Search

“JEZ Mongolia” гэх хуудаснаас хуурамч үе мөчний бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2042

Ерөнхий агуулга

“АНУ-ын дэвшилтэт найрлагатайгаар зах зээлд гарсан JEZ – Natural Joint Pain Relief нь өвдөлт намдаах, үе мөчийг хамгаалах өндөр үр дүнтэй” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдлагатай, найдваргүй хуудаснаас “JEZ Natural Joint Pain Relief” нэртэй, баталгаагүй сурталчилж байна. Тодруулбал, тухайн хуудас нь ижил төрлийн нэмэлт бэлдмэлийн нэрийг өөрчилж, олон улсын стандарт хангасан мэтээр мэдээлжээ. Ингэхдээ хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдохыг уриалж байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 9 дүгээр сарын 12-нд JEZ Mongolia нэртэй хуудаснаас “АНУ-ын дэвшилтэт найрлагатайгаар зах зээлд гарсан JEZ – Natural Joint Pain Relief нь өвдөлт намдаах, үе мөчийг хамгаалах өндөр үр дүнтэйгээс гадна “5 ОДТОЙ” АЮУЛГҮЙ СТАНДАРТ-аараа хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн юм… 9–15 хоногийн дотор өвдөлт, үрэвслийг намдаана. Мөгөөрсийг дотроос нь нөхөн сэргээж, үеийг тэжээнэ. Үеийг тосолж, хөдөлгөөнийг уян хатан болгоно. Үе мөчний элэгдлийг удаашруулж, бат бөх хамгаална” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг постыг 14 реакц, 72 сэтгэгдлээр идэвхжүүлж, 4 удаа цааш түгээжээ.

Бид өмнө нь манай улсыг чиглэсэн энэ төрлийн залилангийн тохиолдлыг баримтаар шалгаж мэдээлж байсан. Эндээс уншина уу.

Хаягийг шалгасан нь

“JEZ Mongolia” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2025 оны 07 дугаар сарын 18-нд үүссэн, Вьетнам улсаас 3 админ удирддаг нь илэрлээ.

Тухайн хуудас нь холбоо барих утас, албан ёсны мэйл, хаяг байршил, байгууллага зэрэг ил тод мэдээлэлгүй, хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдож, хавсаргасан холбоосоор нэвтрэхийг уриалж байна. Мөн орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл нийтэлдэг нь ажиглагдсан. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.

Зургаар хайсан нь

Шалгасан бүтээгдэхүүний зургийг Google Lens, Bing, Yandex зэрэг хэрэглүүрээр хайхад, онлайн худалдааны сайтууд дээр илэрцтэй байна. Гэвч тухайн илэрцэд буй бүтээгдэхүүний зураг нь“JEZ Natural Joint Pain Relief” бус, “JEX Natural Joint Pain Relief” нэртэй байна. Өөрөөр тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байгууллага, мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн эсэх зэрэг албан ёсны мэдээлэл илэрсэнгүй. Үүнээс гаднын улсаас удирдлагатай баталгаагүй хаягаас бүтээгдэхүүний нэрийг өөрчилж, борлуулах гэж оролдож байгаа нь харагдаж байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм.

Агуулгыг нягталсан нь

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүний нэрээр АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны албан ёсны сайтаас хайлт хийв. Тодруулбал, сурталчилгаанд дурдагдсан бүтээгдэхүүний нэр болох “JEZ Natural Joint Pain Relief”, мөн ижил савлагаатайгаар илэрсэн “JEX Natural Joint Pain Relief” гэсэн хоёр нэрээр хайлт хийсэн. Гэвч аль ч нэрээр тухайн бүтээгдэхүүнийг FDA-аар зөвшөөрсөн, баталгаажуулсан гэх баримт илэрсэнгүй.

Мөн шалгасан мэдээлэлд хавсаргасан холбоосыг домэйнийг urlvoid.com хэрэглүүрээр нягталж үзэхэд тухайн домэйнтэй холбоотой эзэмшигч, байгууллага, бүртгэл зэрэг нээлттэй мэдээлэл огт илэрсэнгүй.

Зургийн тайлбар: Urlvoid.com хэрэглүүрээр шалгасан үр дүн
  • Монгол Улс үе мөчний өвчлөлийн өндөр эрсдэлтэй орнуудын нэгт тооцогддог тул энэ агуулгыг ашиглан гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудаар дамжуулан хэрэглэгчдийг төөрөгдүүлж, залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна.

PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Гарын үе мөчний элэгдэл өвчний дэлхийн тархалт: 1990–2021 он” судалгаанд дурдсан байна. Дэлгэрүүлбэл, гарын үе мөчний элэгдэлтэй хүмүүсийн тоог нас, хүс, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшин, бүс нутаг зэрэг олон талын үзүүлэлтийг харгалзсан тооцооллоор манай улсын 100,000 хүн тутамд ойролцоогоор 4,431 тохиолдол ногдож байжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улс үе мөчний өвчний өндөр эрсдэлтэй орнуудын тоонд орсон байна. Мөн нас ахих тусам үе мөчний эрсдэл нэмэгдэж буйг тэмдэглэжээ.

Уг нөхцөл байдлыг ашиглан гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягаар дамжуулан үе мөчний өвчний өвчнийг эдгээх бүтээгдэхүүн сурталчилж, борлуулах нэрийдлээр өндөр настай хүмүүсийг залилах оролдлого нэмэгдэж байна. Иймд онлайнаар баталгаагүй бүтээгдэхүүн захиалж, санхүү, эрүүл мэндээ эрсдэлд оруулахын оронд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээг авахыг зөвлөж байна.

Дүгнээд хэлэхэд, Гаднын улсаас удирдлагатай, найдваргүй хуудаснаас “JEZ Natural Joint Pain Relief” нэртэй, баталгаагүй сурталчилж байна. Тодруулбал, тухайн хуудас нь ижил төрлийн нэмэлт бэлдмэлийн нэрийг өөрчилж, олон улсын стандарт хангасан мэтээр мэдээлжээ. Ингэхдээ хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдохыг уриалж байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Иймд гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг энэ төрлийн найдваргүй хаяг, холбоосоор дамжуулан худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“АНУ-ын дэвшилтэт найрлагатайгаар зах зээлд гарсан JEZ – Natural Joint Pain Relief нь өвдөлт намдаах, үе мөчийг хамгаалах өндөр үр дүнтэй” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document