2026 оны 8 дугаар сарын 8-нд Хүмүүнлэгийн үйлчилгээ нэртэй хуудаснаас “Өчигдөр мөнгөө авсан айлуудад баяр хүргэе. Хоёр дахь шатанд “хүү” гэж заасан 50 иргэнд 30-100 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй санхүүжилт олгох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоно уу (ЧАТ)” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг постыг 66 реакц, 201 сэтгэгдлээр идэвхжүүлж, 9 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

Уг хуудас нь 2026 оны наймдугаар сарын 3-нд шинээр үүссэн, одоогоор ердөө 86 дагагчтай байна. Мөн хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад Бенин улсаас таван админ удирддаг болох нь илэрлээ.
Тухайн хуудасны танилцуулга хэсэг нь хоосон, холбоо барих дугаар, хаяг зэрэг албан ёсны мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдохыг уриалж байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж юм.
Зургаар хайсан нь
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, Баянхонгор аймгийн нэгдсэн группт 2024 оны зургаадугаар сарын 26-нд нийтлэгдсэн зураг илэрлээ. Тодруулбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 14 хоршоонд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулах 2.2 тэрбумын хөрөнгө оруулалтын зээлд хамрагдуулсан үеийн зураг байна.
Харин шалгасан мэдээлэлд уг зургийг засварлаж, хуурамчаар ашиглажээ. Тухайлбал, эх зургийн үг, үсгийг өөрчлөхөөс гадна ширээн дээрх зарим эд зүйлсийг арилгасан зэргээр засварласан байна. Ийнхүү зургийг зориудаар засварлаж, их хэмжээний мөнгө амласан үйлдэл нь залилангийн сэдэлтэй юм.

Агуулгыг нягталсан нь

Бид дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор тус хуудас руу чат бичихэд, иргэдийг хувийн мэдээллээ өгөхийг ятгаж байв. Тухайлбал, нэр, холбоо барих утас, иргэний үнэмлэхийн зураг зэрэг нарийн, эмзэг мэдээллийг шаардаж байна.
Энэ төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод бус хувийн чат, мессежээр илгээж, хэрэглэгчийг мэхлэх элбэг. Ингэхдээ ихэвчлэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэхийг шаардсан агуулгатай байдаг. Энэ нь цахим залилангийн шинжтэй үйлдэл тул их хэмжээний ашиг хонжоо амласан мэдээлэлд хянуур хандах хэрэгтэй. АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос цахим залилангаас сэргийлэхийн тулд хувийн болон санхүүгийн мэдээлэл шаардаж буй цахим шуудан, цонхонд хариу өгөхгүй байх хэрэгтэй гэж сануулсан байдаг. Иймд баталгаагүй хуудаснаас илгээсэн чатад хариулахаас зайлсхийж, мөнгө шилжүүлж, хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай.
Дүгнэлт
Гаднын улсаас удирдлагатай, хуурамч хуудаснаас их хэмжээний санхүүжилт олгосон мэт харагдах зургийг засварлаж, хэрэглэгчдийг хуурч, чатаар холбогдохыг уриалах замаар хувийн мэдээллийг нь авах оролдлого хийж байна. Иймд баталгаагүй хуудас, сурталчилгаанд итгэж, хувийн мэдээллээ өгч залилангийн хохирогч болохоос сэрэмжлээрэй.


