2026 оны 07 дугаар сарын 28-нд “UBmall онлайн дэлгүүр” Facbook хаягаас “Үрчлээний тос” гэх гарчигтай бичлэг нийтэлжээ. Тухайн бичлэгийн тайлбарт “Унжсан арьсанд гүн чийгшил өгнө, үрчлээний нарийн зураасыг арилгана, арьсыг чангалж өнгийг сэргээнэ” гэж тайлбарласан бөгөөд бичлэгт тос түрхсэн дариуд үрчлээ арилж байгааг харуулсан байна. Уг бичлэгийг 1.1 мянган реакц, 682 сэтгэгдлээр идэвхжүүлж, 344 удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK:
Зургаар хайх
Бичлэгт сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр хайхад Qingling нэртэй сайт дээрх зураг илэрсэн. Гэвч уг сайтад холбогдох дугаар, мэйл, танилцуулга зэрэг албан ёсны мэдээлэл алга.
Сайтад нийтэлсэн бүтээгдэхүүний танилцуулгыг Hivemoderation хиймэл оюун шалгах хэрэгслээр нягтлахад бүтээгдэхүүнийг тайлбарласан, хэрэглэгчийн сэтгэгдэл гэх мэт бүх зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь батлагдсан.


Үргэлжлүүлэн, бүтээгдэхүүний эмчийн баталгаа болгож оруулсан зургийг Google lens хэрэглүүрээр хайхад интернэт дээр өргөн тархсан, үнэгүй ашиглах боломжтой зураг ашигласан гэдэг нь илэрлээ. Энэ нь сайтад дурдсан эмчийн баталгаа нь хуурамч гэсэн үг юм.
Шалгасан постын бичлэгийг мөн адил хиймэл оюун шалгах хэрэглүүр ашиглан харахад хиймэл оюунаар бүтээсэн гэдэг нь илэрсэн. Бичлэг дэх бүтээгдэхүүний үйлчилгээг харуулсан хэсгүүдэд хиймэл оюун ухаан ашигласан байна.

Эдгээрээс үзэхэд сурталчилгааны зураг, бичлэгүүдийг хиймэл оюунаар хийсэн буюу бүтээгдэхүүний бодит үр дүн болон баталгаа байхгүй.
Агуулга нягтлах
Бичлэгийн тайлбарт зөвхөн тосны үйлчилгээг товч оруулсан ба уг гарал, үйлдвэрлэсэн улсыг дурдаагүй. Албан ёсны худалдааны сайтад мөн адил үйлдвэрлэсэн улс, орц найрлагын дэлгэрэнгүй мэдээллийг оруулаагүй байна.
Шалгасан мэдээлэлд “Унжсан арьсанд гүн чийгшил өгнө, үрчлээний нарийн зураасыг арилгана, арьсыг чангалж өнгийг сэргээнэ” гэж тайлбарласан ба сайтад судалгаанд үндэслэсэн гэдгийг дурдаж байсан. Үүний дагуу Pubmed, Researchgate, Googlescholar судалгааны сайтаас “Qinglin” “cream” түлхүүр үг ашиглан хайхад бүтээгдэхүүний судалгаа илэрсэнгүй.
Бичлэгт “тос түрхсэн даруй үрчлээ арилж, маш хурдан үрчлээгүй болно” гэх агуулгыг дүрслэлээр хүргэж байсан. Mayo эмнэлгийн сайтад мэдээлснээр “үрчлээний тос арьсыг чийгшүүлж, бомбойлгож, зураас болон үрчлээг түр хугацаанд багасгадаг. Өөрөөр хэлбэл үрчлээний тос нь нэмэлт бүтээгдэхүүн агуулсан чийгшүүлэх тос гэсэн үг юм. Тэрхүү бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээний чанар нь бүтээгдэхүүний найрлага, арьсны төрөл болон хэрэглэсэн хугацаанаас шалтгаалдаг” гэсэн байна. Үргэлжлүүлэн, ихэнх үрчлээний бүтээгдэхүүнийг өдөр бүр 1-2 удаа, зургаан долоо хоног хэрэглэсний дараа үр дүн илэрдэг гэдгийг дурджээ. Энэ нь баталгаагүй бүтээгдэхүүнийг богино хугацаанд хэрэглэх нь бичлэгт дүрсэлсэн шиг үрчлээ арилгахгүй гэсэн үг юм.
Мөн Америкийн арьс судлалын академийн нийгэмлэгээс “нэг шөнийн дотор залуужих, хөгшрөлөөс хурдан хугацаанд ангижрах зэрэг сурталчилгаанууд нь боломжгүй үр дүнг амласан, хэт дэгсдүүлсэн сурталчилгаа юм” гэдгийг сануулж байна.
Эдгээрээс үзэхэд шалгасан бичлэгт бүтээгдэхүүний үйлчилгээг арьсны үрчлээ шууд арилж буйгаар хэтрүүлэн дүрсэлсэн байна.
Дүгнэлт
Дүгнэн хэлэхэд, үрчлээний тосны үр нөлөө болон танилцуулгыг хиймэл оюун ухаанаар бүтээж, бичлэгийн агуулгаар дамжуулан бүтээгдэхүүний үр дүнг дэгстүүлэн сурталчилж байна.



