Search

БОУАӨЯ-ны сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлын хандивлагчдын талаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүслээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2041

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална аа” гэх эхлэлтэй тайлбар бичиж, COP17 хурлын мэдээллийн самбарын зургийг хавсаргасан пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үндэсний компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд COP17 талуудын бага хурлын зохион байгуулалтад хандив өргөсөн байна. Энэ нь агуулгыг дэглэж, юу ярих, юуг ярихгүй зэргээр нөлөөлнө гэсэн үг биш юм. Учир нь COP17 талуудын бага хурлын агуулга, албан ёсны үйл явцыг институцийн зохион байгуулагч болох UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас гаргаж, Монгол Улс газар дээрх дэд бүтэц, логистик болон хүлээн авагч талын зохион байгуулалтыг хариуцан ажилласан.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 27-нд Баасанжавын Отгон хаягаас “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална аа” гэх эхлэлтэй тайлбар бичиж, COP17 хурлын мэдээллийн самбарын зургийг хавсаргасан пост оруулсан нь 697 реакц, 177 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 491 удаа цааш түгээжээ.

Энэ удаад COP17 талуудын бага хурлын санхүүжилт болон хариуцсан яамны сайдын тодруулгыг онцоллоо.

Юуны өмнө COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг авах олон улсын бодлого, шийдвэрийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний уулзалт гэдгийг онцолъё. Энэ удаагийн чуулган 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотод болж, газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудалд төвлөрлөө.

  • COP17 талуудын бага хурлын агуулга, албан ёсны үйл явцыг институцийн зохион байгуулагч болох UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас гаргаж, Монгол Улс газар дээрх дэд бүтэц, логистик болон хүлээн авагч талын зохион байгуулалтыг хариуцан ажилласан.

Төсөв, санхүүжилтийн нээлттэй мэдээлэл

БОУАӨ-ийн яамны сайтад “КОП-17 талуудын бага хурал зохион байгуулахаар байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайдын 2026 оны хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээний худалдан авалт, оролцогчийн бүртгэл, виз олголтын тайлан бүртгэлийн төрөл -2026.08.27-ны байдлаар” гэх гарчигтай COP17 бага хурлын санхүүжилт, хандивлагч, хэвлэлтэй хийсэн гэрээ зэргийн тайланг байршуулсан байна. Уг тайланд хандив цэсээс “Монгол Улс” нэрээр хайхад 7 байгууллагын нэр, өгсөн хандивын хэмжээтэй нь оруулсан байна. Үүнд,

  1. Энержиресурс ХХК 500 сая,
  2. Эрдэнэ Монгол ХХК 500 сая,
  3. Хас банк 200 сая,
  4. Рио Тинто Монголиа 1 тэрбум,
  5. Оюу Толгой ХХК 1 тэрбум,
  6. Бадрах Энержи ХХК 500 сая,
  7. Макс Импекс ХХК 100 сая гэсэн байна.
Эх сурвалж: БОУАӨЯ, Монгол Улсаас хандив өгсөн байгууллагуудын жагсаалтыг түүсэн нь… Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

Энэхүү тайланд орлогуудыг шивэхдээ давхардуулан оруулсан байсан тул тусад нь хүснэгтэд хийж, датаг цэвэрлэхэд олон улсын болон гадаад, дотоодын нийт 56 байгууллагаас 10 тэрбум 579 сая төгрөгийн орлого хүлээн авсан байна. Үүнээс хандив утгаар Монголын 7 байгууллагаас гадна,

  • БНХА​​У-ын Худалдааны яамаас 3,586,290,000 (гурван тэрбум, таван зуун наян зургаан сая, хоёр зуун ерэн мянга) төгрөгийн хандив хүлээн авсан байна. Энэ нь нийтэд ил болгосон тайлан дахь хамгийн өндөр дүнтэй орлого байна.
  • Харин павильон түрээсийн төлбөрт хамгийн их мөнгө төлсөн нь 481,842,378 (дөрвөн зуун наян нэгэн сая, найман зуун дөчин хоёр мянга) төгрөг Саудын Арабын Хаант улсын Ус, Хөдөө аж ахуйн яам байна.

