөн, физик эмчилгээ, нэмэлт амин дэм зэрэг багтаж болно. Харин өвдөлт хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгэж, мэс заслаар шийдэх шаардлагатай” гэж мэдээлсэн байна. Нэг үгээр бол энгийн өвчин намдаах тосонд үе мөчний өвчин бүрэн эмчлэгдэхгүй. Иймд богино хугацааны үр дүн амласан баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, эмчид хандан, тохирох эмчилгээний талаарх мэргэжлийн зөвлөгөөг аваарай. Судалгаа шинжилгээгээр батлагдаагүй, бүртгэгдээгүй эм бэлдмэл, хуурамч сурталчилгаатай тосон түрхлэгийг дур мэдэж хэрэглэх нь харшлах, арьсыг гэмтээх зэрэг эрсдэлтэй.
Шалгасан бичлэгт дурдсан бүтээгдэхүүний сурталчилгааг хиймэл оюун ухаанаар бүтээжээ.
Бид бичлэгийн эхний хэсгийг зураг хэлбэрээр хадгалж аваад хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг шалгадаг хэрэглүүрээр шалгахад 99.9 хувьтай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Дүгнээд хэлбэл, “DR.DEASH өвдөгний гель” гэх орц найрлага тодорхойгүй, үйлдвэрлэгч компани, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл байхгүй бүтээгдэхүүнийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг ашиглан төөрөгдүүлсэн агуулгаар сурталчилж байна.



