2026 оны 8 дүгээр сарын 27-нд Page Newspaper нэртэй хуудаснаас “Непал болон Төвдийн хил орчимд болсон гэнэтийн үерийн улмаас 160 хүн амиа алдаж, олон зуун хүн ор сураггүй болоод байна. Нэг тосгон нэгхэн хормын дотор сүйдэж, үгүй боллоо. Хил залгаа Төвдийн Гиронг хошуунд ч мөн их хэмжээний хохирол учирч, олон хүн сураггүй болсон талаар мэдээлжээ. Хэдхэн минутад айл өрх, зам гүүр, суурин газрууд үерт автаж, олон хүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн нь энэ гамшгийн цар хүрээг илтгэж байна…” гэсэн агуулгатай пост нийтэлж, үерт өртсөн нэгэн тосгоны зургийг хавсаргажээ. Уг постыг 249 реакц, 16 сэтгэгдлээр идэвхжүүлж, 42 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Балба, Төвөдийн газар нутагт болсон байгалийн гамшгийн тухай мэдээлэл хүргэхдээ хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг ашиглаж, төөрөгдүүлэн агуулгатай мэдээлэл түгээж байна
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг “AI content” буюу “хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент” хэмээн тэмдэглэсэн байна. Энэ нь тухайн зургийг зохиомлоор бүтээсний илрэл юм.

Энэ талаар AAP төвөөс баримт шалгалт хийж, хиймэл оюунаар бүтээсэн болон өөр үйл явдлын үеийн дүрс бичлэгүүдийг Балбын үерийн дараах нөхцөл байдал мэтээр харуулж буй олон жишээ байгааг дурдсан байна. Тодруулбал, Шалгасан мэдээлд буй зургийг OpenAI-ийн хиймэл оюун ухааны хэрэгслээр үүсгэсэн болохыг тогтоож, SyntID хэмээх нүдэнд үл үзэгдэх усан тэмдэг байгааг илрүүлсэн байна.

Балба, Төвөдийн хилийн бүсийн гамшгаар амиа алдагсдын тоо 900 давж, сураггүй болсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
2026 оны 8 дугаар сарын 26-нд Балба улсын Расува, Нувакот, Дхадинг дүүрэг болон Балба, Төвөдийн хилийн дагуу их хэмжээний үер бууж, олон арван хүн амиа алдан, сураггүй болжээ. Уг бүсэд аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд сураггүй бологсдын тоо анх мэдээлсэн үеэс өссөөр байгаа аж. Энэ талаар BBC мэдээллийн сайтад “Балбын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний газрын мэдэгдсэнээр сураггүй байгаа хүний тоо одоогоор 4,247 болж, баталгаажсан нас баралтын тоо 903 байна” гэж мэдээлсэн байна.
Сураггүй байгаа хүмүүсийн бүрэлдэхүүнийг задалбал:
- 3,655 нь Балбын иргэн
- 592 нь гадаадын иргэн
Сураггүй болсон хүмүүсийн дотор:
- 933 нь усан цахилгаан станцын ажилтан
- 102 нь Балбын цэрэг, цагдаа болон гаалийн ажилтан байна.
Харин Төвөдөд нас барсан хүний тоо одоогоор 16 байгаа бөгөөд 546 хүн сураггүй байгаа талаар БНХАУ-ын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Гамшиг, осол зэрэг олон нийтийн анхаарлыг ихээр татаж, сэтгэл сэрдхийлгэм үйл явдлыг ашиглан хуурамч мэдээлэл түгээж, хандалт цуглуулах явдал цахим орчинд бий. Ингэхдээ хиймэл оюун ухаанаар бодит мэт харагдах дүрс бичлэгийг бүтээдэг. Балбын үерийн дараа ч цахим орчинд хиймэл оюунаар хуурамч зураг, бичлэг бүтээж, төөрөгдүүлж байна.
Иймээс аливаа мэдээллийг албан ёсны байгууллага болон найдвартай эх сурвалжаар баталгаажсан эсэхийг нягтлах нь чухал. Ялангуяа хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хандалт хөөсөн хуурамч контентоос илүү баталгаатай, эх сурвалжтай сувгаас хүлээн аваарай.
Дүгнэлт
Балба, Төвөдийн хилийн бүсэд болсон байгалийн гамшгийн дараах нөхцөл байдлыг мэдээлэхдээ хиймэл оюунаар бүтээсэн хуурамч зураг ашиглаж, төөрөгдүүлэн агуулгатай мэдээлэл түгээж байна.