Орлогын мэдээллээс хамгийн их санхүүжилт өгсөн эхний 10-ыг жагсааж үзвэл,

  1. 3,586,290,000 төгрөг Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсын Худалдааны яам – БНХАУХандив
  2. 1,000,000,000 төгрөг Рио Тинто Монголиа ХХК – Монгол Улс – Хандив
  3. 1,000,000,000 төгрөг Оюу Толгой ХХК – Монгол Улс – Хандив
  4. 500,000,000 төгрөг Энержиресурс ХХК – Монгол Улс – Хандив
  5. 500,000,000 төгрөг Эрдэнэ Монгол ХХК – Монгол Улс – Хандив
  6. 500,000,000 төгрөг Бадрах Энержи ХХК – Монгол улс – Хандив
  7. 481,842,378 төгрөг Ус, Хөдөө аж ахуйн яам – Саудын Арабын Хаант улс – Павильон түрээсийн төлбөр
  8. 235,663,897 төгрөг Чонгван санаачилга ТББ – UNCCD (Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц) – Павильон түрээсийн төлбөр
  9. 235,630,460 төгрөг Байгаль орчин, Хот, Уур амьсгалын өөрчлөлтийн яам – Турк улсПавильон түрээсийн төлбөр
  10. 206,038,868 төгрөг Бразилын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам – Бразил улсПавильон түрээсийн төлбөр

(Хүснэгтийг эндээс COP17 report)

БОУАӨЯ-ны дээрх тайланд COP17 талуудын бага хурлыг зохион байгуулахад барилга угсралт, дэд бүтцэд зориулсан нийт төсөв 217.1 тэрбум төгрөг, үүнээс энэ онд 165.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ гэжээ.

Эх сурвалж: БОУАӨЯ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ хандивлагчдын талаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсэв

08 дугаар сарын 27-нд Uyanga Gantumur хаягаар “Байгаль орчны сайд Цэндийн Сандаг-Очир Ногоон бүсэд орж ирж Баялгийн Эзэд Ард Түмний Хөдөлгөөний болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж биднийг сонсон асуусан асуултад богино хугацаанд ч болов хариуллаа…” тайлбартай шууд бичлэг хийсэн.

Уг бичлэгийн 11:45 цагаас эхэлж, Ц.Сандаг-Очир сайд Оюу Толгой, Рио Тинто энэ бага хурлын үндсэн санхүүжүүлэгч гэж яриад байна. Тийм биш ээ. Зохион байгуулалтын хүрээнд МҮХАҮТ дээр 100 агруй үндэсний хөрөнгө оруулагч, банкуудтай уулзалт хийсэн. Урсгал зардал, төсөв дутагдалтай зүйл зөндөө байсан. Үндэсний компаниуддаа дэмжлэг туслалцаа үзүүлээрэй гэдэг санал тавьсан. Энэ хүрээнд би буруу санаагүй бол 18 үндэсний компани дэмжлэг туслалцаа үзүүлж яваа. Тийм учраас энэ бага хурлыг зохион байгуулагч нь Рио Тинто, Оюу Толгой гэдэг зөрүүтэй ойлголтоо нэг талдаа гаргах ёстой. Зүгээр л хандивлагчийн нэг л талууд гэсэн үг” гэж ярьжээ. Үүний хариуд, “За сайд аа, мөнгө төгрөг яах вэ, хамгийн гол нь…” гэхэд сайд “Эхний ээлжинд та нар ийм их мөнгөөр хурал хийх гэж байна, ямар ч үргүй зардал гаргах гэж байна гэж ярьж байснаа хөрөнгө босгоод ирэхээр мөнгө төгрөг хамаагүй ээ гэж ярьж болохгүй ээ…” гэх мэтээр хариулжээ. Бүтэн бичлэгийг эндээс

Г.Уянгын хийсэн лайв, Эх сурвалж: Uyanga Gantumur

Дүгнэхэд, үндэсний компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд COP17 талуудын бага хурлын зохион байгуулалтад хандив өргөсөн байна. Энэ нь агуулгыг дэглэж, юу ярих, юуг ярихгүй зэргээр нөлөөлнө гэсэн үг биш юм. Учир нь COP17 талуудын бага хурлын агуулга, албан ёсны үйл явцыг институцийн зохион байгуулагч болох UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас гаргаж, Монгол Улс газар дээрх дэд бүтэц, логистик болон хүлээн авагч талын зохион байгуулалтыг хариуцан ажилласан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална аа” гэх эхлэлтэй тайлбар бичиж, COP17 хурлын мэдээллийн самбарын зургийг хавсаргасан пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document