2026 оны 08 дугаар сарын 29-нд Ganbayar Batsuuri хаягаас “непалд болсон зүйл бол HAARP-ын туршилт. туршилт хийнэ гэдгээ аль эрт зарласан. яг зарласан цагтаа болсон. анзааргатай бай” гэх мэдээлэл түгээснийг нийт 455 реакц, 164 сэтгэгдлээр идэвхжүүлж, 167 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
High Frequency Active Autotal Research Program (HAARP) буюу Өндөр давтамжит идэвхтэй туйлын туяаны судалгааны төслийг газар хөдлөлт, үер, байгалийн гамшигт үзэгдлийг бий болгодог, нөлөөлдөг гэх агуулгатай мэдээлэл нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Бид өмнөх ““АНУ газар хөдлөлтөд нөлөөлдөг” гэх агуулга нь хуйвалдааны онол” баримт шалгалтаараа Венесуэлд болсон газар хөдлөлтийг HAARP бий болгосон гэх мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлж байсан.
High Frequency Active Autotal Research Program (HAARP) буюу Өндөр давтамжит идэвхтэй туйлын туяаны судалгааны төсөл нь 1993 онд АНУ-ын Аляска мужид байгуулагдсан. Анх АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон Тэнгисийн цэргийн флот удирддаг байсан бол хожим 2015 онд Фэрсбанк дахь Аляска Их сургуулийн удирдлагад шилжсэн байна. Тус төсөл нь ионосфер буюу агаар мандлын 60-100 км-ийн өндөрт орших давхаргыг судалж, харилцаа холбоо байршлын системд хэрхэн нөлөөлдгийг шинжилдэг. Мөн туйлын туяа, нарны дэлбэрэлт зэрэг байгалийн үзэгдлийг судалдаг аж. Төв Европын дижитал медиа ажиглалтын төвөөс (EDMO) “HAARP төсөл нь ямар нэг нууц зэвсэг биш бөгөөд, ашигладаг технологи, тоног төхөөрөмжүүд нь дэлхийн литосфер буюу чулуун мандалд нөлөөлөх бодит хүчин чадал, физик боломжгүй” хэмээн мэдээлжээ.
HAARP төслийн албан ёсны вэбсайт дахь асуулт хариултын хэсэгт тус судалгааны байгууллагын ашигладаг радио долгио нь зөвхөн агаар мандлын дээд давхарга болох ионосфертэй харилцан үйлчлэлд ордог бөгөөд цаг агаарын үзэгдэл явагддаг тропосфер, стратосфер зэрэг доод давхаргуудад огт нөлөөлдөггүй хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, HAARP нь газар хөдлөлт, хар салхи, үер зэрэг байгалийн үзэгдлийг үүсгэх эсвэл хүчийг нь нэмэгдүүлэх чадамжгүй юм.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Full Fact баримт шалгах төвөөс Непал улсад болсон үер HAARP-ийн үйл ажиллагаа, туршилт гэх мэдээллийг баримтаар шалгаж, худал болохыг мэдээлсэн. Тус баримт шалгалтад Их Британийн Геологийн албаны хараат бус шинжээч Киарран Бегган “мөс радио долгионыг нэвтрүүлдэг. Тиймээс радио долгион нь мөс, мөст голд огт нөлөөлдөггүй. HAARP төхөөрөмж нь 100 км-ийн өндөрт орших агаар мандлын сийрэг дээд давхарга руу ердөө маш бага хэмжээний (оролцоотойгоор 3.6 МВт…) энерги цацруулдаг. Энэ нь зөөлөн салхинд эргэлдэж буй томоохон салхин сэнсний үйлдвэрлэдэг чадлаас (5 МВт) ч бага юм” хэмээн тайлбарлажээ.

Мөн АНУ-ын Геологийн алба (USGS)-аас үер болох үед Непал улсын бүс нутагт 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн гэж мэдээлсэн. Гэвч газар хөдлөлтийг хэмжих станцын нэмэлт, шинжилгээ, зураглалд үндэслэн газар хөдлөлт бус мөсөн гол, хөрсний нуралт байсныг тогтоожээ.
Английн Редингийн Их сургуулийн цаг уур судлалын профессор Лиз Стенфенс “Ихэнх хүмүүс ширүүн борооноос болж гэнэтийн үер буудаг гэж боддог. Балба, Төвөд болон бусад өндөр уулын бүс нутагт хөрсний нуралт, цасан, чулуун нуралт зэрэг олон аюулт үзэгдлээс үүдэн гэнэтийн үер буух эрсдэлтэй” хэмээн тайлбарлажээ.
08 дугаар сарын 26-нд болсон үер нь Непад Улсын бүс нутагт гэнэтийн үер буусан анхны тохиолдол биш юм. Балба-Хятадын хил орчмын Лхэндэ голд байрлах мөсөн голын нуур задарсны улмаас 2025 он 07 дугаар сарын 08-нд Бхотекоши голын ус огцом нэмэгдэж, үер буусан хэмээн Непалын Ус цаг уур, гидрологийн газраас мэдээлж байжээ.
HAARP төслийн хүрээнд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээний ажил эхлэхийн өмнө радио сонирхогчдод зориулан долгион дамжуулах хугацаа, радио долгионы хэмжээсийг мэдээлдэг байна. Мөн судалгааны ажил, радио дамжуулалтын тухай мэдээллээ олон нийтэд нээлттэй мэдээлдэг. HAARP-аас 2026 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Туйлын аэрономи болон радио шинжлэх ухааны (PARS) зуны сургалтаас ирүүлсэн судалгааны саналуудыг дэмжих зорилгоор радио долгионоор мэдээлжээ. Polar Aeronomy and Radio Science summer school буюу Туйлын аэрономи болон радио шинжлэх ухааны зуны сургалт нь Үндэсний шинжлэх ухааны сангийн Субаврорагийн геофизикийн обсерваторийн тэтгэлгээр санхүүждэг бөгөөд жил бүр оюутан залуусыг цуглуулж, судалгаа шинжилгээ хийдэг. Энэ жил агаар мандлын дээд давхаргын (ионосферийн) нөхцөл нь GPS дагуулын дохионд хэрхэн нөлөөлдгийг судлах, маш бага давтамжтай долгионы үүсэл болон тархалтыг судлах зэрэг өргөн хүрээг хамарсан 21 бие даасан туршилт хийх тухай Радио сонирхогчдын өдөр тутмын мэдээний сайтад нийтэлжээ.
Өөрөөр хэлбэл, 08 дугаар сарын 25-27ны өдөр HAARP-аас оюутан, залууст зориулсан зуны сургалтын судалгаа, шинжилгээг дэмжих зорилгоор хийсэн радио долгионы кампанит ажлыг буруугаар тайлбарлаж, Непалд болсон үерийг туршилтаар бий болгосон хэмээн төөрөгдүүлжээ.
Дүгнэлт
Өндөр уулын мөс, хөрсний нурангиас үүдэлтэй гэнэтийн үерийг HAARP-аас туршилт хийж үүсгэсэн гэж буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлжээ. HAARP төсөл нь агаар мандлын давхаргыг судалж, харилцаа холбоо байршлын системд хэрхэн нөлөөлдгийг шинжилдэг. Харин газар хөдлөлт, хар салхи, үер зэрэг байгалийн үзэгдлийг үүсгэх эсвэл хүчийг нь нэмэгдүүлэх чадамжгүй юм.



